“MNS 6891-2020 ХАРИУЦЛАГАТАЙ НҮҮДЭЛЧИН ЗОХИСТОЙ ДАДЛЫГ НЭВТРҮҮЛЭХЭД ТАВИХ ШААРДЛАГУУД

Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-гийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт 68 суманд  2021-2028 оны хооронд хэрэгжүүлж байгаа билээ.

          Уг төслийн хүрээнд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар “МNS 6891:2020 Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлагууд” стандартыг сурталчлан таниулах зөвлөх үйлчилгээний гэрээт ажлыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөхийн баг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн.

          Тус зөвлөх ажлын хүрээнд  Дорнод, Сүхбаатар аймгийн зорилтот сумдад “МNS 6891:2020 Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлагууд" стандартыг  сурталчлан таниулах сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулсан.

          Сургалтын үр дүнд MNS 6891:2020 Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлагууд” стандартыг таниулах, сурталчлах зөвлөх үйлчилгээний даалгавар болон үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжиж буй хоёр аймгийн зорилтот 10 сумын удирдлага, мэргэжилтнүүд, хоршоод, үйлдвэрийн төлөөллийг оролцуулсан 2 удаагийн цахим сургалт хийсний зэрэгцээгээр малчдад зориулсан сургалтыг орон нутагт нэг удаа танхимын сургалт хэлбэрээр зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 550 хүнийг хамруулснаас 73 хувь буюу 402 малчин хамрагдаж, уг стандартыг хэрэгжүүлэх ойлголт мэдээлэлтэй болсон байна.