“Тэсийн голын Монголчууд” жуулчдад зориулсан аялалын маршрут гаргана

Төрж өссөн нутаг, уул усаа хайрлан хамгаалахын зэрэгцээ өвөг дээдсээс өвлөн ирсэн нүүдэлчин ахуй, ёс заншил, өв соёлын онцлогийг дотоод гадаадын жуулчдад сурталчилан таниулах “Тэсийн голын Монголчууд” төсөл 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас эхэлсэн түүхтэй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн хэсэг хугацаанд завсарлаад байсан уг төсөл өнгөрөгч наймдугаар сард ээлжит томоохон ажлыг эхлүүллээ.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цэвэр усны нөөц улам бүр хомсдож байгаа өнөө цаг үед Булнайн нуруунаас эх аван Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Тэс, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Тэс сумдын 40 гаруй мянган хүний амьдралын эх ундрага болсон Тэсийн голоо хайрлан хамгаалах нь зүйлшгүй юм. Тэсийн гол нь 560 гаруй км урсахдаа 150км орчмыг нь ОХУ-ын Тува улсын нутгаар дайран өнгөрдөг нь зөвхөн Монголчуудын анхаарал хандуулах асуудал биш гэдгийг ч сануулж буй. Тиймээс олон зуун жилийн  туршид энэ нутагт амьдарч ирсэн хүн зоны ундаалсан Тэсийн голыг хүн бүр хайрлан хамгаалж, үр хойчдоо үлдээхийн төлөө энэхүү төслийг санаачлан хамтран  ажиллах боломжийг нээсэн билээ.

Тэгвэл энэ удаад /2022.08.01-09/ Тэс голын дагууд амьдарч байгаа гурван аймгийн долоон сумын Засаг дарга нар хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар байгалийн эко системийг хайрлан хамгаалах, зорин ирэх дотоод гадаадын жуулчдад үзүүлэх зүйлс, халх, баяд. хотгойд түмний амьдрал ахуй, ёс заншил, соелын онцлог болон олон нийтэд төслөө хүргэх чиглэлд юуг анхаарах талаар хэлэлцэж, аялалын маршрут гаргах ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Оролцогчид аялалын маршрут гаргахын тулд Тэсийн голын эхээс Увс нуурт цутгах хүртэлх замыг туулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж буй малчдын амьдрал ахуйтай танилцаж, байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт газрууд, түүх соёлыг үзэж сонирхон,  харилцан туршлага солилцож, сумын иргэдийг мэдээ мэдээллээр хангаж, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулсан билээ.

Энэхүү ажилд Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа санаачлан, Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны дарга М.Анхбаяр, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Г.Энхболд, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Т.Лхагвасүрэн, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Н.Анхбаяр, Цагаан-Уул сумын Засаг дарга С.Гончигням, Завхан аймгийн Баянтэс сумын Засаг дарга Х.Лүндээжанцан, Тэс сумын Засаг дарга Б.Банзрагч, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргал, Зүүнговь сумын Засаг дарга Б.Эрдэнэ-Очир, Тэс сумын Засаг даргын орлогч Н.Намсрай, Завхан аймгийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ч.Жавзанпагма тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үргэлжлэл бий ...

П.Нарандэлгэр