Мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, малчин өрхийн болон орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлууд орон нутагт хэрэгжиж эхэллээ.
Энэ хүрээнд Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хамтын ажиллагааны шинэ тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт Хивс” ХХК, НҮБХХ-ийн АДАПТ төсөл, Завхан аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Тус арга хэмжээг сумын малчдын зөвлөгөөн зохион байгуулах замаар нийт малчдыг хамруулсан байна.
Тус хамтын ажиллагаа нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн болон холбогдох бусад бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, гарал үүсэл нь баталгаажсан, стандартын шаардлага хангасан ноос, ноолуур болон бусад түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хамтын ажиллагааны хүрээнд малчдыг зохион байгуулалтад оруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, чанартай түүхий эд бэлтгэх технологи, стандарт нэвтрүүлэх, малчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон талт ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Малчид түүхий эд, ноос, ноолуураа нэгдсэн зохион байгуулалттайгаар үйлдвэрт бэлтгэн нийлүүлснээр тогтвортой зах зээл бүрдэхээс гадна үйлдвэр, малчдын хооронд урт хугацааны түншлэл бий болох нөхцөл бүрдэх юм.
Энэхүү санаачилга нь малчдын орлого, орон нутгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хариуцлагатай нүүдлийн мал аж ахуйн тогтолцоог бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо







