Монгол орны бэлчээрийн экосистемийн төлөв байдлын мониторингийн улсын сүлжээний товч танилцуулга

Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас Монгол улсын хэмжээнд бэлчээрийн төлөв байдлыг жил бүр үнэлэх мониторингийн хөтөлбөрийг  баг төлөөлсөн  1516 цэг дээр суурилан хэрэгжүүлдэг. Тус газар нь  1) үндэсний хэмжээнд стандарчлагдсан шалгуур үзүүлэлтүүд бүхий мониторингийн олон улсад зөвшөөрөгдсөн нэгдсэн арга зүйг нэвтрүүлэх, 2) мониторингийн өгөгдөл мэдээнд дүн шинжилгээ хийх, аливаа бэлчээрийн “соргог/эрүүл”, эсвэл “талхлагдсан” болохыг тогтоох үндэслэл болгох үүднээс бэлчээрийн голлох төрлүүдээр лавлагаа сан үүсгэх, 3) мониторингийн дүн мэдээлэлд тулгуурлан бэлчээрийн төлөв байдлын талаарх тойм, мэдээллийг цаг тухай бүр гаргах чадавхийг бэхжүүлэх тал дээр ихээхэн дэвшил, үр дүнд хүрсэн.

Монгол улсын хэмжээнд эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд, БОАЖЯ, ХХААХҮЯ, ГЗБГЗЗГ, ЦУОШГ зэрэг олон байгууллагад хэрэглэж байгаа бэлчээрийн мониторингийн арга зүйг харьцуулж үзсэний үндсэн дээр бэлчээрийн төлөв байдлыг үнэлэхэд цаашдаа ямар нэг зөрчилтэй, үл нийцэх байдлыг бууруулахын тулд үндсэн шалгуур үзүүлэлтийг нэгтгэн багцлах нь зүйтэй гэдэг нэгдсэн ойлголцолд хүрсэн юм. Үндсэн шалгуурт ургамлын навчны тусгаг бүрхэц, зонхилох зүйлийн бүрэлдэхүүн, олон наст ургамлын суурь хоорондын зай, ургамлын өндөр, ургац зэргийг авахаар тогтсон болно. Шугаман цэгийн бичиглэл, хоосон зайн бичиглэл, газраас нэг сантиметр өндөр хайчлах аргаар авсан биомассын агаарын хуурай жингээр тооцсон ургац, фото баримтжуулалтыг үндсэн шалгуураар сонгосон юм. Тухайн бэлчээр нутгийн экологийн чадавхийг тодорхойлох үндсэн шалгуур болох хөрсний физик шинжийг тодорхойлох түргэвчилсан арга болон малчдын төсөөлөлд нийцсэн экологийн чадавхийн тодорхойлолтыг хялбаршуулсан хувилбараар боловсруулах үзэл баримтлалын талаар зөвшилцөлд хүрлээ. Шинэчилж стандартжуулсан арга нь сурч эзэмшихэд хялбар, нарийвчлал сайтайн дээр ашиглахад төвөг багатай. Тухайн цаг үед бэлчээрийн төлөв байдал ямар түвшинд байгаа,  мөн урт хугацаанд гарах өөрчлөлтийг нарийвчлалтай тооцох (мониторинг)-д энэхүү аргыг ашиглах боломжтой. 2011 онд шинэчилсэн арга зүй, үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний хэмжээнд ашиглахаар Засгийн газрын эрх бүхий байгууллагуудаас баталсан болно.

ЦУОШГ-ын харъяа бэлчээрийн үндэсний мониторингийн цэгүүд нь Монгол улсын байгалийн бүс бүслүүр болон засаг захиргааны хилийг бүрэн төлөөлж байна (Зураг.1.1.). 

Зураг 1.1. Цаг уурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн мониторингийн цэгийн байршлын зураглал

2011 оноос хойш 320 сумын цаг уурын ажилтнууд улсын хэмжээнд нийтдээ мониторингийн 1516 цэгээс шинэчилсэн аргаар бэлчээрийн төлөв байдлын мониторингийн үндсэн мэдээлэл цуглуулж ирлээ. Аймгийн хөдөө аж ахуйн цаг уурын инженерүүд анхдагч тоон мэдээлэлд чанарын хяналт тавьдаг, мөн мониторингийн тоон мэдээллийг Бэлчээрийн мониторингийн үндэсний мэдээллийн санд оруулах ажлыг хариуцан гүйцэтгэж байна.  Монгол орны нөхцөлд зохицуулсан үндсэн бүх шалгуур үзүүлэлтүүдээс гадна шаардлагатай бусад мэдээллийг нэгэн зэрэг багтаах үндэсний түвшний үнэлгээ ба мониторингийн мэдээллийн энэхүү сан дээр тулгуурлан дүн шинжилгээ хийж зорилтот хугацаагаар тайлан гаргаж олон нийтэд үйлчилж байна. Мөн түүнчлэн мониторингийн цэгүүдийн га-ийн ургацын мэдээллийг ашиглан Засгийн газрын тогтоолын дагуу өвөл-хаврын бэлчээрийн даацыг багийн нутгаар тооцоолон гаргах ажлыг жил бүр хийж байна.