Судлаачдад “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдвээр сургалт явуулав
Судлаачдад “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдвээр сургалт явуулав

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос дэмжигч гишүүддээ зориулан “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Танхимын болон хээрийн гэсэн хоёр аргаар явуулсан уг сургалт өнгөрөгч баасан гаригт  /2019.08.02/ боллоо. Танхимын сургалтыг МБАНХ-ны байранд, хээрийн сургалтыг Цонжин Болдог дахь сургалт, судалгааны төвдөө зохион байгуулав.

Энэхүү сургалтаар

  • Шугам-Цэгийн арга- Line-Point Intercept
  • Олон наст ургамлын суурь хоорондын зайг хэмжих арга – Gap Intercept
  • DIMA мэдээллийн сан, түүнийг ашиглах анхан шатны мэдлэг олгох – Database for Inventory, Monitoring and Assessment
  • Мониторинг үнэлгээний мэдээлэл боловсруулалт, тайлагнах
  • Бэлчээрийн экологийн чадавхийн үндсэн зарчим, чадавхийн бүлгүүд
  • МО-ы зонхилох бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн загваруудыг ашиглах, төлөв байдлыг үнэлэх арга – State and Transition Model

зэрэг аргуудыг зааж сургалаа. Сургалтанд МУИС, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, МБАНХ, Монголын шувуу хамгаалах төв зэрэг байгууллагуудын залуу судлаачид оролцов. Анх удаагаа зохион байгуулсан тус сургалтын цаашид уламжлал болгон зохион байгуулах юм.

Сургалтын үеэр Монголын шувуу хамгаалах  төвийн судлаач И.Сарангэрэлтэй цөөн хором ярилцсан юм.

-Сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Бид МБАНХ-ны гишүүн болсноор тухайн холбооноос зохион байгуулагдаж байгаа янз бүрийн сургалтуудад суух, бусад судлаач нараас суралцах зэрэг олон давуу талтайг мэдэж авлаа.

МБАНХ-нд гишүүнээр элсээд анхныхаа сургалтад сууж байна. Энэ удаагийн сургалтаар экологийн аль ч бүс бүслүүрт шугам цэгийн бичиглэлийн аргаа ашиглан ургамлын бичиглэл хийж бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх арга зүйд суралцлаа.

Бэлчээрийг үнэлэх, доройтлыг тодорхойлох олон аргууд байдгаас хамгийн тохиромжтой, хэрэглэхэд хялбар, ургамлын бүрхэвчийг бодитой тодорхойлдог, нийтээрээ мөрдөж байгаа шилдэг арга зүй бол шугам цэгийн арга юм. Мөн энэ сургалтаар олон наст ургамлуудын хоорондын зайг тодорхойлох арга зүй болон хээрийн зонхилох ургамлуудыг яаж тодорхойлох ёстойг мэдэж авлаа.

-Бэлчээрийн төлөвийг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Монгол орны ихэнхи нутаг бэлчээр байдаг, иймээс бэлчээрийн судалгааг газар бүрт урт хугацаагаар судалж төлөв байдал, доройтол, сэргэж буй байдал зэргийг байнга судлан, ажиглан, хянаж байх хэрэгтэй байдаг. Ингэснээр тухайн бүсэд тохирох бэлчээрийн менежментийг боловсруулан хэрэгжүүлэх ач холбогдолтой бөгөөд бэлчээрийн даацийг тодорхойлон гаргаж, хянах боломжтой. Мөн бэлчээр нь маш олон амьтдын идэш тэжээл, амьдрах орчин болдог тул бэлчээр доройтоод, талхлагдаад ирвэл экосистемд үзүүлэх нөлөө нь маш аюултай.

Бэлчээрийн даац хэтэрсэн тохиолдолд ямар менежмент ашиглан бэлчээрийг сэргэх төлөв рүү нь оруулах хэрэгтэйг бэлчээрийн судалгаагаар гаргаж ирдэг. Мөн тухайн бүс нутгийн ургамалжилт нь экосистемд байгаа амьд амьтадад хэрхэн яаж нөлөөлж байна вэ гэдгийг судлах хэрэгтэй. Ургамалыг иддэг маш олон амьтад байна. Ургамлын ургалтаас шалтгаалаад өвсөн тэжээлтэн амьтдын амьдралд ямар өөрчлөлт гарч байна. Амьдрах орчин нь доройтсонуу, үгүй юу зэргийг судлах шаардлагатай байдаг.

Доройтлоо гэж үзэхэд тухайн ургамлын бүрдүүлж байгаа өвс, ургамал нь доройтлыг илэрхийлэгч зонхилох зүйл мөн эсэх талаар бас л судлах хэрэгтэй байдаг. Иймээс энэ мэт судалгаануудыг хийхэд тохирох арга зүй их чухал бөгөөд энэ удаагийн сургалтаар бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх арга зүйд суралцсандаа баяртай байна. Бидэнд энэхүү сургалтыг явуулсан МБАНХ-ны хамт олонд ажлын өндөр амжилт хүсэж байна.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *