Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, МУ-ийн Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан болон газар, албадын удирдлагууд өнөөдөр салбарын мэргэжлийн холбоодтой хамтарсан уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад мал аж ахуйн салбарын төлөөлөл 10 гаруй мэргэжлийн холбоод оролцлоо. Уулзалтаар салбарын мэргэжлийн холбоод яамтай хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж санал хүсэлтээ илэрхийлсэн бол сайдын зүгээс боловсруулж буй хуулийн төслүүд, яаманд мэргэжлийн холбоодын харилцаа, уялдааг хангах мэргэжилтэн ажиллуулах, бодлогын залгамж байдлыг хадгалах, төсөв бодлогын уялдааг хангаж ажиллах тухай танилцуулж цаашид мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллахаа мэдэгдэж харилцан санал солилцов.
Уулзалтад Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг оролцсон ба аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, малчдын бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн чадавхийг бэхжүүлэх, бэлчээр ашиглах урт хугацааны гэрээ байгуулах, гэрээний бүртгэлийн асуудлыг сайжруулах, шинэ хуулийн орчинд нийцүүлэх, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн дэмжлэгийг мэргэжлийн холбоодод чиглүүлэх зэрэг асуудлаар саналаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсын санаачлагын дагуу зарлагдсан энэ онд тохиож буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд Монголын мал аж ахуйн салбарт шинэчлэл хийхийн төлөө салбарын мэргэжлийн холбоод манлайлан ажиллахаа илэрхийллээ.
Тус уулзалтад оролцсон мэргэжлийн холбоодыг. Тодруулбал,
- "Монголын хөдөө аж ахуйн эрдэс шим тэжээлийн мэргэжлийн холбоо" НҮТББ;
- Мал аж ахуйн салбарын технологийн үйлчилгээ үзүүлэгчдийн нэгдсэн холбоо;
- Бодлого судлалын төв;
- Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо;
- Мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо;
- Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөл;
- Тахианы аж ахуй, өндөгний бизнесс эрхлэгчдийн холбоо;
- Монголын сүүний нэгдсэн холбоо;
- Мал, амьтны бүртгэл, мэдээлэлийн үндэсний холбоо;
- Хөдөө аж ахуйн дэвшилт технологи нэвтрүүлэх институт ТББ;
- Монголын хөдөө аж ахуйн дэвшил холбоо НҮТББ.







