МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАГВАРУУД

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган бэлчээрийн газрын ашиглалтын горим, ачаалал болон дэлхийн уур амьсгалын дулаарлын хавсарсан нөлөө улам бүр эрчимжиж буй өнөө үед бэлчээр ашиглалтыг бэлчээрийн ургамлын сэргэх чадавхи, даацад нь тохируулах  замаар бэлчээрийн экосистемийг тогтвортой хадгалах, хамгаалах хариуцлагатай үүрэг бэлчээр зохион байгуулагчид, ашиглагчдын өмнө зүй ёсоор тавигдаж байна.

Ногоон Алт төслийн хүрээнд хийсэн бэлчээрийн экологийн чадавхийн урт хугацааны судалгаа, УЦУОСМХ, ГЗБГЗЗГ-ын мэргэжилтнүүд болон ШУА-ийн хүрээлэнгийн эрдэмтэд, зөвлөхүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд боловсруулан гаргасан “МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАГВАРУУД”-ын шинэчилсэн хувилбарыг та бүхний гар дээр тавьж байна.  Энэхүү хялбаршуулсан зурагт каталогийг эдүгээ бэлчээрийн төлөв байдлын мониторинг үнэлгээний мэдээллийг боловсруулж, түүний үр дүнгээр хэрэглэгчдэд үйлчлэх, бэлчээрийн газрын ашиглалтыг тухайн орон нутгийн экологи, нийгэм эдийн засгийн онцлогт тохируулан төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх, бэлчээр ашиглалтын нөлөөг хянаж үнэлэх үндсэн арга хэрэгсэл болгон ашиглаж байна.

Энэхүү каталогит Монгол орны бэлчээрийн голлох төрлүүдээр унаган соргог болон өөрчлөгдсөн төлөв байдлын хувилбарууд, тэдгээрийн хоорондын шилжилт өөрчлөлтийг үе үеийн судлаачдын хээрийн судалгааны тоон мэдээлэл, эрдэмтдийн мэдлэг туршлагад тулгуурлан тоон үзүүлэлтээр боловсруулан загварчилж, тухайн төлөв байдлыг тодорхойлох түлхүүр зүйл ургамлууд, боломжит бүтээмжийн талаарх мэдээллээс гадна ашиглалтын зохистой горим, хэлбэрийн технологийн зөвлөмжүүдийг хавсаргасан болно.

“МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАГВАР”-ын шинэчилсэн хувилбараар бэлчээрийн экологийн чадавхийн бүлгүүдийн тархцыг засаг захиргааны нэгжээр тодруулахын зэрэгцээ сэргэх чадавхийн зэргээс гадна доройтлын түвшиний мэдээллийг нэмж орууллаа. Энэхүү каталогийн хэрэглээг улам  өргөжүүлэх зорилгоор  ургамлын бүрхэцийн шугаман цэгийн аргаар тодорхойлсон тоон мэдээллээс гадна уламжлалт буюу нүдэн баримжааны аргаар тодорхойлсон хувийг давхар оруулахын зэрэгцээ бэлчээрийн ургамлын төлөв байдал бүрээр зонхилогч болон дэд зонхилогч ургамлуудыг дэлгэрэнгүй оруулсан.

Ус, цаг уурын болон газрын харилцааны улсын сүлжээн дээрх бэлчээрийн мониторингийн мэдээлэл боловсруулах, бэлчээрийн төлөв байдал, сэргэх чадавхийг үнэлэхэд, мөн сумын бэлчээр зохион байгуулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, ашиглалтын үр нөлөөг хянахад  МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАГВАР-ыг ашиглах бүрэн боломжтойг шинжлэх ухааны болон холбогдох байгууллагуудын зүгээс баталгаажуулж албажуулсан болно.

Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Газар

Ус, Цаг уур, Байгаль Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн

ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэн

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо

Швейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон Алт төсөл