Гарал үүсэл нь баталгаажсан, “Ченж”-ийн нэмэгдэлгүй махыг Лавай төвд худалдаалж байна
Нийслэл хотын иргэдийн хүнсний хэрэглээнд зориулан мах, хүнсний ногоо, цагаан идээ, жимс жимсгэнэ, зөгийн балыг хямд үнээр буюу ямар нэгэн дамжлагагүйгээр худалдан авах боломж олгосон “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн -2019” үзэсгэлэн худалдаа өчигдөр Лавай худалдааны төвд нээлтээ хийлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар” аян, “Атрын III” аян, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.
Энэ сарын 30 –ны өдрийг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчид оролцон хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоог иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байгаа юм.
Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн зохиойн байгуулагчдын зүгээс үзэж байна. Тус үзэсгэлэн худалдааны нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Л.Элдэв-Очир, Хөдөө аж ахуй биржийн гүйцэтгэх захирал Б.Баатар нар оролцсон юм.
“Мах, хүнсний ногоо, цагаа идээ -2019” үзэсгэлэн худалдаанд Төв, Хэнтий, Увс, Дундговь, Баянхонгор, Архангай аймгуудын 20 гаруй хоршоо, малчид мах, хүнсний ногоо, цагаа идээ, зөгийн бал, арвайн гурил зэрэг бүтээгдэхүүнээр тус үзэсгэлэнд оролцож байна.
Тус үзэсгэлэнгийн үеэр гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн махыг зах зээлийн бодит үнээр буюу ченжийн оролцоогүйгээр борлуулж байна. Лавай төвд худалдаалагдаж буй гарал үүсэл нь баталгаажсан махны үнэ хонь 6000-6500, адуу 7200₮-7600₮, үхэр 8500₮-9000₮-ийн үнэтэй байгаа нь монголчуудын хүнсэнд хамгийн их байр суурийг эзэлдэг махыг эрүүл, аюулгүй, чанартай, баталгаатай, эм тарилгын үлдэгдэлгүй гэдэг шалгуураар худалдан авах боломж олгожээ.
Тодруулбал, малчин хүн бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, зөв зохистой ашиглаж малаа соргог бэлчээрт идээшлүүлж, мал сүргээ цаг тухайд нь мал эмнэлгийн шаардлагатай үйлчилгээнд хамрагдуулж, өсгөн үржүүлээд түүнийгээ малчдын байгууллага болох хоршоогоор дамжуулан Мах боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ. Махны үйлдвэрт нийлүүлэхдээ “Мал эмнэлгийн гэрчилгээ”-г системийн дагуу тухайн малын мах эрүүл, аюулгүй, эмийн үлдэгдэлгүй зэрэг баталгааг өгнө. Монголчуудад хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан мах худалдан авах боломжийг бүрдүүлсэн энэхүү системийг ШХА-ийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн санхүүжилтээр Малын эмнэлгийн ерөнхий газар, Дижитал медик компани, Юнител групп хамтран хэрэгжүүүлсэн ажлын үр дүн юм. Уг системийг өнгөрөгч 2017 онд Архангай аймгийн хоёр суманд туршиж, хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлсэн билээ.
Гарал үүсэл нь баталгаажсан гэдгийг шалгахдаа, хэрэглэгч та гар утсан дээрээ “Мал эмнэлгийн гэрчилгээ” гэсэн системийн аппликейшнийг үнэгүй татаж суулгаад, түүгээр таны худалдан авч буй махан дээрх кодыг уншуулснаар тухайн мах хаанаас гарал үүсэлтэй, хаана бэлтгэж боловсруулсан зэрэг мэдээллийг шууд харж мэдэж болно. Ингэснээр хэрэглэгч та магадгүй танил талаасаа мах худалдан авах гэж хөдөө явж, зардал чирэгдэл бололгүй харин тэдний энэхүү системийн дагуу бэлтгэсэн махыг нь сонгон худалдан авах боломжтой болох юм.
Дашрамд дуулгахад, Лавай худалдааны төв нь Эрэл компанийн баруун урд талд буюу III цахилгаан станцын уулзвараас чанх урагш Бетон арматурын үйлдвэрийн зүүн талд байрладаг бөгөөд эрүүл, баталгаатай мах худалдан авахыг хүсвэл Лавай худалдааны төвийг зориорой.
Хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн хэрэглэх нь өөртөө болон хайртай дотны хүмүүстээ өгч буй эрүүл мэндийн хамгийн том хөрөнгө оруулалт юм.