“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдвээр хэлэлцэж байна
 “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдвээр хэлэлцэж байна

Улсын Их Хурал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг  Төрийн ордонд зохион байгуулж байна. Үндэсний хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудаас гадна 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн удирдах газрын дарга, нар болон малчид, тариаланчдын төлөөлөл нийт 850 гаруй хүн оролцож байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Юуны өмнө үндэсний хэлэлцүүлгийг дэмжиж, хамтран зохион байгуулж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Швейцарийн Холбооны Улсын Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, хатагтай Габриэла Спирли-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.Манай улсын нийт газар нутгийн 73.8 хувийг эзэлж байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газарт мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулагдсан бэлчээр, хадлангийн газар 96.1 хувийг эзэлдэг. Мал аж ахуйн салбарын нийт ажиллах хүчний 30.0 хувийг малчид эзэлж байна. Гэтэл манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болсон.

Ургадаггүй алтнаас ургадаг алт болох ноос, ноолуур, арьс шир гэх мэт түүхий эдийн үр шимийг хүртэх бодлого, тогтолцоо алдагдсан. Та бүхний нөр хөдөлмөрийн үр дүнд малын тоо толгой 66.5 саяд хүрлээ. Энэ бол сайхан хэрэг. Гэвч хонин толгойд шилжүүлсэн дүнгээр малын тоо 110 сая орчим болж, бэлчээрийн даац 25 саяар хэтэрсэн байна.Ургамал судлаачид, эрдэмтэд, малчдын ажиглаж мэдсэнээр ургамлын төрөл зүйл цөөрч, бэлчээр доройтож, цөлжиж, гол ус, нуур шандын усны түвшин буурч байгаа нь нийтлэг бэрхшээл болоод байна. Одоо амиа аргацааж, довоо шарлуулж явдаг цаг биш. Бидний амьжиргааны гол эх үүсвэр болсон, Монгол Улсын тусгаар тогтнолын үндэс газрыг, тэр дундаа бэлчээрийг яаж хамгаалах вэ, сайжруулах вэ гэдэгт бодлогоо хандуулах цаг болсон байна.

Монгол Улсын Их Хурлаас энэ чиглэлээр олон жил ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч 21 аймаг, 330 сумын төлөөлөл болсон малчид, холбогдох яам, газрын мэргэжилтнүүдийг оролцуулан энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр жижиг бүлгүүдээр хэлэлцэж, хүн болгоны дуу хоолойг сонсоосой гэж бодож байна. Малчдынхаа нийтлэг бэрхшээлийг ярилцаж, асуудлаа шийдэх дорвитой гаргалгаа, шийдэл олно гэдэгт та бүхэнд итгэж байна.Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын 2018 оны тайлангаар бэлчээрийн эдэлбэр газрын 57.0 орчим хувь тодорхой хэмжээгээр доройтолд орсон байна. Үүний 10.3 хувь нь дахин сэргэх боломжгүй, цөлжих эрсдэлд хэдийнэ өртжээ. Энэ бол санаа зовох асуудал мөн.

Бэлчээрийн нөөц чадавхид хэт ачаалал үүссэнээр биологийн олон янз байдлыг тэтгэдэг бэлчээрийн эко системийн төлөв байдал доройтож, ургамлын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх, малын тэжээлийн үндсэн нөөц болсон бэлчээр хумигдан, дөрвөн улирлаар нүүж сэлгэх нутаг багасч, хөрсний доройтол бий болж, иргэдийн дунд бэлчээр, нутгийн маргаан гарах болсон зэрэг олон сөрөг нөлөөлөл, үр дагавар бий болсныг та бүхэн сайн мэднэ. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа.Тэдгээрээс зайлшгүй анхаарах ёстой хоёр хүчин зүйл байгаагийн нэг нь малыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм. Энэ чиглэлээр Дэлхийн банктай хамтраад төсөл хэрэгжүүлж байгаа. Махаа боловсруулж, экспортод гаргадаг, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг хуучны тогтолцоо алдагдсан. Үүнийг сэргээх хэрэгтэй байна.

Хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Мал, махаа экспортод гаргадаг болохын зэрэгцээ арьс ширээ ашигладаг болох хэрэгтэй байна. Ноос, ноолуураа Америкт экспортолдог болох гэж байна. Монгол малын ноосоор “Монгол ноос” гэдэг компани даавуу үйлдвэрлэж байгаа. Энэ даавуугаар дээл, хувцас хийж хэрэглэе гэж уриалмаар байна. Би өөрөө ч өмсөж байгаа. Ийм байдлаар малын бүтээгдэхүүн эргэлтэд орж байх ёстой. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, бусад төсөл хөтөлбөрийн газартай хамтран малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн дунд 2012, 2016, 2018 онд хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Хэлэлцүүлэгт 15.0 мянга орчим малчин хамрагдсан тооцоо байдаг. Хамгийн сүүлийн 2018 оны хэлэлцүүлгийн дүнгээс харахад нийт оролцогчдын 77.9 хувь нь “Бэлчээрийн тухай хууль гаргах шаардлагатай”, 10.6 хувь нь “шаардлагагүй”, 11.5 хувь нь “мэдэхгүй” гэж хариулжээ. Эндээс харвал дийлэнх олонхи нь Бэлчээрийн тухай хуультай болохыг дэмжиж байгаа юм.Малчид, сумын удирдлагуудтай уулзаад ярилцаж байхад бэлчээрийг төлбөртэй болгоё, төлбөрийг хонин толгойд шилжүүлж авъя, тэр мөнгийг сумын хөгжлийн санд төвлөрүүлж малчид худаг ус гаргах, бэлчээрээ сэргээх, хаших зэрэг ажилд өөрсдөө мэдэж зарцуулъя гэдэг. Ингэж чадвал малын тоо толгой ч бүрэн зөв гарна.

Орон нутагтаа бэлчээрийн төлбөр хураамж, сантай болох санаачилгыг дэмжиж байж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, урьдчилан сэргийлэх боломж олдоно. Гэхдээ бэлчээрийн хураамж байх уу, тогтоолоо гэхэд ямар хувь хэмжээтэй байх вэ гэдэг нь сум, аймгийн ИТХ-ын эрх мэдлийн асуудал байх юм. Ийм зохицуулалтыг Бэлчээрийн тухай хууль, Татварын хуульд тусгах бололцоотой.Эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болгохгүйгээр төрөлжүүлж, солонгоруулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ ашигладаг, боловсруулдаг байх бодлого хэрэгжүүлж байна. Жишээлбэл, “Монгол ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж, махны үйлдвэрийг бүсчилж байгуулах ажил явж байгаа. Гол нь хөдөө аж ахуйн салбараа дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Нийгмийн бодлого халамжийн нийгмээс бүтээмжийн нийгэм рүү гэсэн чиглэлтэй байна. Өнөөдрийн энэ хэлэлцүүлгийг УИХ-аас малчдынхаа санал бодлыг сонсож, түүнд нь тулгуурлаж шийдвэр гаргах зорилгоор хийж байна.

Иймд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй, шударгаар илэрхийлж, хууль тогтоомжийг бодитой батлан гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.Монголчууд бидний хойч үедээ үлдээх олон чухал зүйлээс хамгийн чухал нь газар нутаг, унаган байгаль, үржил шимт хөрс шороо маань юм. Тийм учраас бэлчээрийг ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурь бодлого байх ёстой.Энэхүү бодлогыг зөв хэрэгжүүлж, Монгол Улсын бэлчээр ашиглалт, хамгаалалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллая” хэмээн хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүссэн юм.

Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн Д.Булгамаа “Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал”-ын талаар илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, Монгол орны бэлчээрийн талаас илүү хувь нь соргог төлөв байдлаас өөрчлөгдөж харилцан адилгүй хэмжээгээр доройтсныг дурдаад ялангуяа байгалийн аясаар сэргэх боломжоор муу, ургамалжилт төдийгүй хөрсний элэгдэл эвдрэл хавсарч доройтсон талбайн хэмжээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Өвөг дээдсээс уламжлан ирсэн бэлчээр ашиглах алтан дүрэм болох даацыг үл хэтрүүлэх, тэжээлийн нөөцийг үл шавхах, бэлчээрийн ургамалд нөхөн төлжих боломж, хугацааг олгох шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчдод анхааруулж байлаа.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар “Бэлчээрийн тухай хуулийн үзэл баримтлалын талаар” танилцуулсан. Уг танилцуулгад, Монгол улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газарт бэлчээр, хадлангийн талбай 112,1 сая га газар байгаагийн 1,5 хувь нь хадлангийн, 96.1 хувь нь буюу 110.4 сая га газар нь бэлчээрийн газар аж. Гэвч өнөөдрийг хүртэл бэлчээрийн тухай бие даасан хуулийн зохицуулалтгүй байна. Мөн  хуулийн төсөл нь бэлчээрийг нийтээр ашиглан хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоож, даацад нь тааруулан хуваарь сэлгээтэйгээр зохистой ашиглах, малын тоог өсгөснөөр ашиг олох биш, нөөцөд тааруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад ач холбогдолтой гэж үзжээ.

Түүнчлэн малчдын бүлгүүд хил зааг тогтоосон гэрээт бэлчээрийг ашиглах эрх зүйг бүрдүүлснээр гэрээт бэлчээрээ даацад тохируулан зохистой ашиглах, хамгаалах сэтгэлгээ, нутаг усны малчдын хамтын ажиллагааны нэгдэл бэхжих, эрх нь хөндөгдсөн тохиолдолд учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг нийгмийн тэгш, шударга ёс хангагдах, бэлчээрийн унаган төрхийг сэргээн сайжруулснаар бэлчээрийн 100 гаруй зүйлийн ургамлаар идээшлэсэн малаас органик хүнс, түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх хүрээ тэлэх зэрэг олон талын ач холбогдол, үр нөлөө үзүүлнэ гэж  төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал”, “Бэлчээрийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх арга замууд, үр дүн сургамж”, “Малчдын бүлгийн зохион байгуулалтад үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлсэн туршлага”, “Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх асуудлууд”, “Малчдын санаачлагаар бэлчээр ашигласны хураамжаар суманд эрсдэлийн сан бүрдүүлж, зарцуулсан туршлага сургамж” зэрэг сэдвээр илтгэл, танилцуулга хийж, хөдөө орон нутаг ирсэн 800  гаруй малчид төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх юм.

Үндсэн илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцсон малчид, төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн. Төлөөлөгчдийн зүгээс бэлчээрийн тухай хуулийн төслийг нэн даруй батлах шаардлагатайг онцлохын зэрэгцээ малын тоо толгойг цөөрүүлэх, улсын сайн, аварга малчин шалгаруулахдаа тоо бус чанарт анхаарсан журам боловсруулах, малчдын өвөлжөө, хаваржаа болон сэлгээний газрыг эзэмшүүлж, хадлан бусад газрыг нийтийн эзэмшилд үлдээх, отрын бүсийн зохицуулалтыг оновчтой тодорхой болгох, бэлчээрийн тухай хуульд говь, хангай, хээрийн бүсийг харгалзсан зохицуулалт, уул уурхайн лицензийг олгохдоо бэлчээр сүйтгэх нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхаарах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *