Марк Тассэ: Цаг агаарын мэдээг 160 мянга гаруй малчны гар утсанд илгээж байна
Марк Тассэ: Цаг агаарын мэдээг 160 мянга гаруй малчны гар утсанд илгээж байна

“Монгол дахь зудын менежмент ба ирээдүйн хандлага” сэдэвт мэдлэг солилцох зорилго бүхий эрдэм шинжилгээ, онол практикийн Олон улсын чуулган Улаанбаатар хотноо /2019.12.04/ гурав дахь жилдээ боллоо. Энэхүү чуулганыг Цаг уур орчны шинжилгээний газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Япон улсын Нагоя их сургууль, Мерси Кор Монгол ОУБ, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Монгол болон Австралийн Улаан загалмайн нийгэмлэг, Охфордын их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС хамтран зохион байгуулав.

2016 оноос Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн /УЦУОСМХ/, Японы Нагоя Их Сургуулийн судлаачидтай хамтран зудын эрсдлийг урьдчилан тооцоолох арга зүйг боловсруулан Монгол орны хэмжээнд зудын эрсдлийг эртнээс тооцоолон зураглаж, үйлчилгээнд нэвтрүүлэн ард иргэдэд мэдээлж эхэлсэн билээ.

Энэхүү зудын эрсдлийг эртнээс сэрэмжлүүлэх зураглал дээр суурилан Монгол улсын Засгийн газар болон Олон улсын байгууллагууд хамтран зуд болох өндөр эрсдэлтэй нутгуудад урьдчилан мэдээлэл өгснөөр  менежментийг зөв хийж, зудын хохирлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч байгаа юм.

Монгол орны хэмжээнд малын хорогдолыг бууруулахад үр дүнгээ өгсөн тус ажлын хүрээнд 2017 оноос мэдлэг солилцох олон улсын чуулганыг зохион байгуулснаар зудаас эрт сэрэмжлүүлэх, өвлийн бэлтгэл, менежментийг хэрхэн үр дүнтэй ашиглах, сайжруулах, улам боловсронгуй болгох талаар хэлэлцэн мэдлэг, туршлагаа солилцдог болсон аж.

Энэ удаагийн чуулганаар 2019-2020 оны өвлийн цаг агаарын төлөв, зуд болох эрсдэл өндөртэй нутгуудийг нийтэд мэдээлж, олон улсын байгууллагууд хамтран ажиллаж, туршлагаа харилцан солилцох, түгээн дэлгэрүүлэх бодлого үйл ажиллагаатай холбоотой сургамж, гамшгийн эрсдлийг үнэлэх, зураглах, шинжлэх ухааны нээлт, шинэ дэвшилтэт технологид суурилсан гамшигтай тэмцэх илүү үр дүнтэй арга, туршлагын талаар мэдээлэл солилцсон билээ.

Ус цаг уур, орчин судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж  ахуйн судалгааны хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг:

“Манай Ус цаг уур, орчин судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж  ахуйн судалгааны хэлтсээс 2015 оноос хойш зуд болон бэлчээртэй холбоотой мэдээллүүдийг нэгтгэн Зудын эрсдлийн зураг гаргадаг болсон.

Энэ жилийн Зудын эрсдлийн зураглалаас харахад нийт нутгийн 30 гаруй хувьд өндөр эрсдэлтэй гэж гарсан. Тодруулбал, энэ оны 6 сард хаврын ган нилээн хүчтэй байсан, 7 сарын сүүлч, 8 сард ихэнх нутгаар нөхцөл байдал сайжирсан ч зуншлага  оройтсон учраас га–ийн ургац бүрэн  бүрдэхгүй.

Мөн ургамлын үе шат бүрэн гүйцэт явагдахгүйгээс болж ургацын хэмжээ төдийлөн сайн ургаагүй. Ялангуяа нийт нутгийн 50 гаруй хувьд буюу тал хээр, говийн бүсэд ургамал хангалттай ургаж хуримтлагдаагүй, харин мал нь их өсч байгаа зэрэг нь бэлчээрийн даацыг хэтрүүлж байна. Бэлчээрийн даац хэтэрсэнээр тухайн газар нутагт мал тарга тэвээргээ бүрэн гүйцэт авч чадахгүйд хүрдэг. Гэтэл монголын өвөл хүйтэрдэгээрээ хүйтэрч цас зуд болоход нөгөө мал нь өвс тэжээлээр дутах, өлдөх зэргээр зуданд өртөмтгий мэдрэмтгий болох нь сүүлийн жидлүүдэд эрс нэмэгдээд байна.

Энэ нь бэлчээрийн хомсдолтой холбоотой. Тиймээс зудын эрсдлийн зургаас харахад нийт нутгийн  30 гаруй хувь буюу баруун талаасаа Ховд, Говь-Алтай, Увсын зарим нутгаар, наашлаад Өвөрхангай, Архангайн уулзвар, Баянхонгорын хойгуур, зүүн талаасаа Хэнтий Сүхбаатар аймгуудаар өндөр эрсдэлтэй гарч байна. Энэ зураглалаар яг одоо зудтай байна гэсэн үг биш. Гэхдээ энэ бүс нутгуудад зуд болох эрсдэл өндөртэй байгаа тул Олон улсын  болон хүмүүнлэгийн байгууллагууд,  ОБЕГ, ХХААХҮЯ  зэрэг холбогдох байгууллагууд орон нутагтайгаа хамтран зудын  менежмэнтийн чиглэлээр анхаарал хандуулж, хөрөнгө хүч хуваарилах, хандив тусламж үзүүлэх шаардлагатай гэдгийг гаргадаг болж байна.

“Мерси Кор” Олон улсын байгууллагын Хөтөлбөрийн төлөөлөгч Марк Тассэ:

-Малчдад гар утсаар мессеж мэдээлэл өгч байгаа ажлынхаа талаар танилцуулвал?

-5 жилийн өмнө Мерси Кор байгууллагаас цаг агаарын урьдчилсан мэдээг малчдад гар утасны мессежээр дамжуулан хүргэх төслийг эхлүүлсэн. Анх эхлүүлэхэд цөөн аймгийн хэдхэн сумын малчид урьдчилсан мэдээллийг авах боломжтой байсан. Харин одоо улс орон даяараа бүх малчид урьдчилсан мэдээг хүлээн авч, болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалж сэргийлэх, өдөр тутмынхаа амьдралдаа шийдвэр гарган ашигладаг боллоо. Одоогоор 160  мянга гаруй малчинд энэхүү мессеж үйлчилгээг түгээж байна. Дан ганц цаг агаарын мэдээллээр хязгаарлалгүй НҮБ –ийн Хүнсний хөтөлбөртэй хамтран өвсний үнэ, махны үнэ болон цаг уурын нэмэлт мэдээлэл болгон гол нуурын усны түвшингийн мэдээллийг өгдөг болсон.

-Зудын эрсдлийн үнэлгээг үндэслэн урьдчилан сэргийлэх менежментийг илүү үр дүнтэй болгоход юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Малчдад түгээж байгаа мессеж үйлчилгээ бол мэдээллийг хуваалцах арга хэрэгсэл гэж ойлгож болно. Харин энэхүү мэдээлэл дээр үндэслэн малчид маань эрсдлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна уу гэдэг нь хамгийн чухал асуудал. Мерси Кор  байгууллагын хувьд малчид иргэд болон орон нутгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-тай хамтран ажилладаг. Тэр хүрээндээ малчид болон иргэд олон нийтэд тулгуурласан 7 төрлийн гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг маш эрчимтэй зохион байгуулж, хамтран хэрэгжүүлж байна. Малчид, иргэд, олон нийтийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулахдаа орон нутгийнхаа онцлогт тохирсон төлөвлөгөөг хамтран гаргаж, зохион байгуулахад туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

П.Нарандэлгэр

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *