Дурсамжаар хөглөгдсөн “Говийн зэрэглээ”

Хүүхэд насны гэгээн дурсамжаар аялуулах кино зургийн хальснаа дүрээ мөнхөлнө гэдэг хүн бүрт тохиох аз биш. Ялангуяа 1980-аад онд. Аавтайгаа хөтлөлцөж, ангийнхантайгаа бүжиглэж, хайртай нохойгоо кинонд тоглуулсан тухай 40 жилийн дараа баяр хөөр дүүрэн дурсах Хулд сумынхан. Он жил өнгөрөх тусам үнэ цэнийг мэдрэх тэдний дурсамжаар хөглөгдсөн “Говийн зэрэглээ” өнөөдөр “Өнгөрсөн одоо ирээдүй”-г холбохоор төсөл болон хэрэгжиж байна. Тодруулбал, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Намжилдоржийн Баасанхүү санаачилан Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилт, нутгийн иргэдийн оролцоо, дэмжлэг, хандиваар бүтсэн “Говийн зэрэглээ” төсөл Дундговь аймгийн Хулд сумыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахаар өнгөрөгч Есдүгээр сарын 30-нд нээлтээ хийсэн билээ.

Тэгвэл өнгөрөгч баасан гаригт /2021.11.19/ Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны хамт олон Улаанбаатар хотоос 380 км-т байх Хулд сумыг зорин очиж, “Говийн зэрэглээ” төсөлтэй танилцах аялалыг хийсэн юм. Аялалын багийнхан үдшийн бүрийд Хулд суманд очиход хамгийн тод байшинг зориод ирээрэй гэж захьсан нь үнэн байв. Цэнхэр туяа татуулсан хашаа, трактор, байшин үнэхээр онцгой содон харагдаа ажээ. Нэг хэсэг хүнсний мухлаг болж, нутгийнханаас өөр хүн мэдэхээргүй шахам болчихсон холбооны барилгыг “Жуулчны мэдээллийн төв” болгон засаж янзлаад тэмээний өв соёл, ашиг шимтэй нь холбоотой мэдээлэл өгч, аялал жуулчлалыг хөгжүүлэх олон ажлыг санаачлан эхлүүлээд байгаа нь энэ аж.

Аялал жуулчлалын төв нь кофе шоп, орчин үеийн интернэтийн сүлжээ бүхий цахим төхөөрөмж, компьютер тоноглолоор бүрэн тоноглогджээ. Хамгийн гол нь тус сумынханы мөнхөд дурсах түүхийг бүтээсэн “Говийн зэрэглээ” киноны үйл явдлыг харуулсан гэрэл зураг, холбогдох эд зүйлс, гадна талбайд “Арслангийн трактор”, ууртайгаар өшиглөдөг төмөр хувин зэргийг байршуулсан нь сэтгэлд нэг л дотно. Аялал жуулчлалын энэхүү төвийг дэмжин “Дорж сэвэр уулын хишиг” малчны хоршоо байгуулж, хоршооны даргаар Хулд сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн С.Хорлоог томилсон аж. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түүх бүтээх нь хамгийн гол асуудал. Тэр түүхээрээ дамжуулж, жуулчдыг татах олон ажил хийх боломжтой хэмээн сүүлийн жилүүдэд ихэд анхаарч, ярих болсон. Хулд сумынхан ч 40 жилийн тэртээд үлдсэн эл түүхийг сум орон нутгаа сурталчилж, хөгжиж дэвших боломж хэмээн харж чадсан гэлтэй.

Төслийг санаачлагч Н.Баасанхүүг Дундговь аймагт танихгүй хүн үгүй. Хулд сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. 1999 оноос хойш 10 гаруй жил аймаг дахь Мерси Кор Олон улсын байгууллагыг удирдаж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн шинэчлэл, өөрчлөлтийг бий болгосон гэх. Харин өдгөө Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Хоршооны зөвлөхөөр ажиллаж буй. Түүний эдийн засгийн чиглэлийн сургалтууд сонссон хүндээ итгэл найдвар урам зориг өгч, хуримтлал үүсгэх нь амьдралд маш чухал гэдгийг ойлгуулж чаддаг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэгвэл 2015 онд Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт төслийн менежер Ц.Энх-Амгалан Хулд сумын төвд байдаг холбооны хуучин байшинг хараад “Бааска ахаа, энэ  түүхэн байшинг түшиглээд гоё ажил хийгээч, боломжтой юм байна даа” гэснээр  “Говийн зэрэглээ” төслийн санаа анх гарч,  2020 онд төсөл боловсруулж, дэмжигдсэн нь энэ аж.

Говь нутгийн  үзэсгэлэнт чимэг болж, өөрийн гэсэн өвөрмөц соёлыг хадгалсан тэмээн сүргийг өсгөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх нь зөвхөн монголчууд бидний асуудал биш. Учир нь дэлхий дээрх хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь Монголын говьд нутагладаг гэдэг утгаараа олон улсын анхаарлыг татдаг. Тиймээс нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэдний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн холбооны жижиг байшинг тэмээнийхээ өв соёлтой хослуулан төслөө боловсруулсан. Аялал жуулчлалын төв маань одоо 40 жилийн өмнөх хүмүүсийн аж амьдралыг харуулсан музей болон хөгжиж байна хэмээн Н.Баасанхүү ах онцолж байлаа. Бяцхан нууц хэлэхэд “Говийн зэрэглээ” кинонд тоглосон хар нохойг “трактор”  гэж дууддаг юм. Кино зохиолын дагуу нохой гарах ёстой гэж дуулаад ээж маань тэр халуун өдөр нохойгоо хөтөлж очоод зурганд оруулсан гэдэг. Тэгээд “трактор” кинонд тоглоод 24 төгрөг өглөө гээд ээж минь их л баяртай инээж байсан” хэмээн хуучлахдаа Баасанхүү ах тэр л үеийг эргэн санах мэт нүд нь хайр дүүрэн гэрэлтэж, “Бид ирэх жил энэ байрныхаа гадаа “Трактор”-ынхоо хөшөөг байршуулна. Манай нохой ч бас “Говийн зэрэглээ”-ний нэг хэсэг” хэмээсэн юм.

Говийн хүмүүсийн аж амьдрал тэмээний соёлыг нийтэд сурталчлах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд олон ажил төлөвлөсний нэг нь “Миний говийн гэр” арга хэмжээг онцолж байна. Энэ хүрээнд тэмээ бүхий малчин  айлд 3-5 хоног сайхан амраад тэмээчний, говийн малчны амьдрал ахуйтай танилцаж, монголчуудын хэлдэгээр “Хөдөө гэр”-тэй болох боломжтой гэнэ. Амрахаар захиалга өгсөн гэр бүлийн аялагчдыг “Говийн зэрэглээ” аялал жуулчлалын төвд очиход Хулд сумаас урагш, Улаанбаатар-Өмнөговийн засмал замын дагуу 40 км-т засмал замаасаа зүүн талд ийм координатад байна гэсэн мэдээлэл өгөх аж.

Амрагч гэр бүлээрээ өөрийн дуртай хүнсний зүйл, ор дэрний хэрэглэлтэйгээ очно. Амрагч хүлээн авах айл нь тэдний байрлах гэрийг бэлтгэнэ. Мал аж ахуй, эрхэлж байгаа үйл ажиллагаандаа хэрэглэх зүйлсийг бэлтгэнэ. Унах тэмээ, ингэний сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологи арга, мал аж ахуйн тоноглол хийдэг арга гэх мэт. Тухайлбал, аж ахуйтай холбоотой эд зүйлс буюу “будаатай борцтой цай”, “буцалгаа” гэх мэт малчдын уламжлалт хоол унд  хийхэд шаардагдах материалыг бэлдсэн байх ёстой гэнэ.

Аялагчид мал аж ахуйн хөдөлмөртэй танилцаж, хүсвэл өөрсдөө оролцож, хоол ундаа гэрийн эзэгтэйн заавраар хийх боломжтой аж. Энэ өдрүүдэд байгалийн үзэсгэлэнт газрууд болох Цагаан суварга, Хэвтээ босоогийн агуй,  Дэл хөнжлийн уул руу өөрсдийн сонирхлын дагуу аялал хийж, харилцан сонирхолтой ярилцлага өрнүүлсэн өдрүүд байх гэнэ.  Төлбөр тооцоогоо тухайн байрласан айлдаа төлнө. Энэхүү ажлын үр дүнд говийн цэлгэр сайхан тал нутагт амарч, алжаалаа тайлахын зэрэгцээ малчин хүний цаг наргүй, гайхамшигтай ажил амьдралыг үр хүүхдүүддээ танилцуулж ойлгуулна.

Монгол ахуй, ёс заншилаа танин мэдэхэд тустай хүүхдэд ээлтэй аялал жуулчлалын нэг хэлбэр бөгөөд тухайн малчин өрх  ч тодорхой хэмжээний нэмэгдэл орлоготой болж, цаашид аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлэх хандлага сэтгэлгээ сууна. Жирийн малчин айлын хувьд хүмүүст үйлчилгээ үзүүлэх гэж байгаа учраас хүнсний эрүүл ахуй, амрагчдын аюулгүй байдал зайлшгүй яригдах ёстой. Тиймээс төсөлд хамтран оролцох малчдыг үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангасан нэмэлт тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр дэмжиж, модон сав, сүү сүүн бүтээгдэхүүний сав суулга тоног хэрэгслийг захиалж, бүтээгдэхүүнийг малчдад хүлээлгэн өгсөн.

Малчин хүн өөрийн аж амьдралыг бусдад харуулж, өв соёлоо таниулах гэж байгаа ч гэсэн үйлчилгээний соёл, стандарт гээд олон зүйлд суралцах ёстой. Тиймээс энэ төслийн хүрээнд малчин өрхүүдэд, тэр дундаа малчин эмэгтэйчүүдэд чиглэсэн “Аялал жуулчлал-Малчин”, “Тэмээний аж ахуйг зах зээлтэй холбох маркетинг” буюу малын эрүүл мэнд, сүү сүүн бүтээгдэхүүн, ноос, “Хуримтлалтай малчин-ХЗХ”, “Чинээлэг малчин- Анхан шатны малчны хоршоо”, “Хандлага ба өөрийгөө өөрчлөхүй” гэсэн сургалтууд хийж, гишүүддээ үр өгөөжөө өгдөг хамтын ажиллагаанд тулгуурласан  “Хадгаламж зээлийн ба анхан шатны хоршоо” байгуулан ажиллахад нь тусална. Баруун 7 аймагт малчдын үүсгэн байгуулсан 44 Хадгаламж зээлийн хоршоог хөгжүүлэхэд би зохих хэмжээгээр хүчээ өргөсөн туршлагаа нутагтаа нутагшуулах гэж зорьж байна хэмээн төслийг санаачлагч маань онцолж байлаа.

 

    

/Төслийн хүрээнд дээр дурдсанаас гадна өөр олон ажил хэрэгжүүлэх бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://goviinhuld.mn вебээс харах боломжтой юм/

Холбоотой мэдээлэл:

www.newswall.mn

www.greenmongolia.mn

П.Нарандэлгэр