БЭЛЧЭЭРИЙГ ЗӨВХӨН МАЛЧИД БУС БИД БҮГДЭЭРЭЭ АШИГЛАДАГ
БЭЛЧЭЭРИЙГ ЗӨВХӨН МАЛЧИД БУС БИД БҮГДЭЭРЭЭ АШИГЛАДАГ

Энэ хүнийг Гэлэгдоржийн Энхболд гэдэг. Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны (АБАХ)-ы гүйцэтгэх захирлаар ажилладаг. Өмнө нь аймгийн холбооны газар, Аймгийн Мэргэжил сургалт үйлвэрлэлийн төвийн захирал, Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагуудад ажиллаж байсан юм юмны дөртэй нэгэн. Түүнтэй Хөвсгөл аймгийн малчид болон бэлчээр нутгийнх нь талаар ярилцсанаа толилуулъя.

АБАХ-ны Гүйцэтгэх захирлын албыг хаших шийдвэрийг яагаад гаргах болов?

Манай Хөвсгөл аймагт Ногоон алт малын эрүүл мэндийн төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө миний бие ажлын зав чөлөөгөөр нь ХАА, МАА-н чиглэлээр үндэсний үйлдвэрлэгч  Говь, Гоёо, Дархан нэхий гэх мэт компаниудад түүхий эд нийлүүлж, эргээд бэлэн бүтээгдэхүүнүүдийг нь аймагтаа “БРЭНД” гэсэн өөрийн дэлгүүртээ борлуулдаг ажлыг 10 гаруй жилийн турш хийж, хамтарч ажилладаг байлаа. Тухайн үед тулгарсан гол асуудал нь манайд түүхий эд нийлүүлэх тогтолцоо замбараагүй, урсгалаар явж байсан нь юм. Тиймээс хэн өндөр үнэ хэлсэн нь авдаг, чанарын ялгааг харгалзан үздэггүй байснаас болж малчид түүхий эд бэлтгэхдээ чанар дээрээ анхаарахаа больсон байсан юм.

Уул нь 20 гаруй жилийн өмнө буюу улсын боловсруулах үйлдвэрүүд ажиллаж байхад түүхий эдийг зэрэглэж бэлтгэдэг байсан. Гэтэл тэр уламжлал алдагдсанаас үйлдвэрлэгчийн шаардлагыг хангах түүхий эдийн хэмжээ жил ирэх бүр буурч, тэр хэмжээгээр үйлдвэрлэгчдийн зардал нэмэгдэж, хэвийн үйл ажиллагаа нь догдолдох болсон. Үүнтэй холбоотойгоор, малчдыг түүхий эдээ чанартайгаар бэлтгэх тал дээр мэдлэгжүүлж, чадвартай болгох хэрэгтэй байгааг ойлгосон юм. Улмаар, компани үүсгэн байгуулж анх 2007 онд сумдын багийн дарга нарыг цуглуулж, сарлаг самнах сургалтыг аймагтаа зохион байгуулав. Тэднийг сарлагтай малчиддаа мэдлэг, мэдээллээ дамжуулж хүргэх байх гэсэн хүлээлттэйгээр.

Дараа нь аймагтаа сарлагийн хөөврийн ач холбогдлыг сурталчилан таниулах, түүнд суурилсан үйлдвэрлэлийг бий болгох зорилготойгоор Сарлагийн наадмыг 4 жил дараалан зохион байгуулсан. Энэ жилээс 2 жилд тутам уламжлал болгон зохион байгуулна. Энэ мэт сургалт, сурталчилгааны олон ажлын үр дүнд түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдэх байх гэтэл санасан хэмжээнд хүрээгүй. Бас малчдад мэдээлэл бага очсон байдаг юм билээ. Үүнээс бидний санаачилга өргөн цар хүрээг хамарч чадахгүй байгааг ойлгосон юм. Яг энэ үед Ногоон алт төсөлтэй танилцсан. Тус төслийн бэлчээрийг зүй зохистой ашиглах замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх нь бэлчээрийн доройтлыг бууруулах, улмаар бэлчээрийн даацад тохирсон хариуцлагатай нүүдлийн мал аж ахуйг тогтвортойгоор эрхлэх нөхцөл бүрдэнэ гэсэн бодлого, баримтлал нь үнэхээр хэрэгтэй зүйл байлаа. Ингээд л Ногоон алт төслийн үйл ажиллагааг дэмжин эхний үед сайн дураараа хамтран ажиллах болсон.

 

2018 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Сарлагын Наадамын үеэр

 

Яагаад сайн дураараа гэж?

Бизнесийн байгууллагын ажлаа 2013 онд хүлээлгэж өгсний дараа малчдыг чадавхижуулах, сургалт, зөвлөгөөн зохион байгуулдаг төрийн бус байгууллагад ажилласан юм. Ногоон алт төслийн зорилго бидний зорьж байсантай яв цав нийцэж байсан учраас 2013-2016 онуудад төслийн ажлыг сайн дураар дэмжиж, хамтарч ажилладаг байсан гэсэн үг. Харин 2017 оноос Ногоон алт төслийн ажлыг Хөвсгөл аймагт хэрэгжүүлдэг Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо (АБАХ)-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Бэлчээрийг зөвхөн малчид ашигладаггүй, хүн бүхэн ашигладаг.

Бид ноос ноолуурыг нь өмсөж, сүүг нь ууж, махыг нь идэж, зун майхнаа бариад амарч байгаа маань бэлчээрийг ашиглаж буй хэлбэр юм. Тэгэхээр Бэлчээр ашиглагчдын холбоо гэдэг нь маш өргөн цар хүрээтэй байгууллага юм байна гэдгийг би тэгэхэд ойлгосон. Нэршлийн хувьд ч гэсэн ашиглагч гэхээр оролцогч хүмүүсийн нийлбэр буюу бэлчээрийг сайжруулахад бүгдээрээ оролцох учиртайг илэрхийлсэн их оносон гэж санагддаг. Бэлчээр доройтвол бүгд л доройтно. Тийм учраас би энэ ажлыг хийхээр шийдсэн юм.

Таныг ажил авах үед Хөвсгөл аймгийн бэлчээрийн нөхцөл байдал ямар байв? 

Бэлчээрийн талаар аймгийн холбогдох агентлагууд өөр өөрийн ойлголттой, тоон мэдээллүүд нь зөрөөтэй, хамтын бүтэц зохион байгуулалт байхгүй, салбар хоорондын нэгдсэн уулзалт тухайлсан бэлчээрийн талаар болдоггүй байсан юм байна лээ.Тухайн үед эхлээд аймгийн бэлчээртэй холбоотой оролцогч талууд буюу аймгийн ИТХ, АЗДТГ, ГХБХБГ, ХХААГ, УЦУОШГ, БОАЖГ, МСҮТ, ТББ-уудын төлөөлөл, малчдын төлөөлөл оролцсон уулзалт хэлэлцүүлгэ хийсэн. Дараа нь МБАНХ-той хамтран Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын анхдугаар зөвлөгөөнийг 2017.05.22 зохион байгуулж аймгийн бэлчээрийн 85% нь унаган төлөв байдлаас өөрчилөгдсөн байсныг мэдэж авсан.

Цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, Ногоон алт- малын эрүүл мэнд төслийн сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсгийг сум, аймгийн ЗД-ын захирамжаар батлуулан ажиллах, малчдыг хамтын зохион байгуулалтанд /БАХ/ оруулах,сургалт, хэлэлцүүлгэ, зөвлөгөөн гээд олон ажил ундарсандаа…

Ер нь ажил авах үед бэлчээрийн талаар өргөн цар хүрээний мэдлэгтэй байгаагүйгээ мөн бэлчээр их гандуу байгааг цаг агаар, хур тунадас бага байгаатай холбож ойлгодог байлаа. Шинэ ажил аваад бэлчээрийн доройтолд олон зүйлс нөлөөлдгийг мэдэж авлаа. Ногоон алт-малын эрүүл мэнд төслийг Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) санхүүжүүлдэг. Швейцарчуудыг би нэг талаар манай Монголчуудтай, ялангуяа Хөвсгөлчүүдтэй их төстэй гэж хардаг. Тэд бол байгалийн унаган төлөв байдлыг эрхэмлэдэг, түүнийгээ амьдралынхаа соёл, хэвшил, дадал болгосон ард түмэн. Монголчуудад тэр дадал хэвшил адилхан байсаар ирсэн ч сүүлийн үед энэ байдал хүмүүсийн амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс болоод орхигдоод байх шиг санагддаг.

ШХА эхлээд мэргэжлийн байгууллагууд буюу Ус цаг уур орчны шинжилгээний газар, Геодези зураг зүйн газар, ГХБХБГ, аймаг, сумдын газрын даамлуудыг чадавхижуулсан. Дараа нь Монгол улсын 330 гаруй сумын бэлчээрийн төлөв байдлыг фотомониторингийн аргад үндэслэн бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагчид, малчдын төлөөлөл, сум орон нутгийн төлөөлөл хамтарч үнэлдэг, хянадаг түүндээ үндэслэн шийдвэр гаргах боломжтой болгосон. Энэ бол Монгол орны бэлчээрт оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг байхаа.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ямар ажлууд хийв?

2016 онд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь Хөвсгөл аймагт малчдын өөрөө удирдах байгууллагын үндэс суурь нь малчдаас эхэлдэг буюу малчид өөрсдөө оролцоотой байх учиртайг ойлгуулах зорилгоор бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ) байгуулах сургалтуудыг хийлээ. Ингэж малчдыг нэгтгэж, зохион байгуулалтанд оруулж, хэсэг болгосноор зөвхөн тухайн хэсгийн малчид олон жил ашиглаж ирсэн бэлчээрээ ашиглах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд тустай юм. Анхны сургалтаар манай Алаг-Эрдэнэ, Арбулаг, Улаан-Уул гээд сумын малчид хамрагдсан. Энэ сургалтаас эхлээд манай аймгийн БАХ-ийн дараа дараагийн ажлууд идэвхижсэн.

Ер нь сүүлийн жилүүдэд хийсэн гол ажил бол малчдын өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, бүтэц зохион байгуулалтыг бий болгоход анхаарч ажиллаж ирлээ. Энэ тийм амар ажил биш байдаг юм билээ. Жишээ нь зарим малчид “та нар малчдыг бэлчээргүй болгох гээд байна” гэж эсэргүүцнэ. Зарим нь “Энэ хүмүүс манай нутаг, бэлчээрт ирж буучихаад, яв гэхээр явж өгөхгүй байна. Бүр өвөлжөө бариад хажууд суурьшаад 10 жил болчихлоо. Эд нарыг зохицуулж өг”, “Дамжин өнгөрч байгаа малчид манай энэ хэсгийн бэлчээрийг талхлаад дууслаа” гэх мэт төрийн чиг үүргийг биднээс шаарддаг. Малчдын дунд аливаа тулгарч буй асуудлыг өөрөө оролцож байж сайжруулах ёстой гэсэн ойлголт төлөвшөөгүй, хэн нэгэн зохицуулж өгөх учиртай гэсэн ойлголт түгээмэл байсаар л байна.

2017 онд бид малчдын өөрөө удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалтыг бий болгох ажлуудаа тодорхой хэмжээнд хийгээд дуусгасан. 2018 оноос эхлээд энэ бүтэц зохион байгуулалтаараа яаж үйл ажиллагаа явуулах вэ гэдэг дээр төвлөрч ажиллаж байна. Манай Хөвсгөл аймаг малын тоо толгойгоороо улсдаа дээгүүрт ордог. Энэ жил гэхэд 5,7 сая толгой мал тоолуулж, улсдаа хамгийн их малтай аймаг болсон хэдий ч бэлчээрийн менежмент, түүний зохицуулалтын асуудал бодлогын түвшинд ч тэр, малчдын түвшинд ч тэр тийм сайнгүй байгаа. Энэ асуудлын шийдлийг төр, орон нутгийн байгууллагуудаас шаардах нь зөв ч санаачилга малчдаас гарч, өөрсөддөө тулгараад байгаа асуудлыг өөрсдөө шийддэг болох нь ирээдүйн олон асуудлыг хялбар шийдэх боломж, тогтолцоо бүрдэх сайн талтай юм.

Тиймээс, 2018 онд Хөвсгөл аймгийн  АБАХ гурван зүйлд төвлөрч ажилласан. Нэгд, Бэлчээр ашиглуулах гэрээ /БАГ/ байгуулах. Энэ нь дээр дурьдсан БАХ-ээ байгуулж, зохион байгуулалтанд орсон, бэлчээрийнхээ хил заагыг тогтоож, хэрхэн ашиглах төлөвлөгөөгөө гаргасан хэсгийн малчид сумынхаа Засаг даргатай гэрээ байгуулах асуудал юм. Энэ гэрээг байгуулсанаар, тухайн хэсгийн малчдын бэлчээрт өөр нутаг усны малчид малаа дураараа бэлчээх, хариуцлагагүй уул уурхай.. гэх мэт байгальд сөрөг үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, тухайн бэлчээрийн ашиглалтыг зөвхөн гэрээ байгуулсан бэлчээр ашиглагчдын хэсэгтэй зөвшилцөнө.

Одоогоор, Хөвсгөл аймгийн 4 сумын 65 БАХ-гүүдээс 20 гэрээ байгуулсан. Удахгүй гэрээнүүдийг газрын мэдээллийн санд оруулсанаар албан ёсны болгож, тухайн бэлчээрийн хил зааг болон гэрээгээр ашиглагчид улс даяар хүлээн зөвшөөрөгдөнө. Энэ гэрээ малчдын мал маллаж ирсэн уламжлалт байдлыг хэвээр хадгалж, баталгаажуулж буй хэрэг болохоос бэлчээрийг хувааж, хувьчилж өгөх гэж буй хэрэг огтоос биш юм. Гэрээ байгуулсан малчид бэлчээрийн төлөв байдал, нөхцөл, ургамал зүйг байгаагаас нь доройтуулахгүй байх, сайжруулах үүрэг хүлээж байгаа. 2019 онд үлдсэн БАХ-н 60-70 хувь нь гэрээ байгуулсан байх зорилт тавин ажиллаж байна.

Үлдсэн 2 ажил нь юу вэ?

Хоёр дах ажил нь малчдын буюу маркетингийн хоршоог хөгжүүлэх, хоршооны гишүүдийг чадавхижуулах явдал байв. Түүхий эдийн урамшуулал олгохтой холбоотойгоор хоршоотой л бол урамшуулалд хамрагдах юм байна гэх мэт ташаа ойлголтоос болоод жинхэнэ утгаараа ажилладаггүй,  хоршоод цөөнгүй бий болсон. Үүнийг цэгцлэх үүднээс Хөвсгөл аймгийн 3 суманд “Мэлхий хадны цуурай”, “Дархад малын хишиг” гэсэн хоршоодыг шинээр байгуулж, зарим хуучин байсан хоршоодыг нэгтгэж, дэмжиж ажиллахаар болсон. 2019 онд, Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад хоршоо байгуулна. Хоршоо байгуулж, ажиллахын ач холбогдол, хоршооны засаглалын тухай ойлголтыг малчдад сургалтаар өгч байна. Анхнаасаа зөв зохион байгуулагдсан хоршоо амархан тарж бутрахгүй, гишүүдийн оролцоо нь идэвхитэй бас тэдэндээ өгөөжтэй, зорилго, бодлого нь зөв байх болно.

Малчид бол малын гаралтай түүхий эдийг үйлдвэрлэдэг бизнес эрхлэгчид юм. Ганцаараа, өрхөөрөө ажиллавал ганц хүний, нэг өрхийн хэрэгцээг л хангах үйлдвэрлэл явуулна. Харин олуулаа хоршвол зах зээлийн хэрэгцээг хангана. Малчдын орлого жилээс жилд өсөхгүй, орлогын эх үүсвэрийн тоо нэмэгдэхгүй, бүтээгдэхүүний төрөл зүйл олон болохгүй байна. Харин хоршоо байгуулж хамтран ажиллавал маш боломж байгааг бид таниулж хичээн ажиллаж байна. Ялангуяа, малынх нь тоо толгой нэмэгдээд байхад орлого нь өсөхгүй байгаад малчид дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

Малчдын орлогыг нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийж байна?

Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд хийгдсэн түүхий эдийн эргэн мөшгих системийн тусламжтайгаар малын эрүүл мэнд, чанарыг баталгаажуулж 2018 онд 4 удаагийн туршилтын худалдааг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ жил гарал үүсэл нь баталгаатай махны худалдаа улам төгөлдөржихөөс гадна сүү, арьс шир, ноос, ноолуурын гарал үүсэл, чанарын баталгааг эргэн мөшгидөг болно. Чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал баталгаажсанаар сая дурьдсан малын гаралтай түүхий эдийн үнэ зах зээлд бусдаас өндөр байна. Тэр хэмжээгээр малчдын орлого нэмэгдэнэ.

Орлого болон бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор сарлагийн хөөвөр, торомны ноосыг самнах, сэрмэн хайчлах аргаар бэлтгэх ажлыг олон жил дэмжиж, энэ талын сургалтуудыг удаа дараа зохион байгуулж ирлээ. Үр дүнд нь бараг хаягддаг байсан сарлагын хөөвөр, торомны ноосын үнэ зах зээлд нэмэгдэж, эрэлттэй болсноор малчдын орлого бас л нэмэгдэж байна. Мөн бага насны ямааны ноолуур бэлтгэж, нэмэлт орлого олох боломж байна. Хөвсгөл аймгийн АБАХ дээрх түүхий эдийг бэлтгэж буй малчид, хоршоодыг үйлдвэрлэгчтэй холбох буюу худалдан авагч олоход нь тусладаг. Эдгээр ажлуудаар дамжуулан хамтарч хоршиж, ажил эхлүүлбэл боломжийг бий болгож болдогыг малчдад, хоршоодод ойлгуулахыг хичээдэг.

Гурав дахь ажил нь манай аймгийн АБАХ бусадтай зорилго чиглэл нэгтэй ОУБ-ын нэгжүүд, байгууллагуудтай ажиллах хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Одоогоор бид Швейцарын хөгжлийн агентлагын Ногоон алт малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой 5 суманд, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөлтэй 5 суманд, Мэрси Кортой бэлчээрийн менежментийн төлөвлөгөө гаргах чиглэлээр 4 суманд, Мөн TNC олон улсын байгууллагатай Баянзүрх суманд , Азийн хөгжлийн банкны Нэмүү өртгийг дэмжих төсөлтэй малчдыг чадавхижуулах, түүхий эдийн чанарын сайжруулах чиглэлээр 3 суманд ажиллаж байна. Дээр нь ТББ-н үйл ажиллагааны санхүүжилт олон эх үүсвэрээс бүрддэг учраас бид байгууллагынхаа засаглал, чадавхид анхаарч ажиллаж байна.

Одоо Хөвсгөл аймаг хэдэн СБАХ-тай вэ?

Манай аймгийн Арбулаг, Алаг- Эрдэнэ, Цэцэрлэг, Цагаан-Уул, Улаан-Уул гэсэн 5 сум СБАХ буюу сумдын 65 бэлчээр ашиглагчдын хэсэгтэй. Сумын тоо нь 5 хэдий ч бэлчээрийн хэмжээгээрээ аймагтаа анхаарал татахуйц газар нутгийг хамардаг. Цэцэрлэг,Цагаан-уул сумдад үлийн цагаан огтоны асуудал их байна. Арбулаг, Алаг-эрдэнэ сумдад хөрш зэргэлдээ сумдын нүүдэл, дамжин өнгөрөхдөө олон малын хөлд талхлагдаж байна. Улаан–Уул сум үзэсгэлэнт сайхан ой, тайга, уулстай боловч бэлчээрийн нөөцийн газар багатай учраас бусад сумруу нүүдэл хийдэг  зэрэг өөр өөрсдийн онцлоготой байдаг.Малчдын байгууллагыг үүсгэн байгуулан хөгжүүлэхэд хамтран нэг баг болон ажиллан дэмжиж байгаа бүх байгуулагууд, малчид, БАХ-ийн ахлагч нар, СБАХ-ны тэргүүн нар, МБАНХ, Ногоон алт – малын эрүүл мэнд төслийн багт талархаж явдагаа илэрхийлье.

Малчдыг зохион байгуулалтанд оруулахад ямар хүндрэл гарч байв?

Бэлчээртэй холбоотой асуудлыг дагаад малчдын нийгмийн асуудал, ус, хужир, тэжээлийн дутагдал, хадлан гээд их олон асуудлаар бидэнд малчид ханддаг. Яг л аавдаа “хов зөөж” байгаа хүүхэд шиг. Гэтэл аав ганцаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй. Аавын гарыг хараад гэр бүлийн бусад гишүүд зүгээр суугаад байж таарахгүй. Гэр бүлээрээ, бүгдээрээ оролцож байж асуудлыг шийднэ, тэр айл гэр өнгөтэй, өөдтэй байна. Аав байхгүй байсан ч ажил хэвийн үргэлжилж байх учиртай. Тэгэхээр, асуудал малчдын өөрсдийнх нь хандлагад байсан. Дээр нь мал аж ахуй угаасаа хариулага маллагаа, отор нүүдэл, тарилга туулга, түүхий эд бэлтгэл, борлуулалт гээд ганц хүний хийчих ажил биш.

Энэ утгаараа, ашигладаг бэлчээрээрээ нэгдэн нийлж, бэлчээр ашиглагчдын хэсэг болон ажиллах нь хамгийн тохиромжтой гаргалгаа юм. Ингэснээр, бэлчээрийнхээ төлөв байдлын талаар мэдээлэлтэй байна, аль хэсгийг өнжөөж, сэлгээж, хаашаа нүүхээ шийднэ, хадлан тэжээлээ хамжаад бэлтгэнэ, түүхий эдээ цуглуулж, нийлүүлээд боловсруулагч үйлдвэрийнхэнд нийлүүлнэ. Хэмжээ нь арвин байх тусмаа худалдан авагчийн сонирхлыг татна. Бас бөөгнүүлчихсэн байвал үйлдвэрлэгч өөрсдийн зардлаар ирээд авчихдаг. Энэ мэт давуу талуудыг ойлгоод ирэхээр малчдад зохион байгуулалтанд орохын ач холбогдлыг ойлгож, итгэл үнэмшилтэй болж байна. Бидний гол зорилго бол эрүүл бэлчээр, эрүүл мал, эрүүл хүнс, эрүүл Монгол хүн гэдгийг ойлгуулахыг хичээдэг.

Бэлчээрээ эрүүл байлгахын тулд малчид зохион байгуулалтанд орж, бэлчээр ашиглагчдын хэсгийн гишүүн болох учиртай. Бэлчээрээс гадна мал эмнэлгийн үйлчилгээ, малын эрүүл мэндийг сайжруулсанаар малаас гарах түүхий эд чанаржина. Чанартай түүхий эдийг тохирсон үнээр борлуулах ажлыг маркетингийн хоршоо хийнэ. Дээр нь Монгол хүнийг эрүүл хүнсээр хангахын тулд малчин өөрөө эрүүл байж, санхүүгийн асуудалгүй байх хэрэгтэй. Энэ бүгдийг малчдад тайлбарлаж, танилцуулсаны үр дүнд тэд манай байгууллагад итгэж эхэлж байна. “Сонгуулиас өөр үед бараг тоогддоггүй бидний сайн сайхны төлөө гэсэн байгууллага бий болж байна” гээд тэд баяртай байдаг.

Малчид жилийн 4 улиралд хөдөлмөрлөж бэлдсэн ноолуур, ноос, хөөвөр, махаа зах зээлийн үнээр бус хэн нэг нөхрийн хэлсэн үнэд өгөхөөс өөр аргагүй болдогтоо харамсдаг. Малчид түүхий эдийн чанарыг сайжруулах тал дээр мэдлэггүй, хэнэггүй, залхуу байдлаасаа болж боломжит орлогоо алддаг. Жишээ нь мал амьд байх үед харагддаггүй гэмтэлүүд болох самны ором, хачиг, хамууны толбо, шивээ өвсний нүх гэх мэт нь боловсруулсны дараа харагддаг. Бас арьсыг нь өвчих үеийн хутганы зүсэлт, өлөнг нь арьсан дотор нь хийж хадгалсантай холбоотойгоор арьс түлэгдэж, цооролт үүсдэг. Энэ бүгдээс болоод арьсын ашигтай талбай багасдаг. Тэр хэмжээгээр үнэ нь буурдаг. Цаашилбал, малчид ноолуураа ямар ч анхан шатны ангилан ялгалт хийлгүйгээр борлуулдаг. Боловсруулагч үйлдвэрлүүд  ноолуураас  шороо, хог хаягдал ихтэй байна малчдаа дамжуулаарай гэдэг…

Боловсруулалтын гарц нь багасдаг. Түүхий эдээ банкны зээлээр бэлддэг үйлдвэрүүдэд энэ том хохирол. Шорооноос гадна үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гэмтээдэг хог хаягдлууд, цохиод унадаггүй төмрийн хольц зэрэг илрэх нь бий. Малчид бид үүнд хамаагүй гэдэг. Энэ байдлаас болж үйлдвэрлэгч, малчны аль аль нь хохирдог. Энэ эрсдэлээс болж олон зуун ажилтныхаа цалин, нийгмийн асуудлыг шийдэх, улсад татвар төлөх үүрэгтэй үйлдвэрүүд маань ажиллах боломжгүй болж байна. Дүгнээд хэлэхэд, малчдын зах зээлийн хандлага, мэдлэг мэдээллийн хүртээмжийг бодлогоор хөгжүүлэх нь нэн чухал байна.

2019 онд болон ер нь цаашид тавьж байгаа зорилт юу байна?

Хэдий 2-3 жилийн богино хугацаанд ч гэлээ манай аймгийн АБАХ бэлчээр ашиглагчдын гэрээг аймагтаа анх удаа байгуулж, хоршоог жинхэнэ утгаар нь хөгжүүлэх суурийг тавьж, малчдын дундын санг байгууллаа. Малчдад өөрсөддөө хэрэгтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр болох учиртай дундын санг дэмжих зорилгоор Ногоон алт малын эрүүл мэнд төслөөс 50 хувийн санхүүжилтийг хийдэг. Үүний ачаар, ажил хийх мөнгөтэй болохоос гадна малчид хуримтлалтай болж эхэлж байна.

Энэ нь бэлчээр ашиглагчдын хэсэгтэй холбоотойгоор бас хоршоон дээрээ түүхий эдээ тушаах гэж уулздаг малчид, хоршооны гишүүдэд уулзах дахин нэг сайхан шалтгаан болж байна. Анх хоршоо, дундын сангийн тухай сургалт хийж байхад хадгаламжтай хүн байгаа эсэхийг асуухад 100 хүнээс 7-8 хүн гараа өргөж байсан бол өнөөдөр энэ тоо 50 хүрч өссөн. Малчдын эрх ашгийг хамгаалах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, санхүүгийн байгууллага нь хоорондоо уялдаатай ажиллах нь үр ашигтай байгааг бид малчиддаа анхаас нь зөв ойлгуулахыг хичээж ажиллаж байна. Монгол хүнийг нэгдэж нийлэх дургүй, чаддаггүй гэж ярьдаг. Миний бодлоор, хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхүйц зорилго тавьж чадахгүй байна.

2019 онд бэлчээр ашиглагчдын гэрээг олон хэсгүүд сумын Засаг даргатай байгуулахад хичээн ажиллана. Мөн анх удаа эрсдлийн санг малчдад танилцуулна. Дээр нь бидний батлагдана гэж итгэж, хүлээж байгаа бэлчээрийн тухай хууль батлагдвал их сайн байна. 25 жил хүлээгдсэн энэ хууль батлагдахгүй бид бол эцэстээ бэлчээргүй, нүүдлийн мал аж ахуйгүй, зундаа аялах байгальгүй болно. Хичнээн зуун сая доллартай байгаад ч эргэж сэргээж чадахгүй. Бэлчээрийн төлөв байдлын хамгийн сүүлийн тайлангаар байгалийн аясаараа эргэж сэргэхгүй болсон бэлчээрийн хэмжээ 7-гоос 14 хувь болж 2 дахин нэмэгдсэн байна билээ.

Одоо байгаа шигээ зохицуулалтгүй үргэлжлэх юм бол 14 нь 28,болно  28 нь 56 болоод явна. Угаасаа, Монгол улсын нийт бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаа алдаж, доройтсон байгаа. Гэхдээ, хууль батлагдахыг хүлээгээд бэлчээрээ доройтохыг зүгээр хараад суугаад байж таарахгүй. Тиймээс бид эрсдэлийн санг хамтын оролцоотойгоор байгуулж эхлээд байна. Малчид сум, аймаг, төсөл хөтөлбөрүүд гээд оролцогч байгууллагуудын оролцоотой сан. Оролцогчийн тоо нэмэгдэх тусам нэг оролцогчийн хариуцах санхүүжилтийн хувь буурна. Эрсдлийн санд хуримтлагдсан мөнгө бэлчээрийн доройтлын эсрэг хариу арга хэмжээ авахад зарцуулагдана.

Энэ онд төлөвлөсөн бас нэг ажил бол байгуулсан байгууллагуудаа чадавхижуулж, тогтовортой ажиллагааг хангахад анхаарна. Олон улсад байгууллагыг чадавхижуулна гэдэг нь хүмүүсийг чадавхижуулахыг хэлдэг. Энэ бол бидний мэдэхгүй, шинэ содон зүйл огтоос биш. Монголчуудад ийм арга ухаан байсан. Хэт бэлэнчилэх сэтгэлгээнээс болоод гээчихсэн л болохоос биш. Байгууллага чадвартай байхад санхүүгийн үйл ажиллагааны чадвартай, ил тод байдал их чухал юм байна гэдгийг манай аймгийн АБАХ олон улсын байгууллагаас хийсэн үнэлгээ, санхүүгийн аудитаар орсоноор мэдэж авлаа. Санхүү ил тод, нээлттэй байснаар байгууллалын засаглал сайн байна.

Энэ нь байгууллага тогтвортой ажиллах үндэс болно. Хэн нэгнийг хардаж сэрдэх асуудал үгүй болно. Дээр нь малчдын байгууллага, хоршоод, дундын сан маань цахимжиж эхэлж байгаа. Түүхий эдээ аль үйлдвэрт өгсөн хэдий хэмжээгээр бэлтгэсэн гэх мэт мэдээлэл бүртгэгдэнэ. Үүний үр дүнд, тухай байгууллагын чадвар багийн, гишүүдийг чадавхиас шалтгаалдаг болно. Ер нь манай Ногоон алт-малын эрүүл мэнд төсөл,МБАНХ, сум, аймгийн БАХ-д ажилладаг ихэнх хүмүүс байгаль дэлхийгээ үнэт зүйлсээ болгосон, өөрсдийгөө, байгууллагаа хөгжүүлж, сайхан амьдрах хүсэл эрмэлзэлтэй, би ядарч байна, халширч байна гэдэггүй, бэлчээрийнхээ төлөв байдлыг сайжруулчих юмсан, унаган төлөв байдлыг нь тогтвортой хадгалах юмсан, тогтвортой оролготой болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх юмсан гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг учраас маш бага хүний нөөцөөр өргөн цар хүрээнд ажиллаж чаддаг.

Өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлын үр дүнд малчдын амьдрал дээшилсэн гэж та хэлэх үү?

Хоёр жил гэдэг бидний зорьж буй үйл хэрэгтэй харьцуулахад урт хугацаа биш. Бэлчээрийн тухай хууль батлагдалгүй 25 жил болсон гэхээр тийм ч амархан бүтчихгүй нь ойлгогдож байгаа байх. Гэхдээ бэлчээрийн төлөв байдлын хувьд Төсөл хэрэгжиж буй 5 сумын нааштай дүр зургууд харагдаж эхэлж байна. Сайн бэлчээр малчдын хувьд сайхан амьдралын суурь. Мөн малчдын орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа тухай малчид өөрсдөө ярьж байна. Огт ашигладаггүй байсан сарлагийн хөөврөө самнаад нэмэлт орлого олж байна. Төсөл эхлэхээс өмнө 5 сум нийлээд тонн хүрэхгүй хөөвөр бэлтгэдэг байсан бол одоо жилд 200 гаруй сая төгрөгийг хөөвөр борлуулж нэмэлт орлого олсон.

Мөн төсөл хэрэгжсэнээр манай байгууллагын тоног төхөөрөмж, мэдээлэл солилцох үйл ажиллагаа тогтмолжиж байгаа нь сайшаалтай. Ер нь аливаа үйл ажиллагаа тогтмол байх нь чухал. Нэг өдөр онгойгоод маргааш нь хаагдчихдаг байж таарахгүй. Эхнээсээ сумын СБАХ-д малчдын мэдээллийн төвтэй болж байна. Энэ жил нэмээд 2 суманд мэдээллийн төвтэй болчихвол нийтдээ 4 сум мэдээллийн байртай болно. Энэ ажилд малчид, хоршоод хувь нэмрээ оруулж байгаа. Ийм байртай болсноор дундын сан, хадгалмж зээлийн хоршоогоо хэрхэн ажиллуулах, цаашид өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээ, мэдээллийг түгээлт,үйл ажиллагаа сайжирна.

Төсөлд хамрагдсан малчдын 50-аас дээш хувь нь дундын сангийн хуримтлалтай болсон учир дундсын санг хадгаламж зээлийн хоршоо болгох боломжийг судалж байна. Өнгөрсөн жил болсон нэг хөгжилтэй түүх ярихад, дундын санд орох хэрэггүй, дэмий гэж их эсэргүүцдэг нэг нөхөр байсан юм. Тэгсэн нөгөө нөхрийн чинь хавь ойрын бүх хүмүүс нь дундын санд орчихсон, нөгөөдөх чинь ганцаараа үлдчихсэнээ мэдээд хурал дээр босч ирснээ “Та нар ганц хүн аваад явчихаж чадахгүй байна уу?” гэж гоморхсон гэсэн. Дундын сангийн хэрэгцээ шаардлага их байгаагийн дээр зарцуулалтыг бэлнээр бус цахимаар хийдэг бас хяналттай, дүрэм журамтай болохоор малчдын сонирхол нэмэгдэж байна. Мөн зарим малчид БАГ байгуулахад туслаач гэж хүсэлт гаргадаг болсон. Энэ л бидний ажлын үр дүн гэж ойлгож байна. Малчид хэрэгтэй гэдгийг өөрсдөө ойлгоно гэдэг том амжилт.

Малчдын хандлагыг өөрчлөх, бэлэнчлэх сэтгэлгээг халах тал дээр та бүгд багагүй ажил хийж байгаа гэж боддог.

Зөвхөн малчид ч биш л дээ. Бид аливаа бэрхшээлд эзэн хайдаг зантай улс. Бэрхшээл бол мөнхөд байна. Үүнтэй эвлэрэх хэрэгтэй. Дараа нь бэрхшээлийг даван туулах хүн нь та бид өөрсдөө гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэн нэгэн дарга цэрэг, ид шидтэн биш. Малчдын хандлагыг өөрчлөх тал дээр анх сургалт зохион байгуулаад явж байхад манай малчид аливааг ажигламтгай, хүлээцтэй, түргэн хөдөлж, шийдвэр гаргадаггүй, мэдээллийг нягтлахыг хүсдэг. Үүнд нь цаг хугацаа ордог. Нөгөөтэйгүүр, малчид ойлгохгүйдээ бус хий хоосон ярианаас илүү бодит үйлдэл, үйл ажиллагаа, түүний тогтвортой байдлыг харахыг хүсдэг. Тэд биднийг үнэхээр өөрсдийнх нь төлөө тууштай ажиллах эсэхийг мэдэхийг хүсдэг.

Яагаад гэвэл малчид хэрэгждэггүй олон сайхан амлалт сонссоор байгаад бүр дөжирч, хаширчихсан. Тэгэхээр бид малчдад зөвөөр нөлөөлөхийн тулд ажлаа сайн хийж харуулах, мэдээллийг тогтмолжуулж, давтамжийг ойртуулах, уулзаж, ярилцах боломжуудыг нэмэгдүүлэхийг хичээдэг. Анх Ногоон алт- малын эрүүл мэнд төслийг бид бэлчээр л ярьдаг байгууллага гэж боддог байлаа. Гэтэл малын эрүүл мэнд, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах, зах зээл, худалдан авагчтай холбох, малчдын орлогыг нэмэгдүүлэх гээд олон чиглэлээр ажилладаг, бэлчээрийг эдийн засгийн үр ашигтай нь холбож хөгжүүлж байгаа нь маш зөв санагдаж, ихээр олзуурхсан.

Энэ бол өмнө нь олон удаа туршигдаж, амжилттай хэрэгжиж чадаагүй оролдлогуудаас хамгийн бодитой, тогтвортой үргэлжлэх боломжтой нь гэж би дүгнэдэг. Дээр нь нэмээд өмнөх ярьсан бүгдийг ажил болгож, сайхан амьдралд хүрэхийн тулд малчид өөрсдөө оролцоотой байх, зөвхөн нэг малчин бус бултаараа оролцоотой байх ёстойг ойлгуулсан. Тэгэхгүй бол хэн нэгэн рүүгээ бурууг чихэж, хариуцлагаас мултардаг гэм бий. Хөдөлмөрийн оролцооноос гадна санхүү, мөнгөний оролцоо байх учиртай. Би уулзалт ярилцлага, сургалт болгоныхоо эхэнд, дундуур бас төсгөлд нь 3 зүйлийг байнга хэлдэг. Нэгд,  аливаа байгууллагад эрх ашиг байх ёстой, хоёрт, үнэт зүйл байх ёстой, гуравт, түүнийгээ хэрэгжүүлэх, орлого олоход туслах бизнес төлөвлөгөө байх ёстой. Энэ бол байгууллагын тулгын 3 чулуу гэж хэлдэг.

Малчдад тулгарч буй асуудлуудыг яаж шийдье гэж бодож байна?

Манай байгууллагаас зохион байгуулсан сургалт, арга хэмжээнүүдэд суусан малчдын асууж байгаа асуулт нь өөрчлөгдөж, улам боловсорч байгааг харахад их сайхан байдаг. Малчдын хамгийн их ярьдаг зүйл бол бэлчээрийн эрх зүйн орчинг тодорхой болгож  хуулийг даруй баталж өгөөчээ гэдэг. Малчдаас гадна бэлчээр нь шаардаж байна гэдгийг тэд маш сайн мэддэг. Зүйрлэж хэлэх юм бол ямар ч жолооны дүрэмгүй мөртлөө бүгдээрээ машин бариад яваад байна гэсэн үг. Зохицуулалтгүй, хэн хаашаа явах нь хүн бүхний дурийн асуудал. Замын хөдөлгөөн тийм байсан бол ямар дүр зураг байгаа бол.., төсөөлдөө. Өөрсдийгөө мал аж ахуйн орон гэж бахархдаг мөртлөө түүнийгээ зохицуулдаг хуульгүй улс манайхаас өөр байдаг болов уу?

Малчид нь гуйгаад байхад яагаад хойшлуулаад баталдаггүйг нь үнэхээр ойлгохгүй юм. Бид бүгдээрээ бэлчээрийг ашигладаг гэж би дээр хэлсэн. Үгүй ядаж, энэ хууль тогтоогчид эрүүл бэлчээрт идээшилсэн, аюулгүй мах сүү хэрэглэхийг хүсдэггүй юм байхдаа гэж бодох юм. Ногоон алт-малын эрүүл мэнд төсөл малын гаралтай түүхий эдийн эргэн мөшгих тогтолцоог хөгжүүлж, гарал үүсэл нь тодорхой түүхий эдийг хэрэглэгчидэд нийлүүлэх боломжийг бүрдүүлж, төр засаг, мэргэжлийн байгууллагуудад нь хүлээлгэж өгсөн.

Үүнийг дэмжиж, хууль эрхзүйн орчинг нь бий болгоод өгвөл цааш нь дэлгэрүүлээд ажиллая гэсэн ТББ-ууд нь байна. Малчдын санаа зовоож буй бас нэг асуудал бол тэдний орлого жилээс жилд буурч байна. Малын тоо нь нэмэгдээд байгаа мөртлөө орлого нь буураад байна. Энэ тэгэхээр, малын тоондоо бус зохицуулалтгүй бэлчээр ашиглалт, хүний хүчин зүйлээс шалтгаалж байна гэж боддог. Бэлчээрээ өнжөөж, сэлгэхийг хүн л. Мал өөрөө гүйгээд оччихгүй. Бэлчээрийн сөрөг нөлөөллийн 50 хувь нь хүнтэй холбоотой учраас зохицуулалт, эрхзүйн орчин хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр бэлчээрийн тухай хуулийг даруй батлуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэхийн төлөө бүгдээрээ ажиллах хэрэгтэй байна.

Ярилцсанд баярлалаа

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *