card

Мөшгөх тогтолцоо

МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН МӨШГӨХ ТОГТОЛЦОО БУЮУ ХАРИУЦЛАГАТАЙ НҮҮДЭЛЧИД СИСТЕМИЙГ  ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

Дэлхийн зах зээл дэх хэрэглэгчид нь байгальд ээлтэй, тогтвортой замаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг илүү сонирхох болжээ.  Хэрэглэгчдийн энэ сонирхолд нийцүүлэн боловсруулах үйлдвэрүүд болон худалдан авагчид нь байгальд ээлтэй, тогтвортой замаар үйлдвэрлэсэн, баталгаатай, эргэн мөшгөх боломжтой түүхий эд бэлтгэлийн системийг  нэвтрүүлсэн малчид, БАХ, СБАХ, хоршоодоос түүхий эд, материалаа авах хандлага нэмэгдэж байна. 

Түүхий эдийн байгальд ээлтэй, тогтвортой гэдэг ойлголтод эрүүл бэлчээр, эрүүл мал, малын тавлаг байдал, түүхий эдийн чанар, хариуцлагатай малчин, цэвэр, аюулгүй орчин зэрэг үзүүлэлтүүдийг чухалчилдаг.

Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн  малчид, малчдын байгууллага нь /СБАХ, БАХ, Хоршоо/ бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэх, малын чанар, эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах,  малын стрессгүй тавлаг байдал, хүрээлэн байгаа байгаль орчинд ээлтэй гэх мэт үзүүлэлтүүд дээр анхаарч үйлдвэрийн хаалга хүртэл байгальд ээлтэй аргаар зөв бэлтгэх бүхий л үйл ажиллагааг хамааруулна

Мөшгөх тогтолцоо гэж малын гаралтай түүхий эдийг малчны хотноос эхлээд  эцсийн хэрэглэгчийн гар дээр тавих хүртэлх алхам бүрийг  мэдээлэл технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн хянах үйл явц юм.

Малын гаралтай түүхий эдийн мөшгөх тогтолцооны үнэмлэхүй зорилт нь түүхий эдийн гарал үүслийг баталгаажуулах, нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүх түвшинтэй холбоотой түүхийг мэдэхийн сацуу малчин өрх болон БАХ-үүдэд зах зээлд нэвтрэх боломжийг олгох явдал юм.

МБАНХ нь 2017 оноос эхлэн төрийн болон салбарын ТББ-уудтай хамтран /Ус цаг уур, орчны шинжилгээний газар (УЦУОШГ), Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ), Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс ширийн холбоо/ монгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмжийг өсгөхийн тулд олон улсын стандарт шаарлагад нийцүүлэн мэдээлэл технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн “Хариуцлагатай нүүдэлчин” мөшгөх системийг хөгжүүлж байна.

БАХ-үүд болон хоршоод нь нийлүүлж буй түүхий эдийнхээ гарал үүсэл, хэмжээ, чанарын талаарх мэдээллийг  энэхүү системд оруулснаар түүхий эд худалдан авагчдад чанарын баталгаа олгох, гарал үүслийн эргэн мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх суурь болно. Ингэснээр боловсруулах үйлдвэрүүд нь худалдан авч буй түүхий эдийнхээ түүх гарал үүслийг эргэн мөшгөх боломжтой болох юм. Түүнчлэн, түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ нь тогтвортой, ил тод, найдвартай бөгөөд бэлтгэсэн түүхий эд нь хүрээлэн буй орчинд ээлтэй болохыг нотлох баталгааг олгох, улмаар үйлдвэрлэгчдийн гадаад зах зээл дэх маркетингийн стратеги сайжрах нөхцөл бүрдэнэ.

Хариуцлагатай нүүдэлчид системийн тухайд: /RMTS/

Энэхүү систем нь бэлчээрийн төлөв байдал, малын тавлаг байдал, эрүүл мэнд, малын гаралтай түүхий эдийн чанар зэрэг үзүүлэлтүүдийг цогцоор багтаахын зэрэгцээ малчдаас авах түүхий эдийн тогтвортой, хариуцлагатай байдлыг стандартчилах боломжоор хангах юм.

Хариуцлагатай нүүдэлчид систем нь УЦУОШГ, ГЗБГЗЗГ-ын бэлчээрийн бүртгэлийн систем, малын бүртгэлийн систем, МЭЕГ-ын мал эмнэлэг, сүлжээ лабораторийн систем, мал эмнэлгийн гэрчилгээний систем зэрэг улсын хэмжээний мэдээллийн сантай холбогдсон.

Хариуцлагатай нүүдэлчид мөшгөх системийн мэдээллийн бааз

Мэдээлэл технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцоо нь малчны хотноос эхлээд  эцсийн хэрэглэгчийн гар дээр тавих хүртэл алхам бүрт хийгдсэн хяналтын ажлын мэдээллийг  стандартчилснаар малчид, БАХ-үүд бэлчээрийн тогтвортой байдал, бэлчээрийн менежментийн дадлуудыг нэвтрүүлж, хамгийн сайн чанарын малын гаралтай түүхий эдийг (сарлагийн хөөвөр, торомны ноос, ноолуур, арьс, шир) бий болгож, улмаар эдийн засгийн урамшуулал хүртдэг “Хариуцлагатай малчин”-г бий болгох юм.

Энэхүү системд нийт 18 амйгийн бэлчээр ашиглагчдын холбоо, 156 сумын бэлчээр ашиглагчдын холбоо, 1445 БАХ-ийн мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн 82  түүхий эдийн анхан шатны хоршоо, 6 дундын хоршоо, 20 хадгаламж зээлийн хоршоодын мэдээлэл бүртгэгдсэн байна.