card

Монгол сарлаг дэлхийн брэнд болох цаг айсуй

Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай монгол сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж, сарлагийнхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд, гадаад түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Монгол сарлаг” фестиваль 2019.08.17-18-ний өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд зохион байгуулагдлаа. Архангайчууд сарлагийн фестивалийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд 2015, 2017, 2019 онуудад буюу энэ жил гурав дахь удаагаа зохион байгууллаа.

Тус фестивалийн Ерөнхий зохион байгуулагчаар УИХ –ЫН гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын алба, Хүнс хөдөө аж  ахуй ханган үйлдвэрийн яам, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ, хамтран зохион байгуулагчаар Архангай аймгийн ЗДТГ, Булган сумын ЗДТГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт – Малын эрүүл мэнд” төсөл, “Нэг Архангай – Шинэ хөгжлийн тэмүүлэл” НҮТББ, Монголын ноос ноолуурын холбоо ТББ, Архангай  аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо ажиллав. Дэмжигч байгууллагаар БОНХЯ, Баялаг Өлзий ХХК, Уужин ХХК, Сор кашмир ХХК, Алтай кашмир ХХК, Монгол нэхмэл ХХК, Жинст мөрөн ХХК, Блү скай ХХК, Снөү фийлдс ХХК, хэвлэл мэдээллийн спонсор байгууллагаар Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын радио, Монгол малчин сэтгүүл, Сүлд телевиз, Молор телевиз, ТВ, Архангай  аймгийн АВ медта групп тус тус ажилласан юм.

Энэ удаагийн сарлагийн баярт Архангай аймгийн сарлагтай нийт сумдын төлөөллөөс гадна 16 аймгийн сарлаг үржүүлэгчид, малчдын төлөөлөл оролцлоо. Мөн сарлагийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болох мах, сүү, арьс шир, хөөврөөр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагууд, үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ авчирч сурталчлан танилцуулснаас гадна энэхүү наадмыг ивээн тэтгэж оролцов.

Фестивалийн үеэр сарлагийн үүлдэр угсааг таниулах “Хөхдэй“ хотхонд ашиг шим өндөртэй сарлагийн бух шалгаруулах “Сайхан сарлаг” тэмцээнийг зохиож, гадаад дотоодын зочдын сонирхолыг татаж байв. Харин хамгийн их сүүтэй үнээг тодруулах “Арвин баялаг” тэмцээнээр саальчин эмэгтэйчүүдийн ур чадварыг шалгаж, “Сарлагт ээлтэй малчин”-ыг ашиг шим, үүлдэр угсаа, түүхий  эд бэлтгэлийг хэрхэн сайжруулсанаар шалгуур тавьж, “Саглагар, сагсаахай” буюу хамгийн их хөөвөр бэлтгэсэн хоршоог тодруулах ёслолын ажиллагаа зэргийг зохион байгуулсан юм. Тухайлбал, Их Тамир сумын С.Батболдын хар сарлагийн бух хамгийн хөөвөрлөг бухаар, Чулуут сумын Н.Түмэндэмбэрэлийн цагаан бух бусад үзүүлэлтээрээ түрүүлсэн бол Хангай сумын Л.Бат-Эрдэнийн ягаан үнээ “Арвин баялаг” буюу хамгийн их сүүтэй үнээгээр шалгарсан юм. Тус үнээнээс 3,150 литр сүү саасан юм. Удаах байранд Их тамир сумын М.Отгонцэцэгийн хар үнээнээс гурван литр сааж шалгарсан билээ.

“Ягаадай” уралдаан тэмцээний хотхонд хурдан сарлагийн “Тод магнай” уралдаан, сарлаг бугуйлдах, булгиулах тэмцээн, тоног хэрэгсэл, чимэглэл бүхий “Ганган сарлаг”-ийг тодруулж, “Сүрлэг хангай” сарлагийн хөсөг танилцуулав. “Цагаадай”үзэсгэлэн, худалдааны хотхонд “Шимт идээ” сүү сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хөөвөр, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, хувцас, хөнжил, дэвсгэр, ширмэл ширдэг, арьс ширэн эдлэл, гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүнийг худалдаж байв. Мөн фестивальд оролцогч аймгуудын мэндчилгээ, үндэсний үйлдвэрлэгчдийн сарлагийн хөөврөөр хийсэн хувцас загварын  үзүүлбэр, Тайхар чулууны түүхийг харуулсан сурагчдын тоглолт үзэгчдийн анхаарлыг маш ихээр татаж байсан юм. Энэ өдрийн бас нэгэн сюрприз бол “Супер азтан” шалгаруулах сугалаа, шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа байсан юм.

Дашрамд дуулгахад, манай улсын нийт 13 аймгийн 132 суманд 800 мянга гаруй сарлагтай ба нийт сарлагийн 50 гаруй  хувь нь Архангай аймагт өсөн үржиж байна. “Монгол Сарлаг 2019” фестивалийн хүрээнд мөн “Монголын Сарлаг” үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Энэхүү зөвлөгөөнөөр монгол сарлагийн удмын санг хадгалж хамгаалах, сарлаг үржүүлэгчид, малчдыг дэмжих, түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх бодлогыг ярилцсан. Мөн сарлагийн аж ахуйг эрхлэн явуулахад тулгамдаж буй асуудлуудыг, шийдлийнх нь хамт төрийн бодлого болгон “Монгол Сарлаг Үндэсний хөтөлбөр”-тэй болохоор шийдвэрлэн төслийг боловсруулсан. Энэхүү “Монгол Сарлаг” үндэсний хөтөлбөр цаашид батлагдсанаар сарлагийн цөм сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах ашиг шимийг нэмэгдүүлэх, аймаг сумдад сарлагийн цөм сүргийг бий болгох, аймаг, сум хоорондын үржлийн сарлагийн солилцоог хийх боломжууд бүрдэх юм. Цаашид монгол сарлагийн тоо, толгой, ашиг шим нь өсөн нэмэгдэж, сарлагийн гаралтай бүтээгдэхүүн биднийг дэлхийд сурталчлах нэрийн хуудас, брэнд бүтээгдэхүүн болно гэдэгт сарлаг үржүүлэгчид итгэлтэй байгааг энэхүү зөвлөгөөний үеэр онцолсон билээ.