Брандон Бестелмейр МБАНХ-нд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөв
Брандон Бестелмейр МБАНХ-нд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөв

Америкийн нэгдсэн улсын ХААЯ-ны Хорнадагийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Брандон Бестелмейр манай улсад ажиллах хугацаандаа МБАНХ-ны цаашдын үйл ажиллагаанд зориулан мэргэжил арга зүйн зөвөлгөө өглөө. Брандон Бестелмейр нь МБАНХ-ны Хүндэт гишүүн бөгөөд энэ удаагийн уулзалтаар хэд хэдэн чиглэлээр зөвлөгөө өгөв.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Швейцарийн хөгжлийн агентлагийн НАМЭМ төслийг хэрэгжүүлэгч МБАНХ-ны үйл ажиллагаанд Нидерланд улсаас ирсэн Үнэлгээний баг ажиллаж, үнэлгээний зөвлөмж гаргасан юм. Тус зөвлөмжид МБАНХ-ны цаашдын үйл ажиллагааг сургалтын  чиглэлээр явуулах нь зүйтэй хэмээн зөвлөсөн билээ. Тиймээс уг зөвлөмжийн хүрээнд хэрхэн ажиллавал зохих талаар зөвлөгөө өгөв. Тухайлбал, мэргэжлийн сургууль төгсөж буй оюутан залуус болон салбарын мэргэжилтүүдэд газар, бэлчээрийн талаарх сургалтуудыг үргэлжлүүлэн хийх, малчдад бэлчээрийн эрүүл байдалд хэрхэн анхаарал хандуулах талаарх сургалт явуулах, нийгэмд чиглэсэн танин мэдэхүйн холбогдолтой сургалтуудыг зохион байгуулах нь зүйтэй. Мөн Монгол орны бэлчээрийн төлөв байдал нь нэг талаар эрүүл хөрсний тухай асуудал бөгөөд ямар ургамал ургавал бэлчээрт сайн нөлөөтэй, ямар ургамал ургаж байвал бэлчээр доройтож байна гэж үзэх вэ гэдгийг таниулах нь чухал гэлээ. Түүнчлэн дэлхийн улс орнууд нүүрс хүчлийн хийг шингээж авдаг технологи болон үйлдвэрлэлд анхаарал хандуулж байна. Иймд энэ чиглэлээр малчдад болон нийгэмд  чиглэсэн сургалтаа хийх нь чухал гэв.

АНУ болон бусад улс орнуудад мал аж ахуй эрхэлдэг малчид орлогодоо анхаарал хандуулахаасаа илүүтэй бэлчээрийг хэрхэн сайжруулж байгаа вэ гэдэг имижээрээ ялгардаг,  нутаг орондоо байгаа зэрлэг ан амьтадыг хэрхэн хайрлан хамгаалдаг гэдгээрээ бахархдаг, манайд ийм төрлийн зэрлэг амьтан байгаа гэж бие биетэйгээ өрсөлддөг болсон байна. Бэлчээрээс илүүтэй тухайн хөрсний эрүүл байдалд анхаарлаа хандуулдаг  болжээ. Учир нь хөрс аль болох эрүүл байна тэр хэмжээгээр нүүрс хүчлийн хийг өөртөө сайн шингээж авдаг. Тиймээс бэлчээр болон хөрсний эрүүл байдалд чиглэсэн сургалт хөтөлбөрүүдийг явуулах нь зүйтэй хэмээн зөвлөлөө. Олон улсын жишгээр дээрх сургалтуудыг төрийн байгууллагаас илүүтэй мэргэжлийн холбоод хариуцан гүйцэтгэдэг гэдгийг мөн энэхүү уулзалтын үеэр онцолсон юм.

1 Comment

  • Bat-Erdene Posted October 31, 2019 8:46 am

    сургалтанд хамрагдаж, мэдээлэл авч хамтран ажиллах сонирхолтой байгаа юм. яаж холбогдох вэ?

    Reply

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *