Эрдэнэт хотноо Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн уулзалт зохиогдож байна

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Бэлчээрийн тогтвортой менежмент, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн семинарууд зохиогдож байна.

Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын Ахлах референт П.Энхсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Д.Батмөнх, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн Зохицуулагч Л.Мэнд-Амар, ХХААХҮЯ-ны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Төгс-Эрдэнэ болон Орхон, Хөвсгөл, Булган аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, зарим сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Татварын газрын төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт хэрэгжилт, Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, шинэлэг шийдлүүд, Сүргийн эргэлтийг зөв зохион байгуулж, малын чанарыг сайжруулах тухай мэдээлэл өгч байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд Орон нутгийн бэлчээрийн менежментийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар аймаг тус бүр мэдээлэл, танилцуулга хийж харилцан санал солилцох юм.

 

 

 

0

Дашрамд дуулгахад, Улсын хэмжээнд Малын тоо толгойн албан татвараар нийтдээ 15.3 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойшхи дүн мэдээ бөгөөд Малын тоо толгойн албан татвараар төвлөрч буй хөрөнгийг орон нутагт нь буюу  малчдад өөрсдөд нь зарцуулах хуулийн зохицуулалттай. Энэ үйл ажиллагааг аймаг, орон нутгийн ИТХ, Засаг дарга нар газар дээр нь хэрэгжүүлэх эрх, үүрэг хүлээж байгаа юм. Баруун бүсийн зөвлөгөөн Ховд аймагт зохиогдсон бөгөөд маргааш Сэлэнгэ аймагт зохион байгуулах юм.

П.Нарандэлгэр