Монгол улсад анх удаа тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэлсэн үйлдвэрүүд БАТЛАМЖ гардлаа

Текстилийн Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг төслийн хүрээнд Монгол Улсын стандарт хэмжилзүй, итгэмжлэлийн тогтолцоо, өнөөдөр хэрэгжиж буй ноос, ноолуурын салбарт хамаарах стандарт, гэрчилгээжүүлэлтийн төрлүүд болон олон улсад түгээмэл хэрэглэгддэг стандартуудын талаар нэгдсэн ойлголт өгөх сургалт семинар /2022.06.11/ боллоо. Тус арга хэмжээнд төслийн хүрээнд хамтран ажилладаг аймаг сумдын малчид, санхүүжүүлэгч байгууллагууд, тогтвортой санхүүгийн холбооны гишүүн банкны төлөөллүүд, судалгааны байгууллагууд, төрийн байгууллагын төлөөлөл, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр Монголын тогтвортой ноос ноолууран бүтээгдэхүүний борлуулалтад итгэмжлэл баталгаажуулалтын байгууллагын гүйцэтгэх үүрэг оролцоо, Стандарт хэмжилзүй Монгол улсад хэрэгжиж буй текстилийн чанарын болон тогтвортой байдлын стандартууд, гэрчилгээжүүлэлтийн төрлүүд, Европын Холбоо болон Франц улсад тогтвортой текстилийн салбарт тавигддаг хууль, эрхзүйн шаардлагууд, Олон улсын брэндүүдийн тавьдаг гол шаардлагууд, Малын гаралтай түүхийн эдийн бүртгэлийн систем, MNS 6891:2020 Хариуцлагатай Нүүдэлчин стандарт, RMTS систем, AVSF Монгол байгууллагын Тогтвортой Ноолуур Гэрчилгээжүүлэлтийн схем, Бүтээгдэхүүний чанарын стандартууд, MNS 6926:2021 Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн үндэсний стандарт, Үйлдвэрт хийх баталгаажуулалт, Тогтвортой ноос, ноолуурын сүлжээнд гэрчилгээжүүлэлт хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилт, амжилттай хэрэгжүүлэхэд оролцогч бүрийн хувь нэмэр гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийж, дэлхийн зах зээл дээр монголын тогтвортой ноолуур ноолуурыг таниулан сурталчлахад ямар үйл ажиллагаа явуулах, Монгол улсдаа тогтвортой байдлын хоёр стандартыг хэрэгжүүлэхэд цаашид ямар арга хэмжээ авч явуулах, ямар боломж бололцоо байгааг ярилцаж хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг зохион байгууллаа.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Монгол улсад анх удаа тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэлсэн 13 үйлдвэрт аудитад амжилттай оролцсоныг баталж БАТЛАМЖ гардуулсан юм.

У.Сарангоо: Бид дэлхийн хэмжээнд баримталж байгаа тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний стандартыг хэрэгжүүлсэнээ нотолж харуулна

/AVSF Монгол байгууллагын суурин төлөөлөгч/

Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн үндэсний стандарт нь ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг байгаль орчинд ээлтэй,  эрчим хүч, усны хэмнэлттэй үйл ажиллагаа явуулж, үйлдвэрийн хаягдал усаа дахин боловсруулах, ажилчин хүний эрхийг дээдлэх, компанийн байгаль орчинд чиглэсэн аюулгүй байдлын хэм хэмжээг хэрхэн яаж баримтлах вэ гэдгийг тодорхой болгож өгсөн. Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн үндэсний стандарт болон Хариуцлагатай Нүүдэлчин стандартыг мөрдсөнөөр манай ноос, ноолуурын салбар дахь нэмүү өртгийн сүлжээ бүх шатандаа тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээг нэвтрүүлэх боломж олгож байгаа юм.

Хамгийн гол нь бид дэлхийн хэмжээнд баримталж байгаа тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний стандартыг хэрэгжүүлсэнээ нотолж баталж харуулна. Өөрөөр хэлбэл манай ноос ноолуурын салбар, олон улсын бусад ижил төстэй үйлдвэрлэгч нартай мөр зэрэгцэн алхаж чадаж байгаа гэдгийгээ харуулах боломжтой боллоо. Ингэснээр монгол ямааны ноолуур маш сайн чанартайгаас гадна байгаль орчиндоо ээлтэй гэдгийг бид нотолно. Энэ нь монгол ноолуурын экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрүүд маань малчдынхаа гар дээрээ шууд байгаль орчинд ээлтэй аргаар бэлтгэсэн ноолуурыг авч, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал, үнэ цэнэ, үнэлэмжийг бий болгож байгаагаараа онцлог юм.

Ц.Энх-Амгалан: Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг зүгээр ярих биш баталгаажуулах ёстой

/МБАНХ-ны Удирдах зөвлөлийн дарга/

Монгол улсын хувьд экспортын зах зээлд хамгийн ирээдүйтэй бүтээгдэхүүнийг ноолуур гэж үздэг. Жилд 10 мянган тонн ноолуур үйлдвэрлэдэг ч дөнгөж 2 мянган тонныг л эцсийн бүтээгдэхүүн болгон гадагш байна. Үлдсэнийг нь угаасан самнасан байдлаар буюу нэмүү өртөг шингээгүй, ажлын байр бий болгохгүй, татвар төлөхгүйгээр гаргаж байна гэсэн үг. Тиймээс180 мянга орчим малчин өрх 110 сая га бэлчээрт 27 сая гаруй ямаагаа жилийн турш маллаж, маш их хөдөлмөр шингээн гаргаж байгаа 10 мянган тонн ноолуурыг нэмүү өртөг шингээж, ажлын байр буй болгодог, Монгол Улсдаа татвар төлдөг, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг болгоход чиглүүлэх хэрэгтэй.  

Бид сүүлийн 10 гаруй жил дэлхийн зах зээлд хэрэглэгчийг бий болгох, экспортыг хөгжүүлэхэд чиглэсэн ажлуудад анхаарал хандуулан ажиллаж байхад хамгийн гол бэрхшээл нь стандарт байлаа. Монголын нүүдлийн мал аж ахуй бусдаас юугаараа онцлог юм гэдгийг бид стандартаар л гаргаж ирнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт байх ёстой гэж үзээд өнөөдөр бид учир зүйг нь нэлээн сайн оллоо. Монгол Улсын тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн стандарт нь үйлдвэрийн шатандаа ямар байх ёстой юм, Бэлтгэн нийлүүлэлтийн шатанд ямар байх ёстой юм гэдгийг тодорхой болгосон.  Манай байгууллагын хувьд малчны хотноос эхлэх “Хариуцлагатай нүүдэлчин”  стандартыг 2020 онд батлуулсан. Энэ стандартаар малын бэлчээр нь ямар байх ёстой юм, мал амьтны тавлаг байдал нь ямар байх ёстой юм. Тэжээл нь ямар байх ёстой. Хашаа хороо, уст цэг, мал эмнэлгийн статус нь ямар байх ёстой, малчин хүний зохистой дадал нь ямар байх ёстой юм. Ноолуураа яаж самнах юм, сам нь ямар байх ёстой юм зэргийг тодорхой болголоо.

Бид өрсөлдөх чадвар гэж их ярьдаг, Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг зүгээр ярих биш баталгаажуулах ёстой. Түүнийгээ баталгаажуулах стандарттай болсон учраас дараагийн шатанд бид хэнд юу зарах вэ гэдэг нь чухал. Европын зах зээл дэх хэрэглэгчид байгаль орчин, мал амьтанд ээлтэй, хүний  хөдөлмөрийг үнэлсэн, зохистой дадлыг нэвтрүүлсэн стандартыг хүлээн зөвшөөрдөг. Тэдгээр үзүүлэлтийг хайдаг судалдаг, тогтвортой үйлдвэрлэлийг ойлгодог хамгийн том хэрэглэгч бол европын зах зээл. Тиймээс европын зах зээлд хэрэгжиж байгаа шаардлага юу байна вэ гэдгийг энэ уулзалтаар хэлэлцэнэ. Хоёр стандартаа зах зээлд яаж сурталчлах, юун дээр анхаарах ёстой вэ гэдэг талаар ярьж байна. Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд хамтарч ажиллаж буй хэлбэр нь Монголын тогтвортой ноолурын салбарт арай өөр түвшинд  ирж байгааг харуулсан чухал уулзалт болж байна. Дараагийн шатны эхлэл болж бид 7 сарын эхээр Франц Улсад ноолуурын салбарынхан оролцдог томоохон үзэсгэлэнд оролцоно. Тэнд манай монгол ноолуурын бусдаас ялгарах чадвар буюу монголын ноолуур тогтвортой аргаар үйлдвэрлэгдсэн, мөшгих тогтолцоогоор бэлтгэгдсэн, мал амьтны эрх ашгийг дээдэлсэн, өндөр чанарын бүтээгдэхүүн гэдгийг бид нар анх удаа нотолно. Ноолуурын стандарт буюу бэлтгэн нийлүүлэлтийн “Хариуцлагатай нүүдэлчин”  стандартаа танилцуулж, Европын зах зээлд шинэ хуудас нээх гэж байна. Тэр том ажлын  урьдчилсан бэлтгэлийг хангах арга хэмжээ болж байгаад баяртай байна.

Б. Батцэцэг: Ноолуурын салбарт 100 гаруй, ноосны  300 орчим үйлдвэр ажилладаг. Бид эхний 20 ч хүрэхгүй хувьд стандартыг нэвтрүүлэээд байна

/Монголын ноос ноолуурын холбооны Баталгаажуулалтын албаны дарга/

Дэлхийн хэрэглэгчид тогтвортой үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэрэглэхийг илүү зорьж байгаа өнөө үед Монголын ноос ноолуурын салбарын мэргэшсэн зөвлөх инженер, эрдэмтэдийн баг хамтран ажиллаж, Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн үндэсний стандартыг 2021 оны 7 дугаар сард батлуулсан. Энэ хүрээнд Ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын алба маань итгэмжлэлийн байгууллагаараа дамжуулан үйлдвэрүүддээ тогтвортой үйлдвэрийн стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн.

Step Eco lab буюу Европын холбооны санхүүжилтийн AVSF төслийн хүрээнд бид  үндэсний буюу дотоодын зөвлөхүүдээр үйлдвэрүүдэд зөвлөгөө өгсөн. Тухайлбал, тогтвортой үйлдвэрлэл гэж юу юм, тогтвортой үйлдвэрлэлд тавигдаж байгаа ямар шаардлага байгаа юм, тогтвортой үйлдвэрлэлийн шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрүүд маань юу хийх ёстой юм бэ гэдэгт зөвлөгөө өгч ажилласны үр дүнг бататгаж, энэ 4 дүгээр сараас эхлэн 13 үйлдвэрт аудит хийлээ. Аудитыг текстилийн салбарын мэргэшсэн инженерүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хийж, үр дүнгээ танилцуулж байна. Анх 2021 онд энэ стандартыг батлуулж байхад үйлдвэрүүд маань ямар ч ойлголт байгаагүй. Тогтвортой үйлдвэрлэл гэдэг үгээ бараг ойлгохгүй шахуу явж байсан бол өнөөдөр маш сайн үр дүнд хүрсэн.

Хүн ба байгальд ээлтэйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ явуулж, ус болон эрчим хүчний хэмнэлттэй, сав баглаа боодлыг байгальд ээлтэйгээр шийддэг, хог хаягдлаа дахин ашигладаг, хог хаягдлын менежментээ сайжруулсан, хог хаягдлаа байгальд хаяхгүйгээр дахин боловсруулдаг болох юм. Мөн нийгмийн хариуцлага буюу хүний эрхийг бодлогын бичиг баримтдаа тусгаад компаниуд, удирдлагууд нь үүрэг амлалт авч, бүх ажиллагсаддаа хүний эрхийн асуудлыг танилцуулж, хүний эрхийн зөрчилгүй хамт олон болохоор ажиллаж байна. Хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэнтэй эвлэлдэн нэгдэх эрх, илүү цагаар ажиллуулж байсан зэрэг асуудлаа анхаарч, дундаж цалин хөлсийг ямар түвшинг ярилцах зэргээр хүндээ хандсан маш олон бодлогуудыг гаргаж түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн.

Усны хувьд том үйлдвэрүүдээс бусад нь тоолуургүй байсан бол одоо бүгд эх үүсвэр дээрээ тоолуур тавиад бүртгэлжүүлээд нэгж бүтээгдэхүүнд оногдох ус болон эрчим хүчний хэрэглээгээ тооцож чадаад хэрэглээгээ хэрхэн яаж, хэдэн хувиар бууруулах вэ гэдэг хэтийн төлөвлөгөөнүүдээ гаргаж ирсэн. Бохир усан дээрээ ч тоолуураа хийсэн. Ингэснээр үйлдвэрлэлээс гарч байгаа бохир ус буюу шингэн хог хаягдлаа яаж эргүүлж ашиглах вэ? хаана ашиглах вэ гэдэг бодлогуудаа гаргаад тоног төхөөрөмжүүдээ тавьж эхэлсэн зэрэг олон амжилтууд байна. Манай ноолуурын салбарт 100 гаруй, ноосны  300 орчим үйлдвэр ажилладаг. Бид эхний 20 ч хүрэхгүй хувьд стандартыг нэвтрүүлэээд байна. Цаашид бүх үйлдвэрүүдэд чиглэсэн ажлууд хийж, дэлхий нийтийн чиг хандлагатай зэрэгцэн ажиллахаар зорьж байна.

Зах зээл дээр гадаад байгууллагууд эко брэнд болон sustainable байдлыг маш их шаарддаг

Сноу Филдс ХХК-ний төлөөлөл Г.Эрхэмболд хэлэхдээ “Манай байгууллага аудитад орсноор компанийн стандарт гэдэг зүйлийг улам тодруулж байгаа. Манай компани одоогийн байдлаар ISO9001 болон “STANDARD 100 by OEKO-TEX” олон улсын стандартын шаардлагыг хангасан гэрчилгээг тус тус авсан. Энэ удаагийнх бол Монголд маш хэрэгтэй стандарт гэж ойлгож байна. Байгууллагуудад маш хэрэгтэй хог хаягдлын талаар, усны тоолуур, бохир хог хаягдал, саарал усаа яаж байгальд ээлтэй аргаар үйл ажиллагаагаа явуулах вэ гэсэн сургалт өгсөн.

Зах зээл дээр гадаад байгууллагууд эко брэнд болон sustainable байдлыг маш их шаарддаг. Үүнийг мэдэхгүй байсан ч одоо жагсаалтын дагуу байгальд ээлтэй аргаар ажиллахыг тодорхой болгож өгсөн нь хамгийн том нөлөө өгөх ажил болж байна гэж бодож байна. Үүнийг мэдэхгүй байсан ч одоо жагсаалт гарган тэр дагуу байгальд ээлтэй аргаар ажиллахыг тодорхой болгож өгсөн нь хамгийн том нөлөө өгөх ажил болж байна гэж бодож байна.

Энийгээ дагаад стандартыг цааш нь хөгжүүлээд явах юм боло монгол оос дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүд гаргахад маш амар болно. Ялангуяа америк, европ, солонгос, япон зэрэг улсад амжилттай экспорт хийх болно” гэлээ.

П.Нарандэлгэр