“Монгол орны бэлчээрийн үндэсний форум-VII" 2024 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. “Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдвийн дор өрнөсөн энэ удаагийн форумын эхний өдрийн арга хэмжээ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд болсон юм. “Бэлчээрийн Үндэсний Форум VII”-г Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо санаачилж Монгол Улсын Их Хурал, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, МУИС, ХААИС, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Газар Зохион Байгуулалт Геодези Зурагзүйн Ерөнхий газар, Олон улсын газрын эвсэл, АНУ-ын ХААЯ-ны ХАА-н судалгааны төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар зорилтоо ахиулсан. Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эдийн засгийн аргаар цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж буй малчин иргэд тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.
Монгол Улс бэлчээрийн хомстлын асуудалд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай. Нийт газар нутгийн 76 хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна. 2023 оны байдлаар бэлчээрийн даац 50 хувийн хэтрэлттэй байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Малын тоо, толгойн өсөлт нь бэлчээрийн даац хэтрэхэд хүргэж байгаа тул мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь чухал. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг тогтвортой болгоход Улсын Их Хурал, Засгийн газраас онцгойлон анхаарч, “Шинэ хоршоо хөдөлгөөн-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид хөдөө аж ахуйн салбарын хөгжил, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох асуудал УИХ-ын бодлогын төвд байж, энэ чиглэлд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийг баяжуулан хөгжүүлж, уламжлалт өв, соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйг эрхлэхдээ газрыг ашиглах, сайжруулах, хамгаалахтай холбогдсон харилцааг тодорхой болгох, бэлчээрийн менежментийн нэгдсэн системийг бий болгох зэрэг тулгамдсан асуудлаа оновчтой шийдвэрлэх нь чухал байна. УИХ өнгөрсөн хаврын чуулганаар Уламжлалт мал ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Малчны тухай хуулийг тус тус баталсан. Хуулиар мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зүй зохистой ашиглах, хамгаалах нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчны хамтын санаачилга, хоршооллыг дэмжиж, малын чанар, ашиг шим, түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх цогц арга хэмжээг авсан” гэдгийг онцолсон.
Харин Монголын Улсын шадар сайд С.Амарсайхан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох-Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийсэн. Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн дундажтай харьцуулахад манай улсын цаг агаарын температурын өөрчлөлт хоёр дахин их байна. Үүнийг өнгөрсөн 50 жил болоогүй зуд, үерийн давтамж, эрсдэлээс тодорхой харж болно. Цөлжилт, бэлчээрийн доройтол, ган зудын давтамж ихэссэн суурь шалтгааныг эрдэм шинжилгээний байгууллагууд, салбарын яамд нарийвчилсан судалгаа хийж, тодорхой төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай байна. Засгийн газраас энэ хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай хэрэгжихэд оролцогч талуудын нягт хамтын ажиллагаа, уялдаа холбоотой байдал чухал үүрэгтэй гэдгийг онцолж байв.
УИХ-ын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Мандхай энэ үеэр “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 4.2, 4.4-т заасан зорилт, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг нь тогтоолын хүрээнд байгуулагдсан үндэсний хөдөлгөөнүүдийн үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч, бодлого арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана. Ажлын хэсэг хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч, цаашид энэ хүрээнд гадаад, дотоодын мэргэжилтэн, судлаачидтай хамтарч ажиллахад нээлттэй байна” гэлээ.
Нээлтийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Олон улсын Бэлчээрийн холбооны ерөнхийлөгч Девид Фелпс, Олон улсын бэлчээрийн холбооны байнгын хорооны дарга Дана Келли нар тус тус мэндчилгээ дэвшүүлсэн.
Форумын үндсэн илтгэлийг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун “Парисын гэрээгээр Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд хүлээсэн үүргээ биелүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмэр” сэдвээр, АНУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны судалгааны төвийн төлөөлөгч Брандон Бестелмейер, Александр Хеллер нар “Бэлчээрийн хөрсний нүүрстөрөгчийн шингээлтийг хэвийн барих замаар ашиглалтыг тэсвэрлэх, сэргэн ургах чадавхыг тодорхойлох нь” сэдвээр, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профeссор М.Сувд “Бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг хэрэгжүүлэх, цөлжилтийг бууруулах, сэргийлэхэд хууль, эрх зүйн орчны үзүүлэх нөлөө” сэдвээр тус тус илтгэл тавьсан.
Салбар хуралдаан “Бэлчээрийн экосистемийн үйлчилгээний тогтвортой байдал, эдийн засгийн үр өгөөжийг өргөжүүлэх нь: үр дүн, сургамж” сэдвээр, “Хариуцлагатай нүүдэлчид бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт - байгалийн бэлчээрт суурилсан монгол малын бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварыг сайжруулсан сайн туршлагууд” сэдвээр, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил ба залуу малчид” сэдвээр, “Мал аж ахуйн салбар дахь ногоон санхүүжүүлэлт” сэдвээр тус тус илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Форумын үеэр уламжлал болсон “Монгол орны бэлчээрийн ургамлыг хэн сайн мэдэх вэ? – 2024” уралдааныг зохион байгуулсан. Тус уралдаанд Монгол улсын их дээд сургуулиудад бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутнууд болон залуу малчид оролцдог бөгөөд энэ удаад Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, ХААИС, МУИС хамтран зохион байгуулав.
Гадаад, дотоодын 200 орчим зочид төлөөлөгчид цахимаар болон биечлэн оролцсон энэ удаагийн форум нь Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаагаараа онцлог байлаа.
Форумын нэг чухал сэдэв нь залуу малчдын асуудал байв. Энэ талаар Төв Азийн бэлчээрийн эвсэл, Олон улсын улсын газрын эвсэл, Олон улсын залуу малчдын эвслийн гишүүн, Кундуз Адылбекова /Киргиз/ илтгэл тавьсан. Тэрбээр, “Төв ази болон Монгол улсын бэлчээрийн мал аж ахуйд залуучуудын үүрэг оролцоо нэн чухал. Ихэнх залуу малчид бэлчээрийн мал аж ахуйг уламжлалат мэдлэг дээр суурилсан ирээдүйгүй, эдийн засгийн үр ашиг багатай хүнд хөдөлмөр гэж үздэг. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинэ технологитой хослуулан үр шимийг хүртэх боломж бололцоо залуучуудад илүү их байгааг онцолж байлаа.
Форумын хоёр дахь өдрийн арга хэмжээг Төв аймгийн Өндөрширээт суманд зохион байгуулсан. Энэ үеэр форумд оролцогчид өртөөчилсөн асруудад зочилж, тус сумын малчид нэгдэж малчдын байгууллагаа бэхжүүлсэн тухай, доройтсон бэлчээрээ хэрхэн сэргээж байгаа тухай, эрүүл чанартай эмийн үлдэгдэлгүй малын махыг зах зээлд нэвтрүүлсэн туршлагаа хуваалцсан. Мөн “Ширээт хөгжил хоршоо байгуулан хоршоогоороо дамжуулан дотоодын болон гадаадын үйлдвэрлэгч нарын стандартад нийцсэн түүхий эд нийлүүлдэг болсон амжилтаа танилцуулсан. Түүнчлэн ХААИС-ийн багш сурагчид малын тэжээл, дарш хийх хялбар атлаа ашиг тустай арга технологийг зааж өгсөн юм. Тус сумын малчдын зүгээс өгсөн сонирхолтой нэг мэдээлэл нь бэлчээрээ өнжөөж амраан нүүдэл хийснээр бэлчээрээ сэргээхээс гадна улирал бүр урамшуулал авдаг болсон нь ирсэн зочдын анхаарлыг татаж байсан юм.
Форумаас УИХ, Засгийн газар ХАА-н төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн өөрөө удирдах болон бүх шатны Засаг дарга, малчдын өөрөө удирдах байгууллага, гадаад дотоодын төрийн бус байгууллагуудад хандан 18 зүйл заалт бүхий зөвлөмж гаргалаа.
П.Нарандэлгэр