card

“Хөдөө аж ахуйн хоршоодын бүтээгдэхүүн хөгжүүлэлт” сэдвээр хоршоологчид зөвлөлдөж байна

Монгол орны Хоршооллын хөдөлгөөний хөгжлийг эрчимжүүлэх, хоршоод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага мэдээлэл солилцох нөхцлийг хангах, хүний нөөцийг чадавхижуулах, хоршооллын байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх зорилгоор ХАА-н хоршоологчдын зөвлөгөөн зохион байгуулагддаг уламжлалтай билээ.

Энэ жилийн ХАА-н хоршоологчдын зөвлөгөөн “Хөдөө аж ахуйн хоршоодын бүтээгдэхүүн хөгжүүлэлт” сэдвийн дор Төв аймгийн Эрдэнэ суманд 2019.08.04-07 ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнийг Төв аймгийн ЗДТГ,  Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ, Адра олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөл, Азийн хөгжлийн банкны “ХАА-н Нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”, Каритас Монгол ТББ болон Төв аймгийн “Хамт хүч” Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, МХААХҮХ-ны ерөнхийлөгч Л.Элдэв-Очир, Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, МХААХҮХ-ны Хоршооллын хөгжлийн хэлтсийн дарга Ганбаатар, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Л.Эрдэнэбаатар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “STEP ECOLAB” буюу “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, Эко тэмдэг”  төслийн менежер У.Сарангоо тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, Адра олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөл, Азийн хөгжлийн банкны “ХАА-н Нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”, Каритас Монгол ТББ зэрэг төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөллүүд, 21 аймаг болон Улаанбаатар хотын ХАА-н Хоршоологчдын холбооны гишүүн 250 орчим төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн зөвлөгөөний онцлог нь ХАА-н хоршоодын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, өртгийн сүлжээнл тулгарч буй асуудлыг тодорхойлж, гишүүн хоршоодын тэргүүн туршлагаас хуваалцаж, ХАА-н хоршоодын бүтээгдэхүүний маркетингийн талаар нэгдсэн ойлголтонд хүрэх, улмаар МХААХҮХ-ноос санаачлан гаргаж буй, ХАА-н хоршоодын бүтээгдэхүүний “Агри-кооп” брэндийг хөгжүүлэн сурталчилах талаар мэдээлэл өглөө.