МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ-ууд нь  /2025.02.04/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус хамтын ажиллагааны хүрээнд бэлчээрт суурилсан байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, түүний үр нөлөөг хянаж үнэлэх, бэлчээрийн фото мониторингийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад хамтарч ажиллах, мониторингийн анхдагч өгөгдлийг цуглуулах, дүн шинжилгээ хийх арга аргачлалыг сайжруулж хөгжүүлэх зорилготой юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дараах томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхээр талууд санал нэгдээд байна. Үүнд:

Шинээр боловсруулах Газрын тухай хуулийн төсөлд бэлчээрийн менежментийн үйл ажиллагааг зохион байгуулах, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, мониторинг хийх талаар санал боловсруулж, тусгах;

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.12 дахь хэсэгт заасан малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээр ашиглуулах журам, гэрээний загварын төслийг хамтран боловсруулах;

Малчид, орон нутаг дахь холбогдох төрийн албан хаагч, мэргэжилтнүүд болон шийдвэр гаргагчдад зориулсан сургалт, үзүүлэн таниулах арга хэмжээг зохион байгуулах;

Олон нийт болон шийдвэр гаргагчдыг фото мониторингийн мэдээ мэдээлэл, үр дүнгээр түргэн шуурхай, хялбар байдлаар хангах;

Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг үнэлэх аргачлалыг боловсруулж, газрын мониторингийн цахим системд хөгжүүлэлт хийж, хэрэглээнд нэвтрүүлэх;

Фото мониторингийн мэдээ, үр дүнд тулгуурлан бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилт, түүний үр дүнг дүгнэх, хэрэгжилтэд суурилсан урамшууллын журмыг боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх;

Газрын мониторингийн мэдээллийн санд фото мониторингийн цэгийн төлөөлөх талбайн хил заагийг шинэчлэн зураглаж, оруулах;

Бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхэд шинэ техник, технологийг ашиглах талаар судалгаа хийж, нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлэх юм. 

эх сурвалж:https://www.facebook.com/share/p/15wDvpymMw/