Үнэлгээний баг МБАНХ-ны хамтрагч талуудтай уулзав
Швейцарийн хөгжлийн агентлагийн НАМЭМ төслийг хэрэгжүүлэгч МБАНХ-ны үйл ажиллагаанд үнэлгээ хийхээр Нидерланд улсаас ирсэн Үнэлгээний баг болон МБАНХ-ны хамтрагч талуудтай хийх уулзалт Скай плаза төвд боллоо.
Уулзалтад ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габриелла Спирли, Ниделандын МDF байгууллагын сургагч зөвлөх Паулине ван Норел, сургагч зөвлөх Жан Купер, ШХА-ийн НАМЭМ-төслийн багийнхан, МБАНХ-ны хамт олон, 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлууд, Хамтрагч байгууллагын төлөөллүүд оролцов.
Үнэлгээний багийн Паулине ван Норел, Жан Купер нартай уулзах энэ удаагийн уулзалтаар ШХА-ийн НАМЭМ төсөлтэй танилцаж, төслийг хэрэгжүүлэгч МБАНХ-ны үйл ажиллагаанд үнэлгээ хийхийн тулд бүхий л оролцогч талуудтай уулзаж ярилцаж санал солилцож, мэдээлэлтэй болсон юм. Үнэлгээний багийнхан МБАНХ-ны чадавхи нь хэр байгаа, юуг анхаарч хөгжүүлэх шаардлагатай зэргийг танилцуулж, ирэх онуудад байгуулага хэрхэн өсөж дэвжих вэ, харилцан үйл ажиллагаагаа дэмжсэнээр ямар үр дүнд хүрч болох талаар мэдээлэл өглөө.
Сургагч зөвлөх Жан Купер хэлэхдээ “Өнөөдөр яригдах асуудлуудыг нэгдсэн байдлаар дүгнэвэл, ирээдүйд МБАНХ гэдэг байгууллага хэрхэн яаж өсөж дэвжих гэдгийг хамтран хэлэлцэх шаардлага байна. Бидний уулзалт хоёр үндсэн зорилготой. Нэгд, МБАНХ-ны чадавхийг улам бататгах. Бид Монголд ирээд өнгөрөгч өдрүүдэд олон хүнтэй уулзаж, ярилцсан. Судалгааны явцад олж авсан үр дүнгүүдийг танилцуулна.
Хоёр дахь нь 2019 он болон ирэх онуудад МБАНХ-ны төлөвлөгөөг гаргах юм. Энэ бол илүү ирээдүй рүү чиглэсэн зорилго байна. Тиймээс бидний уулзалт бүлэг байдлаар хэрхэн ажиллахад сургах юм. Олон байгууллагын хүмүүс баг болон хуваагдаж, бодлогын хүрээнд, зөвлөлийн хүрээнд гүйцэтгэх, шатны хүрээнд хэрхэн ажиллахаа тодорхойлно.
Ийм байдлаар бүх оролцогч талууд өдөр тутмынхаа үйл ажиллагаандаа болон ирээдүйд МБАНХ-г бэхжүүлэх талаар ямар санаа оноотой байна вэ гэдгийг хэлэлцэнэ. Аливаа үйл ажиллагааны дараалал их чухал. Эхний хэлэлцүүлэгээр МБАНХ-ны гол зорилтуудыг баталгаажуулах чадавхыг хөгжүүлэх, чиглэлээр тулгамдаж буй гол бэрхшээлүүдийг тодорхойлж ярилцана.
Дараагийн хэлэлцүүлгээр ирэх жилүүдэд МБАНХ-ны чадавхийг нэмэгдүүлж, хөгжүүлэх гол хүчин зүйлүүдийг тодорхойлно. Ингэхдээ өмнө нь хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар ярилцана. Гуравдахь хэлэлцүүлгээр МБАНХ-ны 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийг төсөөлөн бодох буюу илүү ирээдүй рүү харсан чиглэлд анхаарлаа хандуулж, алсын харааны талаар ярилцана.
Хамгийн сүүлд МБАНХ-ны байгууллагын чадавхыг хөгжүүлэх 2025 он хүртэлх замын зураглалыг гаргаснаар Оролцогч талуудын нөөц бололцоо, үйл ажиллагааны аргачлалыг илүү тодорхой болгоно” хэмээн онцолсон юм.
Уулзалтын үеэр оролцогчид багт хуваагдан МБАНХ-ны одоогийн чадавхи хэр байгаа, юуг анхаарч хөгжүүлэх шаардлагатай зэргийг мэдэж ирэх онуудад байгуулага хэрхэн өсөж дэвжих, харилцан хамтын үйл ажиллагаагаа дэмжсэнээр ямар үр дүнд хүрч болох талаар санал солилцсон билээ. Төсөөллийн ирээдүйг 2025 он байхаар тооцож мөрөөдлийн зураглал хийж, түүнд хэрхэн хүрэх арга зам болон юунд илүү анхаарвал амжилт ирэх талаар Үнэлгээний багийнхан мэдээлэл өглөө.