Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо болон орон нутгийн холбоо, хоршоод хамтран сарлагийн хөөвөр, тэмээний ноос бэлтгэлийн чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр малчдад зориулсан танхимын болон практик сургалтуудыг зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь сарлагийн хөөврийг технологийн шаардлагын дагуу самнаж, ангилан ялгаж бэлтгэх мэдлэг, ур чадварыг малчдад эзэмшүүлэх, нөхөрлөл, хоршоодыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, түүхий эд бэлтгэлийн зохион байгуулалтыг сайжруулах, улмаар тогтвортой нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байна.
Төрийн болон олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2006 оноос эхлэн сарлагийн хөөврийг самнаж бэлтгэх арга технологийг малчдад зааж сургаж эхэлсэн бөгөөд 2014 оноос торомны ноосыг сэрмэн хайчилж, самнаж бэлтгэх технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Эдгээр арга технологийг нэвтрүүлснээр сарлагийн хөөвөр, тэмээний ноосны чанар сайжирч, боловсруулалтын гарц нэмэгдэн, түүхий эдийн зах зээлийн үнэ, үнэлэмж өсөхөд чухал хувь нэмэр оруулж байна.
Сүүлийн жилүүдэд үндэсний боловсруулах үйлдвэрүүд орон нутагт төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Бэлчээр Ашиглагчдын Холбоо (БАХ), хоршоодоор дамжуулан чанартай түүхий эд бэлтгэн нийлүүлэх сонирхол эрс нэмэгдэж байна.
2017-2025 оны хооронд хоршоодоор дамжуулан 17 аймгийн 38 суманд сарлагийн хөөврийг самнах, чанарын ангилан ялгалт хийх сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 4,600 гаруй малчдыг хамруулсан байна. Мөн тором самнах сургалтыг 7 аймгийн 14 суманд амжилттай хэрэгжүүлжээ.
Үүний үр дүнд стандартын шаардлага хангасан сарлагийн хөөвөр бэлтгэсэн малчдад төрөөс нэг килограмм тутамд 10,000 төгрөгийн урамшуулал олгож байгаа нь малчдын идэвх, оролцоог нэмэгдүүлж, чанартай түүхий эд бэлтгэх сонирхлыг улам бүр дэмжиж байна.
Сургалтын үеэр малчдад сарлаг, торомыг малыг зовоохгүйгээр, тавлаг байдлыг ханган стандартын дагуу самнах арга технологи, түүхий эдийн чанарын ангилан ялгалт хийх, үнэ цэнийг нэмэгдүүлэх, сав баглаа боодол, хадгалалт, тээвэрлэлтийг стандартын шаардлагад нийцүүлэн хийх талаар онол, практик хосолсон мэдлэг олгож байна.
Энэ жил Хөвсгөл, Ховд аймгийн зорилтот бүс нутгийн малчдад сургалт зохион байгуулж, орон нутгийн холбоо, нөхөрлөл, хоршооны гишүүд болон бусад малчдыг өргөнөөр хамруулан ажиллалаа.
Цаашид малчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чанартай түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийг хөгжүүлэх, үндэсний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр ажиллаж байна.
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо









