Монгол ноолуурыг “Saldarini” брэндийн түүхий эд болгох боломжийн талаар ярилцлаа
Монгол ноолуурыг “Saldarini” брэндийн түүхий эд болгох боломжийн талаар ярилцлаа

Италийн кашмер хувцас болон загварын чимэг хэрэгсэл хийж дэлхийд танигдсан “Saldarini” брэндийн төлөөлөгч Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр 2019 оны 06 сарын 18 ны өдөр хүрэлцэн ирлээ. Тус брэндийн төлөөлөгч Франческо Салдарини нь 100 гаруй жилийн түүхтэй,  “Saldarini” брэндийн гэр бүлийн бизнесийг 5 дахь үе дээрээ хөгжүүлж яваа эрхэм аж. Saldarini брэнд нь Gorgia Armani, Guicci, Christian Dior зэрэг дэлхийд нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд  Италийн “Милан хотын загварын 7 хоног”-т  оролцож бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах ажлыг хийдэг гэнэ.

Франческо Салдарини хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Хятад улсаас авч байсан ноолуураа Монгол улсаас худалдан авах боломжтой эсэхийг судалсан. Хятад ноолуурыг Монголын зах зээлийн үнээс 2.5 дахин илүү өндөр үнээр худалдан авдаг бөгөөд манай улсаас мөн тэр үнээр нь авах боломжтой.  Монголын ноолуурыг өөрийн брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглан зах зээлд гаргаснаар үнийн зөрүүг малчдад, Монголд үлдээх, цаашлаад европын бусад улс руу түүхий эд экспортлоход зуучлах, таниулах тогтвортой хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцахаар ирсэн” гэдгийг онцолж байлаа. Ингэснээр Монголын нүүдлийн мал аж ахуй, бэлчээр, малчдын амжиргааг дэмжиж, дэлхийд Монгол Улсын малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг илүү ихээр таниулах боломжтой гэлээ.

Уулзалтын үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, МБАНХ-ны зөвлөх Б.Мэнджаргал нар Швейцарын хөгжлийн агентлаг болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов. Харин Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны дэргэдэх “Малчдын Ногоон Алт” Малчдын дундын хоршооны дарга С.Жамбалдорж дотоодын болон гадаадын байгууллагуудтай түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн чиглэлээр хамтран ажилладаг талаараа танилцуулсан. Энэ оны хувьд Ховд аймгийн Чандмань сумын “Хариуцлагатай малчин” Хас банкны “Ногоон зээл” авсан малчдын бэлтгэсэн 1.4 тонн ноолуурыг Гоёо компанид нийлүүлсэн гэдгийг онцолсон юм.

Энэхүү уулзалтад Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “STEP ECOLAB” буюу “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, Эко тэмдэг”  төслийн багийн төлөөлөл оролцсон бөгөөд Франческо Салдарини ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр өөр байгууллагын төлөөлөлтэй нэгэн зэрэг уулзаж байгаа нь үнэхээр сонирхолтой байгаа талаар онцолж байлаа.

Уулзалтын төгсгөлд Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Габриэлла Спирли “Монгол ноолуурыг дэлхийд таниулах ажлыг үе шаттайгаар хийж, хамтын ажиллагаагаа улам батжуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Дэлхийн зах зээлд гаргахад хамтран ажилласнаар маш олон боломжууд нээгдэнэ.

Тиймээс МБАНХ-ны  зүгээс малчдын бэлчээр нутагаа унаган төрхөөр нь хадгалахад чиглэсэн ажлаа үргэлжлүүлэн хийж, чанартай түүхий эд бэлтгэх, нүүдлийн мал аж ахуйгаа эргэн мөшгих тогтолцооны хүрээнд зөв сайхан бэлтгэн нийлүүлэхэд анхаарч,  хариуцлагатай байгаарай” хэмээн онцолсон юм.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *