Гурван аймгийн дэд бүтцийг сайжруулж, Агро парк байгуулах талаар ярилцав
Гурван аймгийн дэд бүтцийг сайжруулж, Агро парк байгуулах талаар ярилцав

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арнауд Хэкманн, Монгол Азийн хөгжлийн банкны  Хөтөлбөр хариуцагч, Хот байгуулалтын мэргэжилтэн Стефан Мильо, Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйн хөгжлийн мэргэжилтэн Ш.Алтанбадралт, Монгол дахь хил хязгааргүй малын эмч нар ба аграномчид ОУБ-ын Аргазүйн зөвлөх Рикард Бэртранд тэргүүтэй төлөөллүүд хүрэлцэн ирж, Барилга хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Аймаг сумын төв, бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо. Уулзалтад Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Б.Мэнджаргал, Зөвлөх Л.Ганцогт, Судлаач, харилцаа, хамтын ажиллагааны ажилтан Д.Бурмаа нар оролцсон юм.

Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлэх “Аймаг сумын төв, бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл нь цэвэр ус, цахилгаан зэрэг дэд бүтцээс гадна эдийн засгийн дэд бүтцийн асуудлыг давхар шийдвэрлэх зорилготой бөгөөд ажлынхаа үр дүнг сайжруулахын тулд хот орчмын хөгжил, хөдөөгийн хөжлийг хамтад нь авч явах юм. Ирэх 2020 оноос Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудад 10 жилийн хугацаатай хэрэгжих уг төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудтай уулзаж байна. Аймаг сумдын хүн амын төвлөрөл ихтэй суурин газрын хөгжлийг сайжруулах явцдаа мэргэжилтнүүдийг амьдрах нөхцлөөр нь хангаснаар хот руу ирэх шилжилт хөдөлгөөнийг багасна. Нөгөө талаар хөдөөгийн эдийн засгийг дэмжингээ байгаль орчинд учруулж буй таагүй нөлөөллийг багасгахад чиглэсэн ажлуудыг хийнэ. Мөн малын тоонд анхаарч өсгөх бус илүү чанартай, үр ашигтай байхад анхаарахад нь чиглүүлэх, малчдын орлогыг тогтмолжуулах асуудалд анхаарал хандуулан ажиллах талаар Азийн хөгжлийн банкны төлөөллүүд онцолж байсан юм.

Уулзалтын эхэнд МБАНХ-ын Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ “Манай байгууллагыг сонгон хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Манайх Бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ. Бид 18 аймагт Бэлчээр ашиглагчдын холбоотой, 156 суманд Сумын бэлчээр ашиглагчдын холбоо, 1500 орчим Бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг, 81 мянга гаруй малчин өрхийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн манай холбоонд гишүүнчлэлтэй100 орчим хоршоо байдаг, түүний 70 нь Маркетингийн хоршоо, 30 нь Хадгаламж зээлийн хоршоо байна. Малчдын төв байгууллага, хоршоодтойгоо нийлээд 30 орчим хүн байнгын ажилладаг, аймаг сумтайгаа нийлээд 200 орчим хүн ажилладаг. МБАНХ-ны дэргэд  Маркетингийн хоршоотой. Үүнийг аймгуудын Дундын хоршоо нийлж байгуулсан. Мөн дэргэдээ Хадгаламж зээлийн хоршоотой. Энэ ХЗХ нь гишүүн хоршооддоо зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Манайх гишүүнчлэлийн татвараар үйл ажиллагаа явуулдаг ч ихэнх нь Олон улсын байгууллагууд байдаг. Хамгийн  том түнш маань ШХА-ийн Ногоон алт Малын эрүүл мэнд төсөл.

Мөн Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Хоршоог хөгжүүлэх чиглэлээр WWF, TNC  зэрэг байгууллагуудтай хамтран жижиг төслүүд  хэрэгжүүлж байна. 18 аймгийн Засаг дарга нартай жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулж, ажлаа дүгнээд явдаг. Өнөөдрийн байдлаар 1000 орчим малчдын хэсэг бүлгүүд маань Сумын Засаг даргатайгаа гэрээ хийсэн. Үүнээс 400 орчмыг нь Газрын мэдээлийн санд бүртгүүлсэн байна. Гэрээний хэрэгжилтийг хангахын тулд аймаг сумдууд өөрсдийн нутаг орны онцлогийг харгалзан Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулан ажилладаг. Фотомониторингийн 4700 цэг дээрээс бэлчээр ашиглалтыг хянадаг болсон. Малчдын хэсэг бүлгүүдийг бэхжүүлэхийн тулд Дундын мөнгөн хуримталтай болгож, одоогоор малчдын гар дээр тэрбум гаруй төгрөг эргэлдээд явж байна. Дундын сан нь илүү сайн хөгжөөд ирвэл ХЗХ болгон өргөжүүлдэг. Хэсэг бүлэг дэх малчдын хамтран бэлтгэсэн түүхий эдийг зах зээлд зуучлах үүргийг Дундын хоршоо хариуцан ажиллаж байна” гэлээ.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арнауд Хэкманн хэлэхдээ “ Та бүхэнд баярлалаа. Бид МБАНХ-ны холбоог хэрхэн ажилладаг талаар судалж мэдсэн. Бид цаашид хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг ярилцахаар хүрэлцэн ирсэн юм. Азийн хөгжлийн банк нь сүүлийн 2 жил хот суурин газрыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хот суурин газар болон хөдөөгийн дэд бүтцийг сайжруулах буюу газрын асуудал, ус усалгаа зэргийг шийдвэрлэсэн. Гэр хорооллын дэд бүтцийн чиглэлээр ажиллахдаа тэдгээр хүмүүсийг хэрхэн Монголын хөгжилтэй хөл нийлүүлэх буюу эдийн засаг талаас нь хөгжүүлэх боломжтой гэдэгт анхаарч ажиллаж байна.

Бид хийж байгаа ажлынхаа үр дүнг сайжруулахын тулд хот орчмын хөгжил, хөдөөгийн хөжлийг хамтад нь авч явахгүй бол болохгүй гэдгийг ойлгосон. Эхний удаад төслийг Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймагт хэрэгжүүлнэ. Бид энэ төсөл дээр зөвхөн нэг талыг барьж ажиллахгүй, бүх юмыг л оруулмаар байна. Ажлын байр нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, бэлчээрийг багтааж бүгдийг цогцоор нь нэг арга зүйтэй  хэрэгжүүлэхийг хүсэж байна. Энэ төслийн гол онцлог нь суурин газрыг хөдөөтэй маш сайн холбож өгөх, харилцаа холбоог сайжруулахад анхаарч ажиллана.

Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэгт бидний олон жил ажиллаж ирсэн бэлчээрийн салбар, нэмүү өртгийн сүлжээг оруулах юм.Хот суурин газрын хөгжлийг эдийн засагтай нь уяж өгнө. Эдийн засгаас гадна хот суурин газрын дэд бүтцийн асуудал орж ирнэ. Мөн малчдын үйлдвэрлэж байгаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэх, боловсруулах эргүүлээд малчдад үйлчилгээ үзүүлэх газрыг төв суурин газарт биш хөдөө орон нутагт нь хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Одоо байгаа та бүхний үүсгэсэн бүтэц дээр суурилаад цааш нь хөгжүүлээд явна. Хоршооны үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Түүхий эд бэлтгэлийн үед зээл олгосноор түүхий эдээ хангалттай авна. Дараа нь түүнийгээ экспортод гаргах хүртэл нь санхүүжүүлж, хоршооны үйл ажиллагааг дэмжинэ.

Аймгаас сум хүртэл дэд бүтцийг сайжруулахад хамтран ажиллаж, жижиг хэмжээний Агро парк байгуулна. Энэ нь үйлчилгээ үзүүлдэг жижиг сервис байх ба дэд бүтэц хөгжсөн газар байрлах юм. Сум дундын Агропаркад түүхий эдийг боловсруулахаас гадна тухайн сум орон нутагт байгаа хөдөө аж ахуйн чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрийг ус цахилгаанаар хангах зэрэг дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх юм.

Дараагийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь аймгийн төвийн гэр хорооллын иргэдтэй хамтран агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах юм. Ингэж ажилласанаар орон нутагт байгууллагын чадавхийг бэхжүүлэхээс гадна хувь хүний чадавхийг бэхжүүлж өгнө. Санхүүгийн хувьд маш их дэмжлэг болно. Ингэснээр нийт хүн амын хөгжилд хувь нэмрээ оруулах юм. Маш олон газраас санхүүжилт авч байгаа. Европын холбоо, Европын Хөгжлийн банк, Ногоон уур амьсгал зэрэг хамтрагч байгууллагуудаас санхүүжилт босгоно. Нийтдээ 900 сая ам.доллар санхүүжилттэй 10 жилийн хугацаанд 2-3 шатлалтай хэрэгжих том хэмжээний төсөл хөтөлбөр гэж төлөвлөж байна.

Бэлчээрийн талаар болон хоршооны талаар танай байгууллагатай шууд хамтран ажиллана. Танай Бэлчээр ашиглагчдын бүлгүүд манай төслийг орон нутагт шууд хэрэгжүүлээд явж болно гэж үзсэн тул танай бүтцэн дээр ажиллаад явна гэж бодож байна. Ахиж бүтэц бий болгож цаг алдахгүй, нэгэнт бэлэн байгаа бүтцийг цааш нь хөгжүүлэхээр төлөвлөж байна. Бид нар та бүхнийг энэ чиглэлээр нилээн сайн туршлагатай байгууллага гэж олон хүнээс сонссон. Бид хамтын ажиллагааны талаар маш олон зүйлийг ярих хэрэгтэй. Ганхуяг дарга, та  бидний энэ саналын талаар юу гэж бодож байна?

Н.Ганхуяг: Маш том хөтөлбөрийн хэмжээнд ажиллах төсөл юм байна. Бид тодорхой хэмжээнд хамтран ажиллах саналаа та бүхэнд хүргүүлсэн байгаа. Төслийн хүрээнд асуудлыг цогцоор нь анхаарч ажиллана гэдэг их чухал. Манайх гэхэд Бэлчээрийн холбоо мөртлөө Дундын хоршоо, Хадгаламж зээлийн хоршоо руу орсон. Учир нь бэлчээрийн асуудал нь аяндаа малчдын нийгэм, эдийн засгийн асуудал руу ордог учраас ингэж ажиллаж байна. Та бүхэн асуудлыг хамтад нь шийдэж, цогцоор нь төсөл хэрэгжүүлэх гэж байгаад баяртай байна. Ялангуяа малчдын эдийн засаг орлого ашиг нэмэгдэхэд бэлчээрийн дарамт тодорхой хэмжээнд буурна. Агропарк  байгуулах ажил маш сайхан үр дүнг авчирна. Малын гаралтай түүхий эдийн үнэ өсөхгүй байгаа нь гадаад экспорттой холбоотой. Гэхдээ түүхий эд анхан шатны бэлтгэл ажил хийгдэхгүй байгаагаас хэдэн зуу дахин бага үнээр худалдаалагдаж байна.

Тухайлбал, арьс ширийг малчин хүн томоор нь гэрийнхээ гадаа дэлгэж хатаагаад яг тэр хэвээр нь хоршоонд тушаах ямар ч боломжгүй. Өвөл мотоциклоор аваад явж чадахгүй учраас боогоод хөлдөөчихдөг. Гэтэл ямар хэмжээтэйг мэдэгдэхгүй учраас хоршоо болон ченжүүд хямд үнээр худалдан авдаг. Мөн экспортын чухал бүтээгдэхүүн болох малын өлөн гэдсийг 10 -ыг 1-ийн үнээр л зарч чаддаг. Өвөл  хөлдөөчихдөг гэсгээгээд салгах хооронд цоорно. Ачиж буулгахад цоорно. Гэсгээхэд маш их гэмтдэг учраас 10-аас 1 ширхэг л гарна гэж үздэг. Харин суманд зориулалтын байранд хүлээн авч түүхий эдийг зөв бэлтгэх юм бол зах зээлд 10 дахин өндөр үнээр худалдаалах боломжтой. Агропарк нь малчин өрхийн түвшинд болон сумын түвшинд хийх ажил маш их байх тул өгөөжтэй байх нь тодорхой. Нөгөө талаар сумын Засаг даргатай малчдын хэсэг бүлгүүдийг Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахад нь хамтран ажилладаг. Гэрээний хэрэгжилтийг хангахад малчдад зайлшгүй дэмжлэг хэрэгтэй. Хөнгөлөлттэй зээлийг хөшүүрэг болгон ашиглахад малчид малынхаа тоо толгойг зохицуулж, сүргийн менежмэнтийг зөв байлгахад анхаарч ажилладаг.

Арнауд Хэкманн: Бид Сум дундын хоршоог Агро парк байдлаар ажиллах нь зөв гэж харж байгаа. Бүлгийн түвшинд түүхий эдийн чанар сайжруулах, бэлчээр сйажруулах зэрэг төслүүд хэрэгжинэ. Сумын түвшинд явагдах үйл ажиллагаануудыг Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнүүдтэй уялдууна. Малын тоо толгой, сүргийн бүтэц, бэлчээрийн ачаалал, сүргийн чанарыг сайжруулахад анхаарч ажиллана. Малчдын эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллана. 10 жилийн өмнө олон улсын төслүүд жижиг жижиг хэсгээр ажилладаг байсан. Харин одоо бүгдийг цогцоор нь шийдэж, нэгтгэх цаг нь ирсэн. Бас нэг бүрэлдэхүүн хэсэг нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл. Маш бага хүүтэй мөнгөөр хоршооны үйл ажиллагааг дэмжих, гэрээтэй сумдад өгөх зэргээр ажиллана. Сумын талаас малын эрүүл мэндийг сайжруулахад зориулж болно.

Дараагийн бүрэлдэхүүн хэсэг Мөшгих тогтолцоог олон улсад төдийгүй дотооддоо түүхий эдийн нийлүүлтийг нэмэгдүүлэх, төсөл хэрэгжиж байгаа сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх төслийг хэржэгжүүлнэ. Бэлчээрийг сайжруулахад тэжээл хэрэгтэй, түүнийг усалгаатай байлгахад анхаарна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд МБАНХ-г холбоог төсөл хэрэгжүүлэгч нэг нэгж нь байгаасай гэж хүсэж байна. Төслийн хэрэгжилт чадавхийг сайжруулах маш том боломж тул манай хэрэгжүүлэх нэгж болчихвол БХБЯ-тай нягт хамтран ажиллах юм.

Н.Мэнджаргал: Энэ төслийг гол хэрэгжүүлэгч нь ХХААХҮЯ, БХБЯ, Азийн хөгжлийн банк байх юм байна. Бидний хувьд яамтай хамтран ажиллах туршлагатай, мөн малчдын нийгмийн амьдралыг хэрхэн сайжруулах талаар туршлага хуримтлуулсан байгууллага. Төслийг хэрэгжүүлэгч болсон тохиолдолд яамтай хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгуулан, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажиллана гэсэн гарцыг харж байна.

Арнауд Хэкманн: Төсөл хэрэгжүүлэхэд ямар байгууллага ажиллах вэ гэдэг тодорхой болсоны дараа бүх хамтрагч талуудтай санамж бичиг байгуулан гарын үсэг зурна. Тэр санамж бичиг гарснаар Зээлийн гэрээ, Буцалтгүй тусламжийн гэрээ байгуулна. Засгийн газрын хэмжээнд баримтлах том баримт байх учраас хамтран ажиллах бүх байгууллагууд дагаж мөрдөх баримт болно. Хоёр яамны зүгээс дэмжиж ажиллана. Энэ төсөл маань анх БХБЯ-ны төсөл гэж эхэлсэн ч ХХААХҮЯ-ны ажил болох бэлчээртэй холбогдсон тул харилцан хамааралтай ажиллахыг дэмжсэнд их баяртай байна. Төслийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг саналыг та бүхнээс аваад ХХААХҮЯ-нд хүргэнэ.

Ногоон уур амьсгалын сангаас тэг /0/ хувийн хүүтэй 180 сая ам.долларын зээл авахаар яригдаад төсөлийн саналаа өгч байгаа. Үүнээс гадна 70 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар авахаар яриад байна. Үүнийхээ нилээдгүй хувийг бэлчээрийн менежментийг сайжруулахад ашиглахаар ярьж байна. Энэ нь БАХ-ийг дэмжиж, бэлчээрийн менежментийг сайжруулах, малын чанарыг сайжруулах зэрэг малчдад зориулсан жижиг төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлүүдийг дэмжих сонирхолтой байгаа. Ногоон уур амьсгалын сангаас гарах мөнгө Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжиж гарахдаа маш бага хувийн хүүтэйгээр гарна гэж бодож байна. Хувийн хэвшлийг дэмжихдээ ямар үйлдвэрийг дэмжих вэ гэдгийг нарийн судалж, экспортод гаргах хүртэл нь дэмжих юм. 11 сарын эхний 7 хоногт зээл авах саналаа боловсруулж дууссан байх ёстой тул хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцаж байгаад баяртай байна.

Н.Ганхуяг: Та бүхэнтэй хамтран ажиллавал бидний хувьд том боломж нээгдэнэ. Тэжээлийн нөөц нэмэгдүүлнэ гэдэг их сайхан санагдаж байна. Өнөөдөр тэжээлийн нөөц бүрдүүлдэг байгууллагууд байгаа ч ашгийн төлөө учраас малчдад үр дүн бага байгаа. Бэлчээрийн талбайг ашиглах, усалгаатай болгох гээд хийх ажлууд их байна. Бидний хувьд салбарын яамтай хамтын ажиллагатай малчдын болон бүсийн зөвлөгөөнийг жил бүр хамтран зохион байгуулдаг. Бэлчээрийн асуудлыг ХХААХҮЯ хариуцна гэж Засгийн газраас тогтсон ч зарим салбарууд нь бусад яамдуудтай хамаатай байдаг. Энэ асуудлыг бодлого боловсруулагч нар анхаарч ажилладаг тул нэг байр суурьтай болсон. Судлаачид мөн адил бэлчээрийн асуудалд малчдын хамтын нэгдэл чухал гэдэгт санал нэгдсэн байгаа. Орон нутгийн салбар нэгжүүдийн чадавхийг нь бэхжүүлэх, сумын бэлчээрийн мэргэжлилтнүүд аймгийн бүтэц дээр сайжруулах ажил их байна. Төрийн зарим ажилд ТББ-ын үүрэг оролцоо маш их байгаа. Хэрвээ энэ бүтэц хэрэгжээд эхэлвэл хийх зүйл ч маш их байгаа. Бидний зүгээс их сайн мэдээлэл олж авлаа. Төслийн саналыг сайжруулах тал дээр бүхий бүхий л талаар хамтран ажиллах боломжтой.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *