ХҮРТЭЭМЖТЭЙ, ТОГТВОРТОЙ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ БИЙ БОЛГОХ ЗАМААР МАЛЧДЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ /2024.05.24/
МБАНХ-оос Герман улсын засгийн газар, Биологийн төрөл зүйлийн хамгаалах нийгэмлэгийн (NABU) санхүүжилттэйгээр 2027 он хүртэл хэрэгжих “Хүртээмжтэй, тогтвортой өртгийн сүлжээг бий болгох замаар малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” төслийн нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтийн хуралд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, ХХААХҮЯ-ны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Н.Цэвэгмэд, “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Манон Леларже болон Азийн хөгжлийн банк, МААЭШХ, ХААИС, Хаан банк, Ноос ноолуурын холбоо, Монголын махны холбоо, Монголын үндэсний стандарт дундын хоршоо, Малчдын ногоон алт дундын хоршоо, MEAT PACK ХХК, Хүннү Фэйшн ХХК-ны төлөөлөл болон төсөл хэрэгжүүлэх сумын 26 малчин оролцсон юм.
Төслийн хүрээнд Малчдыг бүлгийн зохион байгуулалтад оруулах замаар зэрлэг ан амьтныг хамгаалах, Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн МАА-н зохистой дадлын стандартыг нэвтрүүлэх, стандартыг нэвтрүүлсэн малчдын сарлагийн хөөвөр, цагаан идээг олон улсын болоод дотоодын зах зээлтэй холбож малчдын орлого нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Төслийн үр дүнд Бэлчээрийн доройтлыг 10 хувиар бууруулах, Малын эрүүл мэндийг 10 хувиар сайжруулах, Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн МАА-н зохистой дадлын стандартад биологийн олон янз байдал, сарлагийн хөөврийн шалгуур үзүүлэлтүүдийг нэмэлтээр оруулах, стандартыг 1400 өрхөд нэвтрүүлэх, Сарлагийн хөөвөр, цагаан идээ борлуулах гаднын болон дотоодын зах зээлтэй холбосон байна.