Монголын мал аж ахуйн салбарт цахим системийг амжилттай нэвтрүүлж, малчдын өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөх, үр ашигтай болгох зорилготой уг уулзалт, семинарт 15 байгууллагын 40 орчим хүн оролцлоо. Тэдгээрийн дотор төрийн болон хувийн хэвшлийн 30 орчим төлөөлөгч биечлэн оролцож, 10 гаруй хүн онлайн хэлбэрээр оролцлоо.
Семинарын үеэр оролцогчид мал аж ахуйн нэгдсэн цахим системийн одоогийн байдал, үүрэг зорилго, гол чиглэлүүдийг үнэлж, цаашид хөгжүүлэх, сайжруулах чиглэлийг тодорхойлсон. Тухайлбал Сарлаг, Цаа буга, эрчимжсэн мал аж ахуй дээр байгаа өндөр ашиг шимтэй малыг нэг бүрчлэн бүртгэх талаар ярилцлаа. Түүнчлэн, системийн өртөг, үр ашгийг нэмэгдүүлэх, малчдыг цахим үйлчилгээнд бүрэн хамруулах, хэрэглэгчийн орчныг сайжруулах талаар санал солилцлоо.
Мал аж ахуйн цахим системийг сайжруулснаар мал аж ахуйн салбарын технологийн дэвшилтэт шийдлүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломж бүрдэж байна гэдгийг илэрхийлсэн.
Семинарын төгсгөлд оролцогчид цахим системийн хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт болон техник дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж, төр, хувийн хэвшил, судлаачдын хамтын ажиллагааг улам сайжруулах шаардлагатайг онцоллоо.