Б.Мандахгэрэл: 6 аймгийн 30 орчим суманд зудын эрсдэл үүсэж болзошгүй байна
Б.Мандахгэрэл: 6 аймгийн 30 орчим суманд зудын эрсдэл үүсэж болзошгүй байна

Ус цаг уур, орчин судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж  ахуйн судалгааны хэлтсээс гаргасан 2019-2020 оны Зудын эрсдлийн зураглалаас харахад нийт нутгийн 30 гаруй хувьд өндөр эрсдэлтэй гэж гарчээ. Тодруулбал, Ховд, Говь-Алтай, Увсын зарим нутгаар, Өвөрхангай, Архангайн уулзвар, Баянхонгорын хойд сумдаар, Хэнтий Сүхбаатар аймгуудаар өндөр эрсдэлтэй гарчээ. Иймд зудын эрсдлээс сэргийлэх хүрээнд Улсын онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажилласан талаар Онцгой байдлын Ерөнхий Газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээс тодрууллаа.  

Энэ өвлийн Зудын эрсдлийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Өнгөрөгч 10, 11 сард нийт нутгаар цаг агаар таатай байж, ард иргэдийн хэлж заншсанаар илүү сартай намар болсон тул яг өнөөдрийн байдлаар цас зуд болоод хүндэрчихсэн аймаг сум алга байна. Гэхдээ холбогдох мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар нийт нутгийн 36 хувьд нь бэлчээрийн даац хэтэрсэн, 64 хувьд нь тодорхой хэмжээний нөөцтэй гэсэн дүн мэдээ гарсан байгаа.

ХХААХҮЯ-ны мэдээгээр нийт 169.7 мянган малчин өрхийн 67.7 сая мал өвөлжинө гэсэн тооцоо гаргасан байна. Засгийн газраас өнгөрсөн 7 дугаар сард Тогтоол гаргаж, энэ оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар аймаг сумдад тодорхой үүрэг чиглэл өгсөн. Улсын хэмжээнд 4595 тонн өвс, 1205 тонн тэжээл бэлтгэх үүрэг чиглэл өгч, 8 дугаар сараас эхлээд ХХААХҮЯ-аас томилогдсон ажлын хэсэг шалгалт хийж ирсэн.

Өнгөрсөн 7 хоногт Улсын онцгой комисс  хуралдаж, 2019-2020 оны өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаар ямар байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх шаардлагатай ажлуудын талаар хэлэлцсэн. Энэхүү уулзалтаас өмнө Улсын онцгой комиссын ажлын хэсэг  Төв, Архангай, Өвөрхангай аймгуудаар явж зудын эрсдлийн үнэлгээ хийж үзсэн.

Улсын онцгой комиссоос томилогдсон ажлын хэсгүүд Засгийн газрын тогтоолын биелэлт аймаг сумын түвшинд ямар байгааг очиж шалгаж, аймаг сум бүрээр гарсан. Шалгалтаар малчдын хувьд өвс тэжээлийн бэлтгэл 91 хувьтай, аймаг сумын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл, аюулгүйн нөөц бүрдүүлэлт 70 хувьтай гэж гарсан. Ажлын хэсгийн явсан дүнгээс харахад Өвөрхангай аймгийн 15, Архангай аймгийн 2, Төв аймгийн 5 гээд улсын хэмжээнд 6 аймгийн 30 орчим суманд зудын эрсдэл үүсэж болзошгүй гэсэн дүгнэлт хийсэн.

-Энэхүү дүгнэлтийн дагуу та бүхэнд ямар үүрэг чиглэл өгсөн бэ?

-Улсын Онцгой комиссын хурлаар тодорхой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн  газрын хуралдаанд оруулсан. Ингэснээр өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар 1.7 тэрбум төгрөгийн үнэтэй өвс тэжээлийн тал хувийг малчдад  хямдруулсан үнээр олгохоор тогтсон. Мөн зам даваа хаагддаг, эдэлгээний хугацаа нь дууссан тээврийн хэрэгсэлтэй зарим сумдад эрүүл мэндийн  тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай автомашиныг олгохоор шийдвэрлэсэн.

-Зудын нөхцөл үүсвэл хэрхэн яаж ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Ер нь зуд болсон хойно нь биш, өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй чухал ажил болдог. Өвс тэжээлээ хангалттай хэмжээнд нөөцөлж, отор нүүдлээ хийж, малаа эрүүлжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг тогтмол хийж, тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангасан тохиолдолд их хэмжээний цас унаж хүйтэрсэн ч гэсэн хохирол багатай даван туулдаг.

Тиймээс бид эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой сургалт сурталчилгааны ажлыг хийж, малчдын болон сумын түвшинд өөр өөрийн бэлтгэлийг хэрхэн хангах талаар зохион байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлж байна. Зуд болсон тохиолдолд Засгийн газраас болон Олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламжийг хурдан шуурхай хүргэж өгөх ажлыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангасан.

Мөн тухайн сум орон нутгийн засаг захиргааны болон мэргэжлийн байгууллага болох хүн эмнэлэг, мал эмнэлэг зэрэг газрууд бэлтгэлээ бүрэн хангасан байна. Гэхдээ байгаль цаг уурын онцлог, дэлхийн дулааралтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд манай улсын зудын давтамж ойртож байгаа.

удын давтамж ойртож байгаа гэдгийг илүү тодруулж өгөөч. Цаашид юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Зудын нөхцөл байдал 10-30 жилийн давтамжтай тохиолддог байсан бол дэлхийн дулаарал, байгаль цаг уурын хуурайшилт их байгаагаас тэдэн жилийн давтамжтай болно, эсвэл ийм жил нь өнтэй сайхан болно гэж яг таг хэлэхэд хэцүү болсон байна.

Сүүлийн 70 жилд тохиолдсон зудын сургамжаас  харахад бэлтгэлээ сайн хангаснаар байгаль цаг уур яаж ч хатуурч байсан хохирол багатай даван туулж байсан туршлага байдаг. Тухайлбал, 1980 аад оны үед 2000-2001 он, 2009-2010 оны зудын хэмжээтэй ижил нөхцөл байдал үүссэн ч хохирол нь  хэдэн 10 дахин бага байжээ. Энэ бол эрсдлээс сэргийлж бэлтгэл сайн хангасантай л холбоотой. Тиймээс урьдчилан сэргийлэх арга их чухал.

Малчин өрхүүд хувийнхаа бэлтгэлийг хангах шаардлагатай. Төр засгийн зүгээс мал сүргийг зөвхөн тоо толгойг чухалчилж өсгөхөөс илүүтэй чанарт анхаарах шаардлагатай болсон байна. Мөн уламжлалт аргаараа яваад байх уу эсвэл бодлогоо жаахан өөрчилж, хагас суурин хэлбэрт шилжүүлэх үү гэдэг бодлогын түвшинд шийдэх асуудлууд цөөнгүй байна. Юуны өмнө малынхаа чанарт анхаарах хэрэгтэй.

Социализмын үед малын үүлдэр угсааг сайжруулах талаар маш их арга хэмжээ авдаг байсан нь сүүлийн 20 гаруй жилд орхигдсон нь одоо эргэн сэргэж байгаа. Дараа нь  малаа чанаржуулж,  цөөхөн тооны чанартай малтай байх ёстой гэсэн бодлого хэрэгтэй. Энэ бол аймаг сумын түвшинд ч, малчин өрхийн түвшинд ч бодох ёстой асуудал. Цөөн тоотой, чанартай малтай байж, тэр нь эдийн засгийн эргэлтэд зөв ордог, ашиг шимийг нь хүртэж, мөнгө болдог системийг хөгжүүлэхэд төрийн бодлого хэрэгтэй.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *