card

Газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн сайн засаглалын зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж байна

“Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” сэдвийн дор Үндэсний хэмжээний V дахь удаагийн семинар болж байна. ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын Газрын эвсэл хамтран энэхүү зөвөлгөөнийг зохион байгуулж байгаа юм.

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2004 оноос хойш Үндэсний хэмжээний  хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд холбогдох үндэсний хэмжээний хамтрагч талууд болон зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран ажилласан юм.

Германы Засгийн газраас дэмжигдэн хэрэгжсэн уг төслийн хүрээнд Бэлчээрийн тухай хуулийг сайжруулах, ойн салбарын эдэлбэрийн засаглалд үнэлгээ хийх, холбогдох салбарынханы чадавхийг сайжруулах болоод зөвлөмжийн хүрээнд олон улсад боловсруулагдсан баримт бичиг, гарын авлагыг орчуулан, үндэсний онцлогт тааруулан боловсруулаад байна. Эдгээр ажлуудыг цаашид тогтвортойгоор үргэлжлүүлж, Олон улсын газрын эвслийн үндэсний хэмжээнд хийгдэх ажлын зорилго зорилттой уялдуулах зорилгоор энэ удаагийн хамтарсан зөвөлгөөнийг зохион байгуулж байгаа аж.

Зөвөлгөөний хүрээнд “Сайн дурын зөвлөмжийн хэрэгжилт олон улсад”, Үндэсний хэмжээний Сайн дурын зөвлөмжийн хүрээнд хийгдсэн ажлууд, ололт амжилт”, “Чадавхи хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн ажлууд, үр дүн ХТБХ”, “Бэлчээрийн хуулийн төслийн хүрээнд малчдын дунд хийгдсэн хэлэлцүүлгийн үр дүн”, “Малчдын зүй ёсны эрхийн бүртгэн баталгаажуулалт” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Энэ үеэр Засгийн газрын ордонд болсон малчдын хэлэлцүүлгийн үр дүн, гарсан санал зөвлөмжийн талаар ШХА-ийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан мэдээлэл өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Бэлчээрийн хуулийн төслийн хүрээнд малчдын дунд хийгдсэн хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх хувь нь энэ хуулийг батлах нь цаг үеийн шаардлага болсон гэдэг саналаа илэрхийлсэн. Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар зохион байгуулсан энэ удаагийн малчдын уулзалт хэлэлцүүлгийн төгсгөлд төр засгийн удирдлагууд, шийдвэр гаргагчдад зөвлөмж, саналын үр дүнг хүргүүлсэн.

Бэлчээр гэдэг бол  хэн нэгэн малчин, сум аймгийн асуудал биш. Тухайлбал, энэ жилийн ноолуурын нийлүүлт хангалттай байсан ч гарц нь их бага байгаа талаар  малчид хэлж байна. Үйлдвэрлэгчид  малчдаас авсан ноолуурын ширхэгтүүд их богино байгаа нь түүхий эдийн чанарт нөлөөлөх магадлалтай гэж байна. Гэтэл дэлхийн зах зээлд өөрийн байр сууриа эзэлсэн Guichi, Prada зэрэг томоохон брэндүүд түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг хийхэд  гарал үүсэл нь баталгаажсан байх гэдэг шаардлагыг тавьдаг боллоо. Нөгөө талаар бэлчээр нутгаа хайрлан хамгаалах нь Монголчуудын хүнсний баталгаат байдлыг хангасан чухал ажлуудын нэг юм. Тиймээс Бэлчээрийн тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, батлагдана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Зөвөлгөөнд оролцогчид “Сайн дурын зөвлөмжийн хүрээнд байгуулагдсан бүтэц, хийсэн ажлуудыг үргэлжлүүлэх”, “Олон улсын газрын эвслийн Монгол дахь гишүүн байгууллагын цаашид хийгдэх ажлуудтай уялдуулах” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн Олон улсын газрын эвслийн Үндэсний оролцоот стратегийн зохицуулагч Ёнас Меконен “Үндэсний оролцоот стартеги”-ийн талаар, Олон улсын газрын эвслийн Ахлах мэргэжилтэн Вард Ансийв “Газрын оролцоот мониторингийн /LANDex/ сургалтын үр дүн”-ийн талаар, Байгаль орчин ба хөгжлийн Жасыл холбоо, МБАНХ, МГЗБХ хамтран “Монголын үндэсний стратегийн алсын хараа, арга зам, үзэл баримтлал БСТ” сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.