Н.Ганхуяг: МАА-н салбар, бэлчээр нутаг бол бидний “Алтан сан хөмрөг”
Н.Ганхуяг: МАА-н салбар, бэлчээр нутаг бол бидний “Алтан сан хөмрөг”

Төв Азийн цээжинд орших Монголчууд бидэнд өвөг дээдсээс өвлөн ирсэн маш том баялаг бий. Монгол Улсын Төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн Зундуйн Дорж “Хэл, хил,мал гуравтайгаа байхад Хэн баян бэ, Монгол баян. Хэл, хил, мал гурваасаа салбал Хэн эмгэнэлтэйв, Монгол эмгэнэлтэй!” хэмээн бидний хэдэн зуун жилээр тусгаар тогтнолы нминь баталгаа болсон гурван баялагийг магтан дуулсан байдаг.

Харин өнөө цагт “Малчин, мал, бэлчээр” гурав байхад Монгол баян гэж хэлэхэд буруудахааргүй болсон байна. Учир нь хэл соёлоо хадгалж, улсынхаа дархан байдлаа хамгаалж байгаа ч дэлхийн дулааралтай холбоотойгоор байгаль цаг уурын өөрчлөлт илт мэдрэгдэж, хүний буруутай үйл ажиллагаа, эдийн засгийн шалтгаан, уул уурхайн хөгжлөөс үүдэн малчин хүн малаа бэлчээх нутаг нь хомсдож байгаа нь үнэн.

Тиймээс бэлчээрийн асуудлыг онцгойлон анхаарах ёстой цаг ирсэн гэдгийг эрдэмтэн судлаачид ч хэлж буй. Энэхүү асуудлаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуягтай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө бидний саналыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. Таны хувьд Монгол орныхоо бэлчээр нутгийг хамгаалах ажлыг хийхгүй бол болохгүй цаг иржээ гэдгийг хэзээ анх мэдэрсэн бэ?

-Би ажлын анхны гараагаа байгаль хамгаалах үйлсээр эхэлсэн гэж болно. Уг нь ХААИС-ийг мал зүйч мэргэжлээр төгссөн юм. Гэхдээ сургуулиа төгсөөд Төв аймгийн Баяндэлгэр суманд газрын даамлаар ажиллаж байгаад Байгаль орчны хяналтын улсын байцаагч болсон. Тэр цагаас л байгаль орчин, бэлчээр нутгаа хайрлан хамгаалах ёстой гэдгийг ухаарч, арай өөр өнцгөөс асуудлыг хардаг болсон доо.

-Хамгийн эхэнд хийсэн ажил нь юу байв?

-Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллаж байхдаа Баяндэлгэр суманд ой хээрийн түймэр асаад түүнийг унтраах ажилд оролцсон юм. Түймэр унтраах ажилд оролцож үзсэнээс хойш хөдөө хээр хамт явсан хүмүүс, найз нөхдийнхөө шидсэн тамхины ишийг унтарсан эсэхийг заавал шалгаж байж санаа амардаг дадал зуршилтай болсон.

Ер  нь хүмүүс ой хээрийн түймрийг унтраахад гар бие оролцож үзэх нь байгалиа хайрлаж хамгаалах сэтгэлийг илүү ихээр өгдөг юм шиг санагддаг. Хичнээн сайхан байгаль хэдхэн хоромд шатахыг харахаар өөрийн эрхгүй сэтгэл өвддөг юм билээ.

-Хэзээнээс бэлчээр нутгаа хамгаалах ажлыг тууштайгаар хийж ирсэн бэ?

-Ногоон-Алт төслийн хүрээнд сүүлийн 10 гаруй жил Бэлчээрийн менежментийг сайжруулах ажилд оролцож, бэлчээрийн судалгаа хийснээр гарч байгаа өөрчлөлтийг тогтоож, учир холбогдолыг таньж мэдэх зэргээр улам ихийг мэддэг болсон. Судалгааны ажлыг багийн хамт олон, гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран хийж эхэлсэн үеэс эхлэн цагаас эхлэн сонирхож, эргэж буцахааргүй энэ чиглэлд анхаарч ажиллах болсон доо.

Одоо аян замд явж байхад өөрчлөлтөнд орж, доройтсон бэлчээр нутаг, хүмүүсийн хариуцлагагүй үйлдлийг хараад сэтгэл эмтэрч, толгой дарамтаар дүүрдэг юм. Өөрийн эрхгүй л энэ байдлыг хүмүүст хэрхэн ойлгуулах талаар бодол санаандаа эргэцүүлж явдаг болчихсон. Хамгийн гол нь бэлчээрийн өөрчлөлтөөс үүдэн цаашид үүсэх сөрөг үр дагаврыг таамаглаж байгаа учраас бид л хүмүүст ойлгуулж хариу арга хэмжээ авах ёстой гэж бодож явдаг.

-Малчид нутаг орноо хайрлаж хамгаалах уламжлалаа гээгээгүй ч бэлчээр доройтсон гол хүчин зүйл шалтгаан нь юу байсан бол?

-Өнөөдөр бэлчээр нутгийн 57% нь өөрчлөгдөн доройтолд орж, 13,5% нь эргэж сэргэхээргүй цөлжөөд байгаа билээ. Саяхан бид Тэсийн гол дагуух нутгийн малчдын мал аж ахуйгаа эрхэлж ирсэн амьдралын хэв маяг, уламжлалт ёс заншлыг түмэн олондоо харуулах зорилгоор “Тэсийн голын Монголчууд” баримтат киног хийсэн юм. Уг кинонд байгаль дэлхийгээ шүтэж, цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож, бэлчээр нутгаа нүүдэл сэлгээтэйгээр даац багтаамжид нь тохируулан ашиглаж, нүүж суухдаа хүртэл гэрийн буурин дээрээ бүртийх ч хог хаягдал үйлдээдэггүй.

Экологийн цэвэр бүтээгдэхүүн болох буянт малаа өсгөж, ашиг шимийг нь хүртэн бусдад садаа бололгүй, бурхнаас заясан нутагтаа сэтгэл хангалуун аж төрөн суугаа эгэл жирийн малчдын тухай гардаг юм. Тэр киноноос харахад өөрийн хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцсан ажлаа 100 хувь бүрэн дүүрэн хийж, буянт малаа будаа тариа шиг өсгөж байгаа тэдний үйлдэл л лав буруу биш гэдэг нь харагдана. Тэд байгалиа хайрлаж чадаж байна.

-Бэлчээрийг хайрлан хамгаалах нь дан ганц малчин хүний асуудал биш, бүх хүнд хамаатай асуудал гэж бодож байна. Энэ тухай таны бодол?

-Сүүлийн үед Тогтвортой хөгжлийн талаар бодлого боловсруулагчид, судлаачид их ярьдаг болжээ. Тэгвэл манай улсын тухайд ирээдүйд оршин байлгах тулгын гурван чулууны нэг нь эрүүл соргог бэлчээр нутаг минь юм. Бэлчээр үгүй бол мал аж ахуйн салбар маань зогсоно. Мэдээж мал аж ахуйн салбар зогсчихвол Монголын гэсэн имиж, дүр төрх байхгүй болно. Тиймээс бэлчээр гэдэг Монгол хүн болгонд хамаатай асуудал. Нөгөө талаар өвөг дээдсээс бидэнд өвлүүлж үлдээсэн мал сүрэг бол бидний болон хойч үеийн маань хоол хүнсний хангамж, эдийн засгийн маш том өв болсон алтан сан хөмрөг гэж болно. Манай төслийн зүгээс Бэлчээрийг “Ногоон алт” гэж тодруулсан ч ийм л утгатай.

-Бэлчээрийн тухай асуудал Монгол Улсын олон хуулиудад зүйл заалтаар орсон байдаг. Гэхдээ Бэлчээрийн тухай тусгайлсан хуультай байх нь илүү үр дүнтэй гэдгийг эрдэмтэн судлаачид үзэж буй. Яагаад?

-Тулгын гурван чулууг хөдөлгөөнгүй бат бэх байлгах үйлсийг төлөвшүүлэхэд дээр дооргүй хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй гэдэгтэй маргах хүн байхгүй. Үүнийг харин яриад байх бус нэн даруй эрх үүргийг нь хуульчлан тогтоож хэрэгжүүлэх нь та бидний зорилго байх ёстой юм. Нөгөө талаар цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдээс өгсүүлээд бүх түвшинд бэлчээрийн тухай мэдлэгтэй болгож, “Ногоон алт” –аа хамгаалах хэрэгтэй байна.

-Саяхан Төрийн ордонд “Бэлчээрийн тухай хууль”-ийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохиогдсон. Таны хувьд энэ хэлэлцүүлэг, нээлттэй сонсголоос гарсан үр дүнг хэрхэн дүгнэж байна?

-Бэлчээрийн асуудлаас үүдэн малчид маань “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг шиг яах учраа олохгүй байна. Төрсөн нутагтаа мал сүргээ хариулан, хэнд ч гэм хоргүй амьдарч байхад нь хүч түрэмгийлэн орж ирэх хариуцлаггүй уул уурхайтай тэд л тэмцэж, зарим хэсэг нь шантарч байна. Тиймээс Төрийн ордонд цугларсан 1000 орчим малчдынсанал шүүмжлэлээс үзэхэд нийгэмд хүлээлт бий болж, жинхэнэ “Хувьсгалын тохироо нь бүрдсэн” гэж харж байна.

Энэ байдлыг тус хэлэлцүүлэгт оролцсон бодлого боловсруулагчид бүгд ойлгож мэдэрсэн гэдэгт итгэж байна. Малчид захиасаа захисан. Одоо сонгож төрд илгээсэн, төрийн алтан жолоог атгуулсан эрхмүүдийнхээ шийдвэрийг хүлээх л үлдсэн.

-Бэлчээрийн тухай хуулийг УИХ-ын энэ хаврын чуулганаар батлуулах нь их чухал. Тэгэхгүй бол оройтно гэж үзэх хүн цөөнгүй бий. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч?

-Ер нь бол оройтоод байгаа. Гэвч олон шалтгаан байна. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчээр уул уурхайгаас хэт хамааралтай эрхмүүд, бизнесменүүд бэлчээр нутагт нүүрлээд байгаа аюулыг мушгин гуйвуулах, хот хөдөөгийн иргэдийг айдаст автуулах зэргээр “бохир” аргыг хэрэглэж асуудлыг хойшлуулсаар байна. Тиймээс энэ байдалтай эвлэрэлгүйгээр бэлчээр нутгаа дөрвөн улирлаар ээлж сэлгээтэй ашиглаж, ган зуд тохиолдоход ордог отрын нутагтай байх зэрэг үндсэн нөхцлөө хуульчлан хамгаалах хэрэгтэй байна.

Ер нь бэлчээрийг ганц нэг өрхөөр өмчилж болохгүй, хашиж болохгүй, зуслангийн нутагт байнгын хашаа сууц бариулахгүй байж, аль болохоор дундын бэлчээртэй, нутаг нэгтэй малчид хамтын шийдвэр гаргаж зохистой ашиглаж байх зарчмыг одоогийн хуулийн төсөлд тусгасан юм билээ.

-Киргизстан улс Бэлчээрийн тухай хуультай болоод 10 гаруй жил болчихлоо. Саяхан Узбекстан улс Бэлчээрийн тухай хууль баталлаа. Эдгээр улсуудад ямар давуу тал бий болж байгаа бол?

-Төв Азийн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, манай эргэн тойронд оршдог ихэнх улс бараг бүгд л Бэлчээрийн хуультай болсон. Гэхдээ эдгээр улсын дийлэнх нь манай хуулийн төслөөс санаа авсан гэдэг юм. Миний дуулснаар тэдгээр улс орнуудад бэлчээрт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, зам харгуй засварлах, худаг ус гаргах, хадлан сайжруулах, отрын нутгийн ашиглалт хариуцлагтай болж, төрийн гар харахгүй хэмжээнд хүрсэн байдаг.

Эхний жилүүдэд бэлчээрийн дэд бүтцэд оруулах хөрөнгө санхүүгийн эрэлт хэрэгцээ их байсан ч гэсэн жил бүр асуудлыг ээлж дараагаар шийдвэрлэсээр байгаад сүүлдээ бүр мөнгө нь хуримтлагдаад нийгмийн арга хэмжээнд зарцуулдаг болсон байна. Малчид дундаасаа босгосон мөнгөө улсын том тогоонд оруулаад алдчихалгүй юунд, хэдий хэмжээтэйг зарцуулах талаар өөрсдөө хамтын шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг болсонбайна.

-Ярилцсанд баярлалаа. Таны зорьсон, санасан бүхэн сэтгэлчилэн бүтэж явахын ерөөл өргөе.

П.Нарандэлгэр

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *