Монгол орны Бэлчээрийн үндэсний III форум Ховд аймагт зохиогдлоо
Монгол орны Бэлчээрийн үндэсний III форум Ховд аймагт зохиогдлоо

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ховд хотноо Монгол орны Бэлчээрийн үндэсний III форум “Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” уриан дор өчигдөр /2019.08.11/ зохион байгуулагдлаа. Энэхүү форумыг ХХААХҮЯ, Ховд аймгийн ИТХ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарийн хөгжлийн агентлагын Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл, Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын мал аж ахуйн үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдал,  бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, малчин хүний хариуцлагыг өндөржүүлэх замаар хойч үедээ өвлүүлэн үлдээх хүндтэй үүргийг хүлээсэн  орон нутгийн малчдад нэгдсэн мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох, цаашдын оролцоог тодорхойлох зорилгоор энэхүү форумыг зохион байгуулсан юм.

Форумд ХХААХҮЯ, Ховд аймгийн ИТХ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл, Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны төлөөлөл, Ховд аймгийн УЦУОШГ, Ховд аймгийн 17 сумын малчин залуучууд оролцлоо. Форумын үеэр малын эрүүл мэндийн мөшгөх системийг хэрэгжүүлж байгаа сайн туршлага, үр дүн, сургамж, бэлчээр ашиглалтыг  хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалт, Чандмань суманд хэрэгжиж буй “Ногоон зээл-Хариуцлагатай малчин” хөнгөлөлттэй зээл, баруун бүс нутгийн ургамлын аймгийн судалгааны дүнгийн талаар  холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Түүнчлэн  бэлчээр нутаг, байгаль орчин, мал сүрэгтээ ээлтэй хариуцлагатай малчдын төлөөлөл сайн туршлагаасаа хуваалцах замаар малчдын эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх “Мөнгөн сүрэг-мөнгөтэй малчин” хөтөлбөр, мал аж ахуйн бүтээгдэхүүний төрөл, чанарыг зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэх арга зам, Ногоон хөгжлийн төлөөх “Хариуцлагатай малчин- Хариуцлагатай үйлдвэрлэл”-ийг хөтлөгч техник технологийн шинэчлэлийн нэгэн хэсэг болох “Малын түүхий эдийг эргэн мөшгөх мэдээллийн сан”-гийн талаар ярилцсан юм.

Энэ үеэр  Ховд аймгийн бэлчээрийн төлөв байдал, мал сүргийн бүтцийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн санал гаргаж, улмаар форумын нэгдсэн зөвлөмж боловсруулж танилцууллаа. Үүнээс гадна “ Бэлчээр нутгаа таньж тодорхойлох нь зохистой ашиглалтын үндэс мөн” сэдэвт залуу малчдад зориулсан тэмцээн, “Бэлчээр нутгаа дээдлэгч хариуцлагатай малчид” манлайлагчдыг тодруулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Форумын төгсгөлд “10.000 мод-Олон ястны угтах хаалга” төслийн багийнханы санаачлагыг дэмжин Монгол орны Бэлчээрийн үндэсний III форумын нэрэмжит төгөл барихад зориулан хандивын аян өрнүүлж, форумд оролцогчид 800 мянга гаруй төгрөгийн сэтгэлийн хандив өргөсөн юм.

                                        

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *