Бэлчээр ҮГҮЙ бол Монгол ҮГҮЙ
Бэлчээр ҮГҮЙ бол Монгол ҮГҮЙ

Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаатай Монгол орны бэлчээр нутаг, малчин ардын амьдрал хэрхэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа талаар ярилцлаа.

“Ногоон алт малын эрүүл мэнд“ төсөлтэй анх танилцсан түүхээсээ хуваалцаач?

2008 онд Ногоон алт төслөөс Завхан аймгийн 23 сумын газрын даамлуудын дунд “Аймгийн Газар зохион байгуулалтын бэлчээрийг зохион байгуулах, төлөвлөгөө боловсруулах” уралдааныг зарласан юм. Зорилго нь газрын даамлуудын анхаарлыг бэлчээрт хандуулах, газар төлөвлөлтөндөө оруулдаг болгох байлаа. Учир нь тухайн үед бэлчээрийн төлөвлөлт гэж хийдэггүй байсан. Уралдаанаас өмнө Ногоон алт төслөөс газрын даамлуудын дунд сургалт явуулж, хэрхэн оролцох талаар мэдээлэл өгсөн юм. Аз болоход, 2006 онд Газрын агентлагаас “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал” ном гарсан байсныг судалчихсан байсан нь надад давуу тал болсон. Мөн Удирдлагын Академид “Газрын шинэтгэл” гэсэн нэртэй 14 хоногийн сургалтанд бусад аймгийн газрын даамлуудтай хамт сууж туршлага судалж мэдээлэл цуглуулсан нь их хэрэг болсон. Бас малчдаас санал авч орон нутгийн онцлогт тохируулж төлөвлөгөөгөө боловсруулахыг хичээсэн. Тэрний хүчинд би тэр уралдаанд түрүүлсэн гэж боддог. Өмнө нь сумын газар төлөвлөлт гэж газар тариалан эрхлэхэд тэдэн га, төмс хүнсний ногоо тариалахад тэдэн га гээд хүснэгтэнд бичсэн хэдэн тоо л байдаг байсан.

Уралдааны дагуу боловсруулсан төлөвлөгөөндөө эвдэрсэн худгууд нь хаана байгаа, тэдгээрийг сэргээх, шинээр гаргах худгуудын байршлыг тодорхойлох, ашигладаггүй бэлчээрийг ашигладаг болох, хэдэн өрх айл хаана бууж болох, ямар бэлчээрийг сэлгэж, өнжөөн ашиглах болох зэрэг мэдээллийг малчдаас санал авсаны үндсэн дээр төлөвлөгөөндөө тусгасан нь дэвшилттэй ажил болсон. Миний боловсруулсан төлөвлөгөө дараа нь сумын ИТХ-р хэлэлцүүлэгдэж, батлагдсаны дараа Засаг даргын захирамж гарч 2009 онд Тэс сумын бэлчээр зохион байгуулалтын шинэ төлөвлөгөө батлагдаж байлаа. Аргагүй шинэлэг ажил болсон учраас ирээдүйд хийгдэх төлөвлөгөөг энэ зарчмын дагуу боловсруулахаар болсон.

Удалгүй Ногоон алт төслийн зарласан уралдаанд нь түрүүлсэн болохоор ч тэр юм уу, надад ажлын санал ирдэг юм байна. Бэлчээртэй холбоотой, байгаль дэлхийгээ хайрласан, хамтын хөдөлмөрийн давуу талыг дэмжсэн, зөв зүйлийн төлөө тэмүүлсэн гоё төсөл байсан болохоор уг саналыг эргэлзэлгүй хүлээж авсан. Санал ирэхээс өмнө би Орос, Хятадын хооронд бизнес хийдэг, ажил амьдралдаа санаа зовох зүйлгүй, нас ч 40 хүрч байсан. Хувийн амьдрал гайгүй болчихсон юм чинь нийгэмдээ нэг юм хийх юмсан гэсэн бодол орж ирсэн. Яг тэр үед энэ төсөлтэй таарсан гэж болно.

Шинэ ажлаа юунаас эхэлсэн бэ?

1990 онд зах зээлийн шинэ нийгэмд оронгуут малчид жалгаар нэг тарж, түүхий эд бэлтгэлийн систем, хамтын хөдөлмөрийн систем гээд бүх юм задарсан. Щвейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон алт төсөл 2009 онд манай Завхан аймгийн бүх суманд хэрэгжиж эхэлсэн. Би төсөлтэй хамтран ажиллах болсоноор Тэс сумыг бэлчээр нутгаар нь 6 хэсгийн зохион байгуулалтанд оруулаад, малчдын өөрөө удирдах хэсэг бүлгийг байгуулж, тэдгээр хэсэг, бүлгүүд нэгдэж “Таанат Тэс” ТББ байгуулан ажиллаж эхэлсэн. Малчдаа дундын сантай болгоод бэлчээрээ зөв зохистой ашиглах, хамтарч ажиллах зэргээр хамтын хөдөлмөрийг нэгтгэх, хооронд нь ойлголцуулах, бие биенийхээ өвөлжөөг ашигласнаас хэрэлдэж маргалддаг байсныг болиулах, хамтран бэлчээрийн төлөвлөгөө гаргаж тэрнийхээ дагуу нүүдэл суудлаа зохицуулдаг болгосон. Жишээ нь, худаг  гаргалаа гэхэд бүлгээрээ ярилцаад хаанаа худгаа гаргах вэ? Аль газраа өнжөөх вэ, аль газраа амраах вэ, хаанаа хадлангийн талбай байгуулах вэ, хэдэн сараас хэдэн сарын хооронд хадлангийн талбайруу нүүх вэ, хэзээ хадах вэ гэх мэт бэлчээр дээрээ хамтарч ажиллах төлөвлөгөөнүүдийг гаргаад ажиллаж байсан.

Хүндрэл бэрхшээл байгаагүй юу?

Байгаагүй ээ. Би газрын даамал байхдаа уралдаанд орсон гэсэн дээ, тэр үед л уг нь хийх ёстой ажил байсан юм. Нэг ёсондоо төрийн хийх ёстой ажил байсан гэсэн үг. Тэгээд л тэр дагуу малчидтайгаа уулзалтууд хийж, мэдээллүүдээ өгөөд яваад байсан. ИТХ-аар батлуулж, Засаг даргын захирамж гарчихсан тул миний хувьд бол төслийн ажлыг хийх  суурь нь бэлэн байсан. Зарим сумдад хүнд байсан. Тухайлбал, мал бэлчээх хил хязгаар тогтчихвол яах вэ гэдэг асуудал гарсан ч аяндаа бэлчээр дээрээ маргахгүйгээр хамтарч ажиллаж болох юм байна гэдгийг л ойлгуулсан.

Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлын ажлыг хэдэн оноос хийж эхэлсэн бэ?

2009 онд Завханы бүх суманд ТББ байгуулагдсан байсан 2010 оноос  малчдынхаа дуу хоолойг аймгийнхаа бодлогод хүргэе гэж ярилцаад 23 сумын ТББ нэгдэж, Завхан аймгийн Бэлчээр ашиглалтын холбоог байгуулсан. 2013 оноос миний бие энэ албанд томилогдоод ажиллаж байна.

Ажлаа аваад малчдын байгуулгыг бэхжүүлэхэд анхаарч, сумдын малчдын байгуулгын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор байр, тоног төхөөрөмж, түүхий эдийн склад савтай болгох, Бэлчээр ашиглалтыг сайжруулах төлөвлөх хянах хариуцлагажуулах, Малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллалаа. Энэ хүрээнд манай Завхан аймгийн бүх сумдын малчдын байгууллагууд өөрийн гэсэн байр сургалтын тоног төхөөрөмжтэй болсон.

Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр 18-н сумын малчдын байгууллагын дэргэдэх малчны хоршоод маань нэгдээд “Тоонот Цацраг” дундын хоршоо байгууллаа. Дундын хоршоогоороо дамжуулж анхан шатны хоршоод үндэсний үйлдвэрүүдтэй түүхий эдийн гэрээ байгуулах урьдчилгаа авах зуучлан борлуулах үйл ажиллагаа маань хэвшлээ. Бэлчээр Ашиглалтыг сайжруулах чиглэлээр аймаг орон нутагтай хамтарч ажилласны үр дүнд Монголд анх удаа Завхан аймаг ИТХ-аараа Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмаа батлаж Хууль зүйн Яаманд бүртгүүллээ. Мөн аймгийн хэмжээнд 100-гаран Бэлчээр ашиглалтын хэсэг бэлчээрээ гэрээгээр ашиглаж байна.

Бэлчээрийн гэрээний талаар илүү тодруулж өгөөч?

Манай аймагт 2012-2016 онуудад ойт хээрийн бүсээс Идэр сум, тал хээрийн бүсээс Сантмаргаз сумдыг сонгож бэлчээрийн судалгааны төсөл хэрэгжүүсэн.юэнэ төслийн хүрээнд бид олон улсын судалгааны дэвшилтэт технилоги болох  фото зургийн аргаар бэлчээрийн төлөв байдлыг хянах фотомониторингийн арга зүйг эдгээр суманд нэвтрүүлсэн энэ судалгааны үр дүнг цааш нь аймгийн ГХБХБ-ын газартай хамтарч бүх сумдын газрын даамлуудад сургалт өгч тоног төхөөрөмжөөр нь хангаад бэлчээрийн төлөв байдлыг фото зургийн аргаар  тогтоодог болсон. Энэ судалгааны үр дүнд Газрын хуулийн 52.2 –р зүйлийн дагуу малчдын хэсэг бүлэг бэлчээрийн газраа сумын засаг даргатайгаа гэрээ байгуулж ашиглаж байна. Мөн энэ гэрээгээ Монгол улсын Газрын нэгдсэн мэдээлийн санд бүртгүүлэн малчид маань уламжлалт эрх болох бэлчээр нутагтаа эзэн болох эрхээ эдлэх, бэлчээр нутгаа хайрлах хамгаалах боломж бүрдэж байгаа юм.

Малчдад Дундын сангийн ач тусыг хэрхэн ойлгуулав?

Сумдаар нилээн тойрч хурал хийсэн. Хэсгийн ахлагч нартаа мэдээлэл сургалт өгөөд заримтай нь ээлжилж сургалт семинарт хамт явж, бусад аймгуудын туршлагыг судлуулдаг байлаа. Аяндаа хэсгийн ахлагч нар туршлага судлаж, гарц шийдлээ хамтдаа гаргаж эхэлсэн. Зохион байгуулалтанд оруулаад, дараа нь Дундын сан үүсгэхийн тулд БАХ-ын гишүүн бүхэн дундын сандаа 35000 төгрөг нийлүүлж хуримтлалаа үүсгэх ёстой. Тэрэн дээр жаахан асуудалтай байсан. Нэг сонгуулиар нэг багийн дарга гарч ирээд “Багийн сан” үүсгэж байна гээд баахан мал цуглуулж байгаад сонгуульт хугацаа дуусахад сан нь байхгүй болчихдог байлаа. Тиймээс Дундын сан байгуулья гэдэг дээр ойлголцохгүй нилээн удсан. Ямар ч ажил шууд шулуун бүтэх нь ховор л доо. Тухайлбал, Гүррагчаа хэдэн малчдыг нэгтгээд авлаа, яах гэж байгаа бол гэх зэргээр улс төртэй холбож, хэл ам атаа жөтөө явна. Мэдсээр байж ажил унагах гэсэн нөхдүүд ч байлаа. Зарим нь ойлгохгүй 3-4 ярьж байж ойлгуулна. 1 дэхь дээр нь гайхаад өнгөрнө, 2 дахь удаа дээр асуулт асууна, 3 дахь удаад харилцан ярилцана, 4 дэхь дээр нь ойлгоод Дундын сандаа мөнгө төгрөгөө нийлүүлэх хүн ч байсан.

Анх итгэхгүй байсан хүмүүс юунаас болж, Дундын санд мөнгөө нийлүүлэхээр шийдсэн юм бол?

Бэлчээрийн маргаан үүсэх нь багассан нь нөлөөлсөн. Нөгөө талаар банкнаас зээл авахад дор хаяж хоёр өдөр зарцуулна. Харин Дундын сангийн гишүүнээр элссэн бол 5-10 минутын дотор л өөрийнхөө мөнгөнөөс өөрөө зээлдэг дээд тал нь 500 мянган төгрөгний зээлийг 6 сарын хугацаанд 2 хувийн хүүтэй авч болдог. Хүүний нэг хувь ТББ-ынхаа үйл ажиллагаанд захиран зарцуулдаг, нөгөө нэг хувь нь дундын сандаа орсон малчдын мөнгө өсөж байдаг. Тухайлбал, нэг өрх 35 мянган төгрөгөөр тооцож 40 малчин өрх нийлэхэд 1 сая 400 мянган төгрөг цуглуулж, төслөөс 1 сая 400 мянган төгрөг нэмж өгөөд тухайн Бэлчээр Ашиглалтын  хэсэгт нь данс нээж 2,800,000-н төгрөг цуглана.

Тэр данснаасаа тухайн хэсгийн малчид маань Дундын сангийнхаа журмын дагуу дээд тал нь хэдэн төгрөг хэдий хугацаанд хэдэн хувийн хүүтэйгээр авах вэ гэдгийг дотоод журмынхаа дагуу зээлээд явдаг зарчимтай. Бид өнгөрсөн хугацааны алдаанаасаа сургамж авч, Малчдын дундын санг шилэн данстай болгосон. Үр дүнд нь Дундын санг аймгаас хянах боломж бүрдсэн бас хуулийн зөвлөх ажилуулж эргэн төлөлтийг хийлгэсэн. Үүний үр дүнд Дундын сангийн үйл ажиллагаа тогтворжоод явж байна. Бид дундын сан нь амжилттай яваа сумдын дараагийн хөгжил нь Хадгаламж зээлийн хоршоо гэж харсан.  Одоогоор 2-р сум хадгаламж зээлийн хоршоо болоод ажиллаж байна. 4-н сум хадгаламж зээлийн хоршоо байгуулаад Санхүүгийн зохицуулах хороонд  хүсэлтээ өгөөд эрхээ хүлээж байна.

Дундын сан бол малчид санхүүгийн хүндрэлээс гарах, хамтрахад нь нилээн түлхэц өгсөн гэж боддог. Жишээ нь, Идэр сум гэхэд 12 сая төгрөг малчдаасаа цуглуулж, төслөөс 12 сая төгрөг өгч 24 сая төгрөгтэй Дундын сан нь эхэлж байсан. Энэ жилийн эцсийн дүнгээр хүү нь нэмэгдээд 66.8 сая төгрөгийн дундын сантай болчихсон байх жишээтэй. Малчид нь ч гэсэн урам зоригтой, тэндээсээ зээлээ авдаг. Цаашдаа Хадгаламж зээлийн хоршоо болгоод явах бүрэн боломжтой. Нэгэнт зүг чиг нь тодорхой болчихсон, Хадгаламж зээлийн хоршоод маань улам өргөжөөд ирээдүйд Малчны банк болох ч юм билүү.

Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал болсноос хойш хийсэн онцлох ажлуудаас дурьдвал?

Миний хувьд аймгийн холбоог нэгдсэн удирдлагаар хангаж, зөвхөн бэлчээр гэхгүй түүхий эдийн асуудлыг ч анхаарч ажилласан. СБАХ-дын дэргэдэх хоршоодыг нэгтгээд “Тоонот цацраг” гээд Дундын хоршоо байгуулсан. Үндэсний үйлдвэрүүдийн тавьсан шаардлагын дагуу түүхий эд ямар стандарт хангасан байх, ямар үнээр авах вэ гэдэгт тохируулан нэгдсэн зохион байгуулалттайгаар жилд 400-500 тонн ноос бэлтгэн зах зээлд гаргах болсон.  Сумдаас 20- 50 тонн ноос бэлтгэхэд аймгийн хэмжээнд 400-500 тонн ноос гаргаж байгаа юм. Дундын хоршоо бол анхан шатны хоршоодын зуучлан борлуулах гэрээг хийх л үүрэгтэй. Сум болгоны хоршоо гэрээ хийхээр очиход зардал чирэгдэл ихтэй, үндэсний үйлдвэрлэгчид танихгүй. Урьдчилгаа мөнгө өгөхгүй. Гэтэл аймгийн хэмжээний Дундын хоршоонд нэгдээд нэгдсэн зохион байгуулалтанд орчиход үйлдвэрүүдийн итгэлцэл хүртэл өөр болсон.

Анх эхлэх үеийн төсөөлөл одоо хийж байгаа ажлын хооронд хэр зөрүү байна?

Төсөл эхэлж байхад бэлчээр дээр төлөвлөлтийг нь зөв хийлгээд л явах юм байна гэж ойлгож байсан. Гэтэл бэлчээр дээр мал байна, малаас түүхий эд гарна, малын эрүүл мэнд, үүлдэр угсаа гээд асуудлууд зөндөө бий. Мөн малчдыг соён гэгээрүүлэх ажил байна. Ямар ч улсын хөгжлийн гол үндэс суурь бол уламжлалт аж ахуй нь юм.  Жишээ нь, Хятад улсын уламжлалт аж ахуй нь газар тариалан. Монголын хувьд нүүдлийн мал аж ахуй уламжлал ёс заншил, бүх зүйл нь шингэчихсэн байдаг. Бид энэ уламжлалаа орчин үеийн шинэ технологитой уялдуулж, төгөлдөршүүлэх юм бол Монголын хөгжлийн үндэс болно. Энэ даяаршсан нийгэмд зөв гаргаж тавих юм бол дэлхийн брэнд болж чадна гэдгийг ойлгож байна. Тиймээс бид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж малчидтайгаа хамтдаа зөв зохион байгуулалттайгаар ажиллах хэрэгтэй байна.

Монгол улсын Засгийн газраас малчдын талаар олон хөтөлбөрүүд гарч байна. Гэвч харамсалтай нь хоорондоо уялдаа холбоогүй, төрийн залгамж чанар байхгүй байна. Бид гадаадаас туршлага, мэдээлэл хайх хэрэггүй. Бидэнд хамтрал, Ардын аж ахуйтан, нэгдэл гээд ХАА-хөгжүүлэх чиглэлээр бэлэн түүх байна. Түүн дээрээ судалгаа хийж алдаа оноог нь цэгнээд хэрэгтэй ашигтай, зөв зохион байгуулалттайг нь төрийн бодлогоор дэмжээд явбал Атрын аян шиг Монголын ХАА-уй хурдан босно доо гэж би боддог юм.

Бэлчээрийн хуулийн талаар таны бодол?

Зах зээл эхэлсэн цагаас бидний өвөг дээдсийн хөдөлмөрлөж бүтээсэн Үйлдвэр Завод, САА, ТАА , Нэгдэл гээд бүгдийг нь хувьчилсан. Одоо хувьчлах юм байхгүй. Одоо үнэгүй юм гэвэл бэлчээр л байна. Бэлчээрийн хууль гаргачих юм бол уул уурхайгаас ашиг хүртдэг нөхдийн эрх ашиг нь хөндөгдөх гээд байдаг юм болов уу. Уг нь бүх салбарууд хуультай болсон. Гэтэл малчид маань өвөг дээдсээс уламлагдаж ирсэн бэлчээртээ эзэн нь болох боломжгүй л өдий хүрлээ. Зарим суманд 108-н хайгуулийн лецинзтэй 30-40 н уурхай ажиллаж байдаг. Ард иргэд малчдаас асуудаггүй нь энэ цагийн гамшиг болжээ. Бэлчээрийг Ашиглах Хамгаалах хууль эрх зүйтэй болоод харилцан гэрээний үндсэн дээр Хариуцлагатай Уул уурхайг ашиглаж болно. Бид төрдөө мөнгөтэй баян хүн сонговол амьдрал дээрдэх байх гэж 30-н жил боллоо. Одоо арай өөр өнцгөөс сонголтоо хийх цаг болжээ л гэж бодож байна.

Завхан аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны ойрын зорилго, зорилт юу байна?

Завхан аймгийн хувьд бид багагүй л ажиллалаа. Гэхдээ төрийн залгамж халаа гэж юм алга.  2012-2016 онд ажиллаж байсан хүмүүсээс Отгон сумын Засаг даргаас бусад нь бүгд солигдсон. Шинэ улирдлагуудад үйл ажиллагааныхаа зорилго, чиглэлийг ойлгуулах гэсээр байтал 1-2 жил алддаг. 3-4 дэх жилдээ овоо ажил урагшилж байтал дараагийн сонгууль болчихоод байна. Ямартай ч, аймгийн ЗДТГ-тай хамтарч аймгийн хэмжээнд Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хэлэлцүүлгийг хийлээ. Үүний үр дүнд 2018 оны 12 дугаар сарын 3-ны Аймгийн ИТХ-аар “Завхан аймгийн бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам”-ыг батлууллаа. Мөн үүнийгээ Хууль зүйн яаманд бүртгүүлсэн. Энэ бол нэг том эрх зүйн акт. 2019 оны Завхан аймгийн Нийгэм Эдийн Засгийн Үндсэн чиглэлд Малын Эрүүл Мэндийн Мөшгөх тогтолцоог 24-н сумаараа хэрэгжүүлэх ажил хөрөнгө мөнгөтөйгөө тусгагдаад ажил эхэлсэн. Бүх сумдын малчдын зөвлөлгөөнөөр хэлэлцүүлээд ажил ид өрнөж, үр дүн ч их өндөр байгаа . Цаашид малын гарал үүслийг тодорхойлсон цахим системээр дамжуулан “Хариуцлагатай Нүүдэлч Малчин” апелкейшний хүрээнд ажил хийгдэнэ. Үүнд, Мал Эмнэлэгийн Ерөнхий газрын цахим систем, Мал Эмнэлэгийн Төв Лаборторийн цахим систем, Цаг Уурын цахим систем, Кадастрийн мэдээллийн сангийн цахим систем, Тухайн Малчны байгуулгын мэдээлэл болон малчны мэдээллийг оруулах ажил явагдаж байна.

Энэ системийн үр дүнд хэрэглэгч тухайн малын гаралтай бүтээгдхүүний гарал үүсэл аль аймгийн ямар сумын хэн гэдэг малчны хотноос авчирсан, Ямар байгуулгын малын эмчийн хяналтанд байсан. Хэн гэдэг улсын байцаагч баталгаажуулсан. Цаг уур орчин нь ямар, Бэлчээрийн төлөв байдал буюу идэж байсан өвс ургамал төрөл зүйл, малын тавлаг байдал нь ямар, тухайн малчин хэр хариуцлагтай гэдгийг цахимаар харах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Үр дүнд нь тухайн малын гаралтай бүтээгдхүүний түүхийг хэрэглэгч харах боломж бүрдэнэ. Ингэснээр Монголын малын гаралтай бүтээгдхүүний түүх баталгаажна. Бидний үйлдвэржсэн орноос илүү чанартай бүтээгдхүүн хийх ондооших боломж бол түүхий эдийнхээ гарал үүсэл түүхийг баталгаажуулах явдал гэж ойлгож байгаа. Энэ зорилгыг маань Төр Засаг үйлдвэрүүд маань ойлгоод дэмжээд хамтраад яваасай гэж хүсэх байна.

Нүүдлийн мал аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүн бол тансаг хэрэглээ гэж боддог. Таны хувьд?

Монголын ХАА-н түүхий эд нь байгалийн цэвэр эко бүтээгдэхүүн. Гэвч бид энэ үнэ цэнэтэй бүтээгдэхүүнээ дэлхийд брэнд болгож, гарал үүслийг нь тодорхойлж чадахгүй байгаа. Дэлхийн 7 тэрбум хүний бүх хүнсийг Монголоос хангаж чадахгүй ч брэнд болгочихвол улс маань ч хөгжинө, малчид маань ч хөлжинө. Байгалийн аялал жуулчлалаа зөв холбоод зан заншлаа танилцуулаад явбал заавал уул уурхай гэж хошуураад байх шаардлагагүй болно. Хөгжлийн эхэнд ганц хоёр уурхайгаа ашиглалгүй л яахав. Бусдыг нь үр удамдаа үлдээгээд энэ уламжлалт мал аж ахуйгаа зөв зохион байгуулаад дэлхийд таниулбал Монгол улсаа хөгжүүлэх их амархан гэж хардаг. Өнгөрсөн өвөл хятадууд мах аваад эхлэхэд “Муусайн хятадууд манай малчдын хотыг харлуулах гэлээ” гэх яриа гарсан. Ер нь малчин хүн тэгж хотоо харлатал малаа зардаг хүн үү, экспорт гээд л яриад байдаг ч хийгээд эхлэнгүүт түүнийгээ шүүмжлээд буруу юм яриад байх шиг.

Өнгөрсөн хугацаанд НАМЭМ төслийн хүрээнд улам сайжруулсан эсвэл шинээр хийсэн ажлуудаасаа танилцуулаач.

Бид бүгдийг л шинээр хийсэн. Хэсэг Бүлгийн зохион байгуулалтанд орууллаа, бэлчээрээ зүй зохистой ашигладаг боллоо. Аймгийн бэлчээр ашиглах журмаа батлуулж, Хууль зүйн яаманд бүртгүүлчихлээ, мөн дээр нь бэлчээрийн гэрээ байгууллаа. Энэ нь тухайн малчдыг бэлчээртээ эзэн байх боломжийг олгож, малчид ч хариуцлагатай болж байна. Манай Завхан аймгийн Шилүүстэй, Сантмаргаз, Тэс, Асгат зэрэг 4 сум бэлчээрийн сантай больё гэсэн санаачлага гаргаад хамтарч ажиллаж байна. Шилүүстэй сумын бүх багийн хурлаар нь орж малчидтай уулзаж ярихад гэрээ байгуулж, сангаа байгуулаад бэлчээртээ хөрөнгө оруулалт хийе гэсэн. Аймаг орон нутгийн хөгжлийн сангаас Бэлчээрийн сантай болохыг дэмжиж, Шилүүстэй суманд 5 сая төгрөг тавигдсан. Бид ч бас тодорхой хэмжээний мөнгөөр дэмжиж байна.

Малчид өөрсдөө ярилцаад даацаас хэтэрсэн хонин толгой болгондоо 50 төгрөгийг Бэлчээрийн сандаа нэмэрлээд жил болгон тэр сангаа нэмэгдүүлж байна. Бид сангийнх нь суурийг бэлдэж өгье, сангаа аривжуулаад бэлчээртээ хөрөнгө оруулалт хийе гэсэн санал санаачлагууд гарч байна. Гэрээ байгуулаад хариуцлагатай болгоод ирэхээр малчид өөрсдөө санаачлага гаргадаг болсон. Ирээдүйд Бэлчээрийн хууль нь батлагдаад явбал тухайн орон нутгийнхан малын хөлийн татвар хураамж авбал орон нутагтаа үлддэг байх хэрэгтэй. Түүнийгээ тухайн малчид нь орон нутгийнхаа бэлчээр төлөвлөлт, зохион байгуулалтанд зарцуулдаг болчихвол их аятайхан болох байх. Манай аймгийн үлгэрчилсэн журам батлагдчихсан тул Сумын засаг дарга нар санал тавьж байна. Манай сум ийм бэлчээрийн сантай болмоор байна ирж сургалт хийж өгөөч гэдэг. Цаашид зуд турхан болно. Бэлчээрийн сантай болвол тэвдсэн үедээ сангаасаа журмынхаа дагуу аваад эрсдлээс гарна даа.

Энэхүү журмыг хүмүүс юунаас болж эсэргүүцээд байдаг юм бол? Тэд өөрчлөгдөж байна уу?

Олон малтай хүн л эсэргүүцнэ шүү дээ. Цөөхөн малтай айлынхаа бэлчээрийг талхалчихдаг. Өнгөрсөн намар Сант суманд малчны зөвлөгөөн хийгээд Бэлчээрийн  сангийнхаа талаар бүгд ярилцаад гараа өргөсөн. Саяхан очиход эсэргүүцдэг хүмүүсийн санаа эргэчихсэн байна лээ. Малчид маань хоорондоо хамтраад бэлчээр усандаа хөрөнгө оруулалтаа хийгээд хариуцлагатай ажиллах нь л бидний зорилго шүү дээ.

Та бол Ногоон алт малын эрүүл мэндийн төсөлтэй хамгийн урт хугацаанд ажилласан хүмүүсийн нэг. Таныг анх СБАХ–г байгуулж байх үетэй харьцуулахад одоо малчдын амьдралд ямар өөрчлөлт гарсан гэж бодож байна?

Тухайн үед айлуудад ороход зөөхий тавьсан айл цөөхөн байсан. Зуд турхантай ч байсан. 2009-2010 он гэдэг чинь зудтай жил байлаа шүү дээ. Мал цөөхөн байсан бол одоо өссөн. Хэрэглээ нэмэгдсэн. Амьдрал нь сайжирсан байна. Сум болгондоо ТББ байгуулаад бүгд оффистой, тоног төхөөрөмжөөр хангагдсан. Дундын сангаасаа шаардлагатай үедээ зээлээ аваад хэрэгтэй бүхнээ зохицуулчихна. Түүхий эд бэлтгэл зохион байгуулалтанд орж, малчдын амьдрал ахуй үнэхээр дээрдсэн.

Бодлого боловсруулагч нарт хэлэхийг хүсч байгаа зүйл  байна уу?

Щвейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөл Монголд 2004 оноос хойш 15 жил хэрэгжиж байна. 15 жилийн хугацаанд Малчдыг нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулж ажилласан ийм том хэмжээний төсөл хөтөлбөр цөөхөн шүү дээ, үнэндээ. Энэ бэлэн системийг төр ойлгоод Монгол улсын хэмжээнд ХАА-н загвар болгоод төрийн бодлогодоо оруулаад явчихвал мэдээлэл сургалт маш хурдан хүрнэ. Стандарт, ложистик гээд бүх зүйл цэгцэндээ орно. Малын эрүүл мэнд, үржил селекци зохион байгуулалттай болно. Малчдын санхүүгийн асуудал шийдэгдэнэ, бэлчээрийнх нь асуудал ч зохион байгуулалттай болно. Ийм бэлэн туршигдсан загварыг төр ойлгоод ажил хэрэгтээ нэвтрүүлээд явчих юм бол ХАА маш хурдан хөгжих сэргэх боломж байна гэж боддог.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *