Газрын доройтол, цөлжилтийг бууруулах чиглэлээр Исландын туршлагаас суралцаж байна
Исланд улсын “Нэгдсэн үндэстний их сургууль”-ийн дэргэдэх “Газрын доройтлыг бууруулах хөтөлбөр”-өөс санаачлан, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран “Байгалийн нөөцийн менежмент: Мэдээлэл боловсруулалт, үр дүнг ашиглах ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
2019 оны 5-р сарын 18-25-ны өдрүүдэд Монголика ресортод зохион байгуулагдаж буй тус сургалтанд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Увс, Ховд, Төв, Сүхбаатар, Дорнод, Дархан-Уул аймгууд болон Улаанбаатар хотоос ус цаг уур, байгаль орчин, газар зохион байгуулалт, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд болон зарим агентлаг, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл болсон 25 хүн сонгогдон оролцож байгаа юм.
Тус сургалтын сургагч багшаар Исланд улсын Нэгдсэн үндэстний их сургуулийн “Газрын доройтлыг бууруулах хөтөлбөр”-ийн дэд захирал Берглинд Оррадоттир, Исландын Хөрс хамгаалах нийгэмлэгийн тэргүүлэх судлаач, доктор Кристин Сварардоттир, Исландын ХАА-н их сургуулийн дэд профессор, доктор Исабел си Баррио, Монголын талаас ХААИС –ийн Агроэкологийн сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирал дэд профессор, доктор Ш.Оюунтуяа, Экологийн тэнхимийн эрхлэгч доктор М.Хишигжаргал, багш, доктор Т.Байгал-Амар, доктор О.Бүрэнжаргал нар, Монголын Бэлчээр Ашиглалтын Нэгдсэн Холбооны зөвлөх доктор Д.Булгамаа болон УЦУОСМ-ийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Ц.Бат-Оюун нар ажиллаж байна.
Байгалийн нөөцийн мониторинг, үнэлгээ, хамгаалалт, нөхөн сэргээлтийн талаарх мэдээллийг зөв боловсруулж, түүнийгээ бүтээгдэхүүн болгож, шийдвэр гаргагчдад хүргэх, төрийн бодлогод тусгуулж ажил хэрэг болгох нь онцгой шаардлагатай байдаг . Тиймээс энэ чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын дунд шатны мэргэжилтнүүдийн дээрх ур чадвар, арга барилыг нь сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулдаг билээ.
Исланд улсын нийт газар нутгийн 50 орчим хувь нь цөлжилтөд өртөж, түүнийгээ сэргээхийн тулд 100 гаруй жилйн хугацаанд маш олон талын туршлага хуримтлуулж, шинжлэх ухааны талаас давхар хөгжиж байгаа аж. Тиймээс цөлжилтөд өртөж байгаа дэлхийн улс орнуудад цөлжилтийн эсрэг хийж ажлуудын талаар танилцуулж, доройтсон газрын элэгдэл, эвдрэлийг бууруулах, нөхөн сэргээхэд гарч буй алдаа оноогоо танилцуулахыг зорьдог байна. Учир нь дэлхий гэдэг нэгэн гаригт амьдарч байгаа учраас аль нэг улс орны асуудал гэж онцгойлох аргагүй цөлжилтийг бууруулахад хийж буй ажлын туршлагаас хуваалцах нь маш чухал хэмээн Ислэнд эрдэмтэд онцолж байлаа.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор, профессор Г.Гантулга, Агроэкологийн сургуулийн захирал доктор, дэд профессор А.Буянбаатар, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нар оролцож Исландын нэгдсэн үндэстний их сургууль болон ХААИС, МБАНХ-ны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүрээлэн буй орчныг хамгаалах, бэлчээрийн доройтлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлаар сургалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм.