Олон улсын бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулахад хамтран ажиллаж байна

Олон улсын газрын эвслийн (ILC) Азийн бүсийн зохицуулагч Ану Верма, нөлөөлөл, бүсчлэл, сургалтын ахлах мэргэжилтэн Стефано Ди Гесса нар манай улсад айлчилж байна.

Тус айлчлалын хүрээнд "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (IYRP2026), НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар Бага хурал (COP17)-ын хүрээнд энэ оны 6-р сард Монгол улсад "Олон улсын бодлогын хэлэлцүүлэг" зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор Улаанбаатар хот болон Төв аймгийн Борнуур суманд ажиллаа.

Тус хэлэлцүүлгээр хүнсний аюулгүй байдал, амьжиргаа, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход бэлчээрийн мал аж ахуй, бэлчээрийн ач холбогдолын талаар хэлэлцэж  дэлхий даяарх мал аж ахуй эрхлэгчдэд тулгарч буй тулгамдсан бэрхшээлийг шийдвэрлэх олон талт талуудын хандлагыг тодорхойлж нүүдэлчдийн дуу хоолой, үзэл бодол, уламжлалт мэдлэгээр дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьж байна. 

Олон улсын газрын эвсэл болон Үндэсний газрын эвслийн хамтарсан баг ХХААХҮЯ, БОУАӨЯ, ГЗБГЗЗЕГ, НҮБХХ, НҮБХХААГ, Дэлхийн банк, Европын холбоо, Азийн хөгжлийн банк, COP-17 зохион байгуулах үндэсний хороо, АДАПТ, ЭККО-ФАРМ төсөл, Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын тамгын газар, Борнуур сумын "Бэлчээр ашиглагчдын холбоо", хоршоо, малчдын бэлчээр ашиглагчдын хэсэг болон малчидтай уулзалт зохион байгуулж хамтын ажиллагааг хэлэлцэж, санал солилцлоо. 

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь Үндэсний газрын эвслийн гишүүн байгууллага ба 2018 онд Олон улсын газрын эвсэлд гишүүнээр элссэнээр өнөөдрийг хүртэл үр дүнтэйгээр хамтран ажиллаж байна.