Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотноо 2024 оны 12-р сарын 02-оос 12-р сарын 13-ны хооронд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 16 дугаар бага хурал буюу COP16 болж өнгөрлөө

Бэлчээрийн сэргэх чадавх, нутгийн иргэдийн оролцоотой бэлчээрийн менежментийг зохион байгуулах нь салбар хуралдаанд оролцсон нь

           МБАНХ-ны гүйцэтгэх захирал Д.Бурмаа болон Бэлчээрийн судалгаа, хөгжлийн хөтөлбөрийн захирал Д.Булгамаа нар Бэлчээрийн сэргэх чадавх, нутгийн иргэдийн оролцоотой бэлчээрийн менежментийг зохион байгуулах нь салбар хуралдаанд оролцож туршлага хуваалцлаа.

МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Д.Бурмаа: 

Бэлчээрийн экологийн чадавх, болон бэлчээрийн төлөв байдал, шилжилтийн судалгаанаас үзэхэд бэлчээрийг богино хугацаагаар хөнгөн ашиглах нь тухайн орчмын ургамлан нөмрөг сэргэн ургах , улмаар ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг тогтвортой хадгалах боломж бүрдэж байна.  

Бэлчээрийн менежментийг амжилттай хөтлөх чухал зүйл бол бэлчээр ашиглалтыг төлөвлөхөөс эхлэн хэрэгжүүлэх бүхий л түвшинд малчдын оролцоог хангах нь чухал учир нь ялангуяа бэлчээрийн сэлгэлт, чөлөөлөх арга хэмжээг хэрхэн нэвтрүүлэх, тухайлбал: Ундны усыг хамгаалах, зам харилцаа бий эсэх талаар малчдын уламжлалт мэдлэг, туршлага чухал үүрэгтэй. Өнгөрснөөс үзэхэд Бэлчээрийн сэргэх чадавх болон малчдын оролцоонд тулгуурласан менежментийн хэрэгжилт, үр өгөөж өндөр байгаа нь судалгаагаар батлагдсан. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 160 гаруй сумын 92000 малчин өрх хамтын зохион байгуулалтад орж 1500 орчим Бэлчээр ашиглалтын хэсгийг байгуулж, бэлчээрээ урт хугацааны гэрээгээр ашиглах, “Хариуцлагатай нүүдэлчид” Бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартыг нэвтрүүлэн олон улсын зах зээлд хүрэх боломж бий болсон талаарх туршлагаа хуваалцлаа.

Уг салбар хуралдаанд Олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон бүс нутгуудын төлөөллүүд оролцсон юм.