Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо (МБАНХ) нь аймаг, сумдын Бэлчээр Ашиглагчдын Холбоодоор дамжуулан малчид, малчдын хамтын байгууллагуудад зориулсан цуврал сургалтуудыг зорилтот бүс нутгуудад зохион байгуулж байна.
Эдгээр сургалт нь олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд бэлчээрийн тогтвортой менежмент, малчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн чадавхыг сайжруулахад чиглэж байна.
Сургалтын хүрээнд дараах үндсэн сэдвүүдийг хамруулж байна. Үүнд:
- Бэлчээрийн хамтын менежмент болон зохистой ашиглалт
- Бэлчээр ашиглах гэрээ, журам, хэрэгжилт
- Малын гаралтай түүхий эд бэлтгэлийн технологи, чанар
- Малчдын хамтын байгууллага болон бизнесийн байгууллагын засаглал
- Менежмент, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвар
- Малчдын оролцоонд суурилсан хөгжлийн арга барил
Сургалтаар дамжуулан малчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна орон нутгийн хамтын байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, малчдын оролцоо, хамтын шийдвэр гаргалтыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна.
МБАНХ нь цаашид төр, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран малчдын амьжиргаа, бэлчээрийн тогтвортой менежмент, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэх болно.
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо (МБАНХ)







