МБАНХ-ны 2019 оны Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо
МБАНХ-ны 2019 оны Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан яг одоо болж байна. МБАНХ-ны байранд зохиогдож буй тус хуралдаанаар 2018 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн зарцуулалтыг танилцуулж хэлэлцүүлэх, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж батлууллаа.
Хуралдаанд МБАНХ-ын Удирдах зөвлөлийн дарга /Завхан АБАХ/ С.Гүррагчаа, Удирдах зөвлөлийн гишүүн /Архангай АБАХ/ С.Жамбалдорж, Удирдах зөвлөлийн гишүүн, /Баянхонгор АБАХ/ П.Батчулуун, Удирдах зөвлөлийн гишүүн /Говь-Алтай АБАХ/ Ч.Цэцэгмаа, Удирдах зөвлөлийн гишүүн /Увс АБАХ/ Т.Лхагвасүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн, /Ховд АБАХ/ А.Отгонбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн /Хөвсгөл АБАХ/ Г.Энхболд, Удирдах зөвлөлийн гишүүн /Өмнөговь АБАХ/ Д.Мядагсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн /Улаанбаатар БАҮХ/ Н.Ганхуяг, МБАНХ-ны зөвлөх Б.Мэнджаргал, Хяналтын зөвлөлийн дарга Г.Тэлмэн, Хяналтын зөвлөлийн гишүүн н.Галмандах нар оролцов.
МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрөгч 2018 онд Бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлэх, орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд анхаарал хандуулж ажилласан. Одоогоор дөрвөн аймаг, 47 суманд “Бэлчээр ашиглах журам”-ыг баталж хэрэгжүүлж байна. Бэлчээрийн төлөв байдлыг хянах фото мониторингийн системийг хөгжүүлж, дуусах шатандаа явж байна. Тодруулбал, ГХГЗЗГ дээр бэлчээрийн төлөв байдлыг хянах, олон улсын стандартад нийцсэн систем бүрдүүлэх, боловсрон хүчнийг сургах ажлыг хийлээ. 2018 оны байдлаар улсын хэмжээнд Бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/ бүрийн дөрвөн улирлын бэлчээр бүр дээр нийтдээ 4700 цэг байрлууллаа. Ингэхдээ малд идэмжтэй ургамлын хувь хэмжээний өөрчлөлт, бүтээмж, ургац гэсэн гурван үзүүлэлтийг гол болголоо.
МБАНХ-ны аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнд малчдын орлого нэмэгдэхийн хэрээр орон нутгийн хөрөнгө оруулалтын үр өгөөж нэмэгдэж байна. БАХ, БАГ-тай сумдуудад малчдын идэвхи эрс нэмэгдэж байна. Тухайлбал, БАХ-ын төлөвлөгөөг үндэслэн орон нутагт хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлж байна. Малчдын эрэлт хэрэгцээг илүү харгалзаж үздэг болсон байна. Бэлчээрийн чиглэлээр төсвөөс, ОНХ-аас хийгдсэн хөрөнгө оруулалт 3 дахин нэмэгдсэн, малчдын оруулах хувь 10 дахин нэмэгдсэн байна. 2017 онтой харьцуулахад хөрөнгө оруулалт 167,0 сая төгрөг байсан бол 2018 онд 587,0 сая төгрөг болж өссөн байна.
Хас Банктай хамтран Ховд аймгийн Чандмань суманд хоёр жилийн хугацаатай “Ногоон Бэлчээр” туршилтын төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд нийт 96 малчин өрхөд 500,0 сая төгрөгийн зээл олгогдсон. Төслийг хэрэгжүүлснээр бэлчээрийн төлөв байдлын зураг, малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоо нь олон улсын стандартыг хангана хэмээн Хас банкнаас үзэж байна” хэмээн онцоллоо.
Мэдээллийн дараа УЗ-ийн гишүүд өнгөрсөн оны ололт амжилт, анхаарал хандуулах асуудлуудын талаар санал солилцлоо. Төгсгөлд нь МБАНХ-ны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлтэй танилцаж баталлаа.