Бэлчээр нутаг дуусахын цагт их нүүдэл хаашаа чиглэх вэ …
Өвөг дээдсээс өвлөн ирсэн эх сайхан нутагтаа эзэн нь болон мэндэлсэн монгол түмний түүх соёл, ёс заншил минь бидний дэлхийн улс орнуудаас ялгарах ДАРХЛАА гэж болно. Тэгвэл хэдэн зуун жилээр амьдрал ахуйдаа ашиглан, хүнсний хэрэгцээндээ зориулж өсгөн үржүүлж ирсэн таван хошуу малгүйгээр монгол хүнийг төсөөлөх аргагүй. Хэдийгээр өнөөдөр уламжлалт нүүдлийн мал аж ахуй, суурин амьдралын хэв маяг гэсэн хоёр өөр хэв шинжэй болж байгаа ч эртний түүхт нүүдэлчин монголчууд бид өлсөхийн зовлонг үзээгүй. Тэр ч утгаараа 3 сая гаруй монголчуудын хүнсний хэрэгцээг хангах гэж дөрвөн улирлын аясаар мал аж ахуйгаа эрхэлж, өв уламжлалаа хадгалж байгаа малчин түмнийг хүндэтгэх учиртай билээ.
1 сая 566 мянган км2 уудам нутагтай, нэг хүнд ногдох газар нутаг, малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг Монгол Улсын нийт газар нутгийн 88.2 хувь буюу 140.5 сая га-г байгалийн бэлчээр эзэлж, 2 сая га хадлангийн газартай хэмээн үзэж байсан цаг саяхан. Гэвч өнөөдөр байгаль цаг уурын өөрчлөлт, хур тундасны хомсдол, бэлчээр нутгийн зохисгүй ашиглалт, малын тоо толгой нэмэгдэх, сүргийн бүтцийн харьцаа алдагдсан зэрэг нь цөлжилт, бэлчээрийн хомсдол үүсэхэд хүргэж байна.
Нийт нутгаар бэлчээрийн даац хэтэрсэнээр малын хөлд идэгдсэн ургамлын гарц буурах, ашиг шимт төрөл зүйлийн тоо багасахын хирээр жилээс жилд отор нүүдэл хийх малчдын тоо нэмэгдсээр байна. Бэлчээр бол малчдын мал сүргээ өсгөн үржүүлэхэд чухал үүрэгтэй амьжиргааны гол эх үүсвэр. Гэтэл бэлчээрийг хайр гамгүй ашиглаж байгаа нь байгалийнхаа жамаар нөхөн сэргэх боломжийг олгохгүй байна. 2019-2020 оны өвөл, хавар 22 мянга гаруй өрхийн 10 сая гаруй мал отроор, 57.5 сая мал суурин өвөлжөө, хаваржаандаа байх тооцоо гарчээ.
Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 3.2 сая мал Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв аймагт отор нүүдэл хийж байна. Зуншлага муу, гантай байсан аймгуудын малыг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Чилэн, Хөх дэл, Малах, Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт оруулжээ. 2019-2020 онд аймаг дундын отрын есөн бүс нутагт 11 аймаг, Улаанбаатар хотоос 600 орчим мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар шийдвэрлэсэн. Малчид өвс, тэжээл, сүрэл, дарш, давс, хужрынхаа 90 гаруй хувийг бэлтгэсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 70 хувьтай байгааг гэдгийг салбарын яамнаас мэдээлсэн юм.
Малчид өвлийн хахир цагийг давж, урин хавартай золгохын тулд өөрийн чадах бүхий л аргаа хэрэглэдэг ч гэлээ зайлшгүй нөхцөлд отор нүүдэл хийхээс аргагүйд хүрдэг. Нутаг орноо орхиод өөр аймаг суманд “ОТРЫНХОН” гэсэн хэмээн ад үзэгдэх нь энүүхэнд. Гэхдээ л хэдэн малынхаа буянг хүртэж яваа бидэн шиг малчин хүн хэмээн тухайн сум орон нутгийнхан тэднийг хүлээн авч өвөлжүүлсээр ирсэн.
Магадгүй тухайн сум орон нутагт бэлчээрийн даац нь хэтэрсэн байсан ч гэлээ сум орон нутгийн удирдлага, бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, Бэлчээр ашиглагч малчдын бүлэгтэйгээ ярилцаж хэлэлцээд отрынхон буух газрыг зааж өгдөг. Зарим тохиолдолд өөрийн өнжөөж амраасан газраа алдчихлаа хэмээн нутгийн малчид бухимдаж, отрынхонтой гар зөрүүлээд авдаг ч тохиолдол мэр сэр гардаг гэдэг.
Монгол Улсын иргэн хаана ч амьдрах эрхтэй гэдэг утгаараа төрж, өссөн нутгаа орхиод малчин хүн малаа дагаад отор нүүдэл хийхийг буруутгах аргагүй ч одоо байгаа бэлчээрээ зөв зохистой ашиглаж, нөхөн сэргээж, хайрлан хамгаалах учиртай. Хэдийгээр малын хөлд талхлагдсан бэлчээрийг зөв менежменттэйгээр нөхөн сэргээхэд цаг хугацаа орно. Гэтэл талхлагдсан нутгаа орхиод өөр газар нүүснээр доройтсон бэлчээрийн цар хүрээ улам бүр нэмэгдсээр л байна.
Хоёр жилийн өмнөөс Сүхбаатар аймгийн зарим суманд хонь нь хулгана барьж идсэн тухай мэдээлэл гарч монголчуудыг цочирдуулж байв. Үнэхээр санаанд багтамгүй, сэтгэл зовоосон мэдээлэл боловч бэлчээрийн доройтолтой, хуурайшилттай, өвс тэжээлгүй болсноос хонь нь хулгана барьж идсэн болов уу. Дан ганц хонь гэлтгүй ямаа ч хулганаар хооллох үзэгдэл Хэнтий аймагт ч гарсан байдаг. Бэлчээрийн даац хэтэрч, байгалынхаараа сэргэх чадвар нь буурсан газар нутгийн хэмжээ улам бүр нэмэгдсээр байгааг энэхүү хонь, ямаа нь хулгана идсэн тохиолдлууд гэрчилнэ.
Гэтэл сэргэх чадвар нь буурч, бэлчээрийн доройтолд орж буй аймаг сумдууд улам их нэмэгдсээр байна. Тухайлбал, Төв аймгийн Өндөрширээт суманд жилийн жилд отрынхон орж ирдэг, бэлчээрийн даац хэд дахин хэтэрсэн, цөлжилт нүүрлэж, төрсөн нутагтаа амьдрах аргагүй болох гээд байна. Одоогоос 3 жилийн өмнө Өндөрширээт сум 170 мянга гаруй толгой малтай байсан бол өнөөдөр 270 мянга гаруй толгой малтай болсон. Нэмээд 160 аад өрхийн 100 гаруй мянган мал отроор орж ирээд өвөлжиж байгаа. Отрынхон бага орж ирдэг байхад бэлчээрийн даац хэтэрсэн ч ургамлын ургац гайгүй байсан. Гэвч жил ирэх тусам малын тоо ихсээд, бэлчээр талхлагдан өвс ургамал нь багассаар нутагтаа үлдэж дасан зохицох уу, нутгаа орхиод отрынхонтой нэгдэх үү гэдэг асуудал яригдахад ойрхон байгааг нутгийнхан хэлж байна.
Төв аймгийн Өндөрширээт сумын Уянгын III дугаар багийн малчин М.Бүрэнзэвсэг хэлэхдээ: “Өнөө жил цас багатай дулаахан сайхан өвөл болж байна. Манайх 1000 малтай, дийлэнх нь бог мал. Манай багт 70 гаруй өрх мал маллаж байна. Баг гэдэг хэдий хэмжээний газартай байх билээ.
Дээр нь Дундговь аймгийн Эрдэнэдалай, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Төв аймгийн Дэлгэрхаан сумаас эзэнгүй адуу их ирж байна. Өвс илт багасч, мал идэх юмгүй болох нь. Хаврын хавсрага болж, цаг агаар хэцүүдэхэд босоо юмгүй болох вий л гэж санаа зовж байна.
Уг нь нутгийн малчид бид хоорондоо хэлэлцээд Бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулаад сум, орон нутгийнхаа хэмжээнд зохицоод бэлчээрээ өнжөөж амраадаг. Гэвч бэлчээрийн асуудлыг шийдэх хуулийн нарийн зохицуулалт байхгүй учраас гаднаас отор ороод ирэхэд буцаах эрх байдаггүй.
Манай сумын хэмжээнд 8 хэсэг байдаг. Зөвхөн манай Мөөрс хэсэг гэхэд 53 өрхтэй. Бид зунжин зохицуулалт хийгээд өвлийн бэлчээрээ хамгаалж, бэлдээд ямар ч үр дүнгүй байна. Бэлчээрийн хууль хэрэгтэй. Хууль эрх зүйн зохицуулалт хийхдээ малчдын санал санаачлагыг үндэслэвэл амьдралд илүү ойрхон байх болно”.
Төв аймгийн Өндөрширээт сумын Уянгын III дугаар багийн малчин Г.Отгонсайхан хэлэхдээ: “Энэ өвөл харьцангуй дулаахан сайхан л байлаа. Даанч отор нүүдэл орж ирээд мал идэх өвсгүй болчихлоо. Бидний зунжингаа бэлчээрээ хамгаалахын тулд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн гарахааргүй л болчихлоо. Хаваржилт хэцүү л байх нь.
Отрынхон яахав өвлийг даваад, хэдэн мал нь бэлчээр талхалчихаад яваад л өгнө. Зарим нь нүүхгүй үлдэх эсэхийг нь мэдэхгүй юм. Гэтэл бид нутгаа орхиод явахад тулаад байна. Манайх гэхэд эндээс 50 орчим км хол газар адуугаа оторт гаргалаа. Бог мал нь багахан хоолтой байгаад л байна.
Одоо мал төллөөд эхлэхээр идэх өвсгүй болчихно. Отор нүүдэл хийх болох нь уу яахнав. Хаваржаанд уг нь айл буугаагүй ч бэлчээрийг нь отрын адуу эзэнгүй адуунууд дуусгачихсан. Эзэнгүй адуу ч гэж хаана байхав. Эзэн нь хаа нэгтэйгээс хараад байж байдаг байлгүй дээ.
Үнэхээр бэлчээрийг хамгаалж, анхаарахгүй бол малчид бидний сум орон нутагтаа хийдэг зохицуулалтаар шийдэж барахгүй болж байна. Хууль эрх зүйн талаас нь анхаарч нэг чиглэлтэй болгох хэрэгтэй. Тэгж байж бэлчээрээ хамгаалж, зөв ашиглаж, үр хойчдоо хадгалж үлдээнэ”.
Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг монголчуудын хувьд бэлчээр маш чухал. Бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх нь зэрлэг амьтдад ч тустай. Тиймээс малын тоог хэт өсгөхгүй байх, бэлчээрийг хуваарьтай, зөв зохистой ашиглах, өнжөөж амраахын үнэ цэнийг малчид, төдийгүй энэ чиглэлд анхаарал хандуулдаг хүн бүхэн хэлж ярьж байна.
Нөгөө талаар дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт илүү ихээр мэдрэгдэх болсон энэ цаг үед Бэлчээрийн тухай хуулийн зохицуулалт хийж байж, ирээдүйд монгол малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлнэ. Учир нь бэлчээрийн доройтлоос үүдэн жилээс жилд малын ашиг шимийг нэмэгдүүлдэг шимт ургамалын тоо, төрөл цөөрч, дахин сэргэхээргүй болж байгааг эрдэмтэн судлаачид хэлж ярьсаар байна.
Бэлчээрийн тухай хуулийг батлах асуудал нь хууль тогтоогчдын ярианы гол сэдэв байдаг ч гэлээ батлагдахгүй дуншсаар байгаа нь нууц биш. Гэтэл Киргиз улсын төлөөлөгчид 2008 онд манай улсад айлчилж, Бэлчээрийн тухай хуулийн төслийн зүйл заалтаас өөрийн улсдаа ашиглаж болох хэсгийг нь тэмдэглэж аван нутагтаа очоод Хууль баталчихсан байх юм. Тэд 2018 онд манай улсад ирэхдээ Бэлчээрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, 10 жилийн алдаа оноо, засаж сайжруулах асуудлуудаар санал солилцоод явсан. Харин бид Хууль ч үгүй явсаар л.
Бэлчээрийн тухай хуультай боллоо гээд хэдэн малчдад монголынхоо газар нутгийг хуваагаад, хашаалаад өгчихнө гэсэн ойлголт биш. Харин хуулийн дагуу асуудлыг шийдэх боломж юм. Тухайлбал, тухайн жилийн байгаль цаг уурын нөхцөл ямар байснаас шалтгаалаад ургамлын гарц ямар байсан, бэлчээрийг хэрхэн зөв зохистой ашиглах, аль нэг аймаг суманд очиж отор нүүдэл хийлээ гэхэд бэлчээр ашигласаны төлбөрөө хэрхэн өгөх тухай асуудал юм. Уг төлбөрийг нь тухайн орон нутгийн бэлчээрийг нөхөн сэргээх, холын аяныг даван туулж чадаагүй орхиод явдаг малынх нь сэг зэмийг устгаж байгаль орчноо хамгаалах, халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг олон асуудлыг Хуулийн хүрээнд шийдэх зохицуулалт болж чадна. Магадгүй бид энэ асуудлаа шийдэхгүй явсаар байвал талхлагдсан газар нутгийг улам л их болж, малчдын бэлчээрээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэхэд улам л бэрх болно.
Эцэст нь мал бэлчээрлэх газаргүй болчихвол отрынхоны их нүүдэл хаашаа чиглэх вэ . . . Мал бэлчээрлэх газаргүй болчихвол монголчууд бид, үр хойч минь хэрхэн амьдрах вэ . . .