Монголын нүүдэлчид дундын мөнгөн сангаар санхүүгийн баталгаат байдлаа бүтээж байна
Монголын нүүдэлчид дундын мөнгөн сангаар санхүүгийн баталгаат байдлаа бүтээж байна

Гэрэл зургийг: Sergio Tittarini / CC BY

Нийтлэсэн: Сара Трент, Баярцогтын Халиун

2019-10-2

Монгол улс, Арвайхээр хот. Нэгдүгээр сар дундаа орж, Монгол улсын Өвөрхангай аймагт хүнд хахир өвлийн хүйтэн  дуусах дөхсөн байна. Малчин Дэлгэржаргалын Дэмчигийн 200 гаруй хонь, ямаа, үхэр, адуу тарга тэвээрэг муутайхан байлаа. Өвлийн бэлчээр малыг нь тэжээж дийлэхгүй тул одоо л өвс тэжээл хэрэг болдог цаг. Гэсэн ч өнгөрсөн жил үнэ хүрэх гол зүйл болох ноолуураа тэр хэдийн зарж мөнгийг нь хэрэглээд дуусчихсан байв. Ноолуур бол тэдний гэр бүлийн гол орлого. Шинэ оны ноолуурын орлого гар дээр иртэл дахиад хэдэн сар дутуу.

Өвөл бүр Монголын тэсгим хүйтэнд хөдөө нутгийн малчид Дэмчиг шиг ийм сонголтын өмнө ирдэг юм: малаа нэг нэгээр нь зарах уу, аль эсвэл ноолуурын наймаачдаас зээл авч, дараа нь зээлэндээ ноолуураа өгөх үү?

Зарим малчид илүү албан ёсны байгууллагаас зээл авах гэж оролддог ч тийм зээлийн нөхцөл нь их хэцүү. Монгол бараг л дэлхийн хамгийн өндөр зээлийн хүүтэй улсуудын нэг. Малчид банкнаас зээл авбал жилд бараг 30-35% нэмж эргүүлж өгөхөд хүрнэ. Хэрэв зээл авч чадвал шүү дээ.

Ганц үеийн өмнө малчид малдаа гол төлөв мориор явдаг байв. Одоо харин мотоциклоор малаа хариулах нь элбэг болжээ.

Энэ өвөл Дэмчигт харин өөр нэг сонголт нэмэгдсэн байлаа. Тэр Малчдын Нэгдсэн Хүч хэмээх хоршооллоосоо зээл авах боломжтой болжээ. Тэрбээр 850 гишүүнтэй энэхүү дундын мөнгөн сант хоршооны нэг гишүүн болсон байлаа.

“Эндээс би нэг сар хэрэглэх өвс тэжээл худалдан авах зээл авсан” хэмээн Дэмчиг ярьсан юм. 200 доллартай тэнцэх мөнгө зээлсэн нь түүнд өвлийг давахад яг хүрэх байлаа. Үүний төлөө тэр сард 2%-ийн хүү төлнө. Жилийн 24% гэсэн үг. Гэсэн ч хүүгийн орлогын тал нь түүний нэр дээрх хадгаламжинд хуримтлагдана, нөгөө тал нь дундын мөнгөн санд нэмэгдэнэ. Аль алиных нь мөнгө Дэмчигийн хэлдэг шиг “мөнгөн сүрэг шиг” өсөж олширдог ажээ.

Энэ оны сүүлээртус сангийнхан уг сангаа илүү өргөжүүлж болгон, хадгаламж-зээлийн хоршоо болгох гэж байгаа юм. Хэдэн арван ийм хоршоо улс даяар байгуулагдаж байгаа ба гол манлайлагч нь Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо хэмээх байгууллага. Уг байгууллага малчдын зардлыг бууруулж, санхүүгийн аюулгүй баталгаатай байдлыг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэ аргачлалыг өмнө нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан олон Азийн олон орнуудад хэрэглэж буй.

Монголчууд бүр уламжлалаараа өөрийн ойр дотны хүмүүс, хамаатнуудаас өөр хүмүүст төдийлөн итгэдэггүй тул малчдын хувьд энэ нь бэлчээрийн менежмент, хамтын ажиллагааг нь нэмэгдүүлэх нэгэн шинэ аргачлал болсон юм. Зарим нутгийнхан, энэ арга хэмжээ нь амжилттай хэрэгжих юм бол ирээдүйд банкийг ч халж болох юм гэж итгэж байгаа билээ.

 

            Хамтарч ажиллах нь

Мал гэдэг бол малчдын хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйлс нь. Улс даяар малчид өвөл авсан зээлээсээ болж, маш их өрөнд орж байна. Үүнд малаас өөр хөрөнгө, хадгаламжгүй нь нэрмээс болж байгаа юм. Уламжлалт таван хошуу мал болох адуу, хонь, ямаа, тэмээ, үхэр – нь үржиж төлжиж, мах, сүүгээр хангаж буй боловч байгаль цаг уурын өөрчлөлтөөс болоод салхи шуурга, байгалийн үзэгдлээс болон хорогддог бөгөөд цаг уураас их хамааралтай.

Дэлхийн хамгийн том өвсөрхөг талт тал хээрийн экосистем гэж тооцогддог Монголын тал нутгийн 70%-ийнх нь чанар доройтсон гэж тооцогдож байна.

– 2013 оны хиймэл дагуулын судалгаа

ЗХУ-ын үед Монголын ихэнх мал төрийн өмч байсан юм. 1991 онд ЗХУ задарсны дараа Монгол улс ч мөн адил капиталист эдийн засагт шилжсэн. Төрийн өмчийн үйлдвэрүүдийг хувьчилсантай адил малчид ч бэлчээрийн менежмент, ноос үс, сүү сүүн бүтээгдэхүүнийг цуглуулах ажил малчдын өөрсдийнх нь хувийн ажил болон хувирсан. Малчид ийнхүү гэнэт л өөрсдийн гэсэн малтай болсны адил холбогдох бүх хариуцлага өөрснийх нь нуруун дээр буусан.

Холбогдох зардал нь ч эрс өссөн. Ганц үеийн өмнө малчид мориор малдаа явдаг байсан бол одоо мотоциклоор малаа хариулж байна. Гар утас, нарны зай, ачааны машин, орчин үеийн хэрэгцээ, хэрэгслүүд ч өргөн дэлгэрсэн.

Энэ зуур цаг уур ч өөрчлөгдөв. Малчид, эрдэмтдийн аль аль нь зун илүү хуурай, бороо хур орох нь цөөрч, илүү халуун болж байгаа талаар хэлэх болов. Дэлхий даяар температур нэмэгдэн, 1940 оноос хойш цельсийн 2 хэмээр өсөөд байна хэмээн БОАЖЯ мэдээлэв. Түүнчлэн, дэлхийн байгаль цаг уур өөрчлөгдөхтэй зэрэгцэн малын тоо толгой хэт нэмэгдэн, бэлчээрийн даац хэтэрч, малчдын ачаалал ч нэмэгдэж байна.

Судлаачид Монголын газар нутгийн 70% нь өвсөрхөг тал нутаг байгаагаас үүнийг дэлхийн хамгийн том зүлэгт экосистемийн нэг гэж тооцдог. Гэвч уг экосистем алгуур доройтон, цөлжиж байна.

“Ийм байгаа болохоор л малчид хамтрах ёстой. Ганц ганцаараа яваад юманд хүрэхгүй. Хамтрах юм бол илүү том үр дүнд хүрнэ” хэмээн Лонжидын Жаргалбаатар хэлж байна. Тэр Өвөрхангай аймгийн бүх хоршооны хоршоодын холбооны тэргүүн юм. Гэвч үүнийг ажил хэрэг болгох амар биш. Юун түрүүн хэлэхэд, малчид төдийлөн бие биедээ итгэдэггүй. Бие биенээ дундын мөнгөн сангаас илүү авах вий, идэж ууна, хувьдаа завшина гэж харддаг юм. Хамтран ажиллаж сурахад цаг хугацаа хэрэгтэй.

Энэхүү хамтын ажиллагааг дэмжиж буй нэг дэмжигч нь Швейцарийн Хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй Ногоон Алт Малын эрүүл мэнд төсөл. Үүнийг Монголын Бэлчээр Ашиглагчдын Холбоо улс даяар хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл малчдын хоршоонуудаар дамжуулан бэлчээрийн нөхцөл байдлыг сайжруулахыг зорьж байгаа аж.

Банк эздээ л баяжуулахын тулд ажилладаг. Бид харин хөршийнхөө юмыг авч баяжих зорилгогүй.

– Ахай Турдихан, малчдын байгууллагын тэргүүн.

“Бид хүмүүсийн хамтын ажиллагааг ямар нэг байдлаар урамшуулах ёстой байсан. Тийм болохоор дундын мөнгөн сангуудыг байгуулсан” хэмээн улс даяар 1500 гаруй ийм малчдын хэсэг бүлэг байгуулсан Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны захирал Ням-Очирын Ганхуяг ярьсан юм.

Эдгээр сан тус бүр тухайн хэсэг бүлгийн 30-50 айл өрхөд үйлчлэх зориулалттай бөгөөд өрх бүр 10 орчим доллар тус санд нэмэрлэсэн ба нэмэрлэсэнтэй нь ижил дүнгээр Ногоон Алт төсөл бас тухайн санд нь хөрөнгө оруулж байгаа юм.

Эдгээр санг анхандаа тухайн бүлгийнхэн дундаа хэрэглэдэг бэлчээр, талбайд тэжээл тарих, хадлан авах зорилгоор байгуулсан боловч мөнгөнүүд нь төд удалгүй дуусчээ. “Тиймээс тэд сангаасаа мөнгө зээлж, сандаа эргүүлэн төлж эхэлсэн юм. Яваандаа тэд өгсөн зээлэндээ хүү бодож эхэлсэн бөгөөд тэгээд нэг л мэдэхэд сангууд нь томорсон”.

Хангалттай томорцгоосон болохоор нь Ганхуяг захирал тэдгээр хэсэг бүлгүүддээ албан ёсны хадгаламж зээлийн хоршооны гэрчилгээ авах нь зүйтэй гэж зөвлөсөн байна. Ингэж албан ёсны байгууллага болох юм бол байгууллагын захирал, удирдлага нь өөрчлөгдсөн ч гэсэн үйлчилгээ нь цааш хэвийн явагдах боломжтой болно.

Эдгээр инститүцээр дамжуулан малчид санхүүгийн сахилга батад суралцахын хажуугаар орлогоо нэмэгдүүлж, өвс, бэлчээр гэх мэт дундын нөөцүүдээ хамтран ашиглаж сурна гэж Ганхуяг найдаж байгаа ажээ. Малчдын хэсэг бүлгүүд дундаас бараг 30 орчим хадгаламж зээлийн хоршоод байгуулагдсан байна. Энэ тоо улам нэмэгдэх чиг хандлага ажиглагдаж байна.

 

Ирээдүйн талаарх итгэл найдвар, загвар

Монголын баруун нутагт Баян Өлгий аймгийн 5000 малчин малчдын байгууллагын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа бөгөөд уг байгууллага нь малчдын хоршоо, хадгаламж зээлийн хоршоог ч байгуулжээ. 2005 онд байгуулагдсан тус байгууллагыг энэ чиглэлийн ажлын суурь загвар гэж үзэж байна. Тус байгууллагын хоршоод малчдыг хамтран ажиллуулах замаар малаас нь гардаг түүхий эдийг нэгдсэн байдлаар зах зээлд гаргаж,  малчдын нийтлэг ашиг сонирхол, бэлчээрийг хамгаалахын сацуу, шаардлагатай үед нь хэрэгтэй санхүүгийн тусламж олгохыг санал болгож байгаа ажээ.

“Малчид банкны зээлээр хол явахгүй” хэмээн тус байгууллагын тэргүүн Ахай Турдихан ярьж байна. Түүнийхээр “Банк зөвхөн эздээ л баяжуулах зорилготой. Бид харин хөршүүдийнхээ хөрөнгөөр баяжих зорилгогүй”. Хамтын ажиллагаанд суурилсан зээлийн байгууллагууд түүнийхээр бол “гишүүдийнхээ сайн сайхны төлөө” ажилладаг юм.

Өвөрхангай аймагт Малчдын Хамтын Хүч бүлэг дундын мөнгөн сангаа хадгаламж зээлийн байгууллага болгон хувиргахын төлөө ажиллаж байгаа ба тэд өөрсдөө ямар хүүгээр зээл өгөх хэрэгтэй, яавал илүү олон гишүүн өөртөө элсүүлэх вэ гэдгээ шийдэх мэдэлтэй. Түүнчлэн гишүүддээ ноогдол ашиг хуваарилдаг болбол малчдад илүү хэрэгтэй хэмээн Хувцагааны Алтанцэцэг ярьж байна.

“Ашгаас хувь хүртсэн малчид ам сайтай байдаг” хэмээн тэр ярьсан юм. Түүнийхээр, бусад байгууллагууд ч бас ийм маягаар ажиллаж, ноогдол ашиг тараах юм бол хүмүүс илүү ихийг хадгаламжиндаа хийж, түүгээр нь илүү их хөрөнгө оруулалт хийх боломжтой болох ажээ. Хамгийн сүүлд л гэхэд тэд гишүүддээ $2 долларын ноогдол ашиг тараасан нь анх ердөө $10 доллар сандаа оруулсан хүмүүсийн хувьд хангалттай өндөр ноогдол ашиг байв.

Хамтын ажиллагаанд суурилсан санхүүгийн инститүцүүд Өвөрхангайд ийм амжилттай байгааг өөрийн нүдээр харсан болохоороо Алтанцэцэг, нэг л өдөр хадгаламж зээлийн байгууллагууд уламжлалт банкуудыг Монголын хөдөө нутгаас шахан гаргах болно гэдэгт итгэл төгс байгаа ажээ.

            “Үүнд цаг хугацаа л хэрэгтэй. Гэхдээ ирээдүй бол тэнд байна” гэж тэр хэлж байна.

Эх сурвалж: https://www.devex.com/news/mongolian-nomads-create-shared-funds-and-financial-security-95673#disqus_thread

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *