Ноолуураа зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлж байна

 

Хөвсгөл аймгийн "Эрхэлхурд" хоршооны зөвлөх Г.Энхболд: Ноолуураа зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлж байна 

 

 Таван хошуу малынхаа мах, сүү, цагаан идээ, ноос ноолуурын ашиг шимээр амьдардаг малчид бид сүүлийн жилүүдэд “Хариуцлагатай нүүдэлчин” стандартыг баримталж, мал сүргээ зүй зохистойгоор өсгөж үржүүлэн, малаас гарах түүхий эдээ нэмүү өртөг шингээн урамшуулалт үнээр зарж борлуулдаг болсон.

 Жишээлбэл, бид ноолуурын түүхий эд бэлтгэхдээ ямаанаас самнасан ноолуураа өнгөөр ялган, хялгасыг нь цэвэрлэж, тоос шороог нь шигших зэргээр анхан шатны тордолт хийж байна. Ингэснээр ноолуурын үйлдвэрлэлийн ялгах, цэвэрлэх процессыг хялбарчилж, өнгө болон чанараасаа хамаарсан ялгаатай үнэ тогтох боломжтой болж байгаа юм. Өнгөрсөн жил л гэхэд манай “Эрхэлхурд” хоршоо бэлтгэсэн ноолуураа зах зах зээлийн үнээс ₮2,000-₮4,000-р өндөр үнээр нийлүүлсэн.

 Дээрээс нь бид ноолуураа дундын зуучлагчдад нийлүүлэхгүй байснаар баталгаатай, байнгын хамтрагч байгууллага, түншүүдтэй боллоо. Орчин үед хүмүүс зүй зохистой, байгальд ээлтэй бүтээгдэхүүнд өндөр ач холбогдол өгч, тэр чинээгээрээ үнэлж худалдан авалт хийдэг болж, малчид ч хариуцлагатайгаар хөдөлмөрлөж байгаа нь манай салбарын хөгжлийн илэрхийлэл болов уу.

эх сурвалж:Монголын Үндэсний Стандарт Хоршоо / MNSC