МБАНХ-ноос Сант суманд уулзалт зохион байгууллаа
МБАНХ-ноос Сант суманд уулзалт зохион байгууллаа

МБАНХ-ноос Сант суманд уулзалт зохион байгууллаа

Сэлэнгэ аймгийн Сант суманд Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, зөвлөх Л.Ганцогт нар тус аймгийн АБАХ, СБАХ, БАХ-ийн гишүүдэд зориулсан 2019 оны төлөвлөлтийн хурлыг зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Орхон, Цагааннуур, Орхонтуул, Сант сумдад Ногоон алт малын эрүүл мэнд төсөл 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ удаагийн сургалт зохион байгуулагдаж буй Сант сумын хувьд өнгөрөгч 2018 оноос НАМЭМ төсөл хэрэгжиж эхэлсэн отгон сум юм.

Сургалтын эхэнд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал н.Ганхуяг, Л.Ганцогт, Сэлэнгэ аймаг дахь “Нэгэн зүтгэл Сэлэнгэ АБАХ” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Амарсайхан нар тус сумын Засаг дарга Б.Буянхүү, ИТХ-ын дарга Г.Ганзоригтой уулзлаа. Уулзалтаар бэлчэээр нутгаа хайрлан хамгаалж, газар тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон төлөвлөлт гаргахад орон нутгийн удирдлагуудын дэмжлэг туслалцаа чухал үүрэгтэй талаар санал солилцсон юм.

Уулзалтын дараа Сант сумын Соёлын төв ордонд тус суманд хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагааны талаар ярилцаж, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал н.Ганхуяг, Л.Ганцогт, Сэлэнгэ аймаг дахь “Нэгэн зүтгэл Сэлэнгэ АБАХ” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Амарсайхан нар тус сумын Засаг дарга Б.Буянхүү, ИТХ-ын дарга Г.Ганзориг, Алтанбулаг, Орхон, Цагааннуур, Орхонтуул, Сант сумдын СБАХ-ны тэргүүн, Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нар оролцсон төлөвлөлтийн хурал, сургалт эхэлсэн юм.

“Салбарын сайд, УИХ-ын гишүүд. МУ-ын Ерөнхийлөгч маань

 бэлчээр ярьдаг боллоо. Энэ бол бол маш сайн хэрэг

Хамгийн түрүүнд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг мэдээлэл хийсэн. Тэрбээр хэлэхдээ “ШХА-ийн НАМЭМ төсөл бол хөгжлийн төсөл. Тиймээс төсөл хэрэгжиж үр дүн хүртэж байгаа сайн туршлагыг бусад аймаг сумдад танилцуулдаг. Бидний хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд хамгийн түрүүнд нэг нутаг усныхан санаа сэтгэл нэгдэж бэлчээрээ хамтран эзэмших нь маш чухал. Тиймээс дундаа нэг бэлчээртэй малчид нэгдэж хуралдан Бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг байгуулж, зөвлөлдөн хамтын шийдвэр гаргаж, Бэлчээр ашиглах гэрээг Сумын Засаг даргатай байгуулснаар үйл ажиллагаа нь эхэлдэг.

Бэлчээрийн асуудлаар хууль эрх зүйн орчин сул байгаа энэ үед уг гэрээг байгуулснаар бэлчээрийн харилцаанд оролцогч талуудыг хариуцлагажуулах хөшүүрэг болж, малчдын уламжлалт эрхийг хамгаалж өгч байгаа юм. Уул уурхайн үйл ажиллагаа ихтэй зарим аймаг сумдад малчдын эрх багагүй зөрчигддөг. Үүнээс сэргийлж, Бэлчээр ашиглагч хэсэг бүлгийн малчид санал нэгдэн уг гэрээг Сумын Засаг даргатайгаа байгуулж, түүнийг Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын улсын хэмжээний кадастрын зурганд оруулж, Ланд менежер програмд бүртгэлжүүлэх юм. Уг гэрээндээ улирлын бэлчээрийн байршил, хэзээ хаашаа нүүх, түүний боломжит даац ачаалал нь ямар байхыг багтаасан мэдээллийг хавсаргадаг. Хамгийн гол нь уг Бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэгт байх бүх насанд хүрсэн хүний гарын үсгээр баталгаажсан баримт бүхий гэрээ байх юм.

Нөгөө талаар бэлчээрийн гэрээг хэрэгжүүлснээр хуваарилалт зөв болно.  Улирлын бэлчээр тус бүрийн даац ачаалыг харилцан зөвшилцөж тооцдог. Даац хэтрүүлсэн малчинтай хариуцлага тооцох боломжтой болно. Бэлчээрийг зохицуулалтгүй ашигласанаар сайн үр дүнд хүрдэггүй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Тодруулбал, бэлчээрийн доройтлоос үүдэн нэг малчин өрхийн орлого 2.6 сая төгрөгөөр буурсан байна. Энэ нь түүхий эдийн болон бусад олон чиглэлээр олох байсан ашиг буурсан гэсэн үг. Тэгвэл бэлчээрийн даацыг тохируулах нэг арга нь сүргийн бүтцэд өөрчлөлт хийх бөгөөд ингэснээр малчин өрхийн дундаж орлого 10 сая төгрөгөөр нэмэгдсэн сайн туршлага байна.

Бидний хэрэгжүүлж буй төслийн үр дүнд бэлчээрийн талаар ярьдаг хүмүүс олон болж байна. Бэлчээр доройтож байгаа талаар Салбарын сайд , УИХ-ын гишүүд. МУ-ын Ерөнхийлөгч маань ярьдаг боллоо. Энэ бол бол маш сайн хэрэг.

Сүүлийн жилүүдэд НАМЭМ төслийн хүрээнд малын гаралтай түүхий эдийн түүхийг агуулсан бар кодоор унших Эргэн мөшгих тогтолцоо гэдэг зүйл бий болж байна. Монголчууд бид малын гаралтай түүхий эдийг хаа ч байхгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг мэддэг. Гэвч гадаадын улс орнуудад тэр бүхнийг таниулах ажил хийх нь цаг үеийн шаардлага болоод байна. Энэ бүхний шийдэл болж, нэг бэлчээр нутагтай  малчдыг хэсэг бүлгийн тогтолцоонд оруулан, сүргийн бүтцийг зөв болгож, мал эмнэлэгийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн ажлуудыг төслийн хүрээнд хийж байна.

Мөн сумын удирдлага, мэргэжилтнүүдтэй хамтран түүхий эдийн хоршооныхон сумынхаа малчдын бэлтгэсэн ноос ноолуурын гарал үүслийн түүхийг өгүүлэн үйлдвэрлэгчдэд болон гадаад зах зээлд нийлүүлэх боломж нээгдсэн. Одоогоор Улаанбаатар хотод “Эргэн мөшгих тогтолцоо”-ны хүрээнд бэлтгэгдсэн махыг худалдаалдаг хоёр газар бий болоод байна. Ингэснээр малчдын орлого тогтмол нэмэгдэж, ойрын 2-3 жилд экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргадаг гэж дэлхий нийтэд бүрэн танигдах цаг ойрхон болчихлоо.

Гуравдагч хөрш АНУ-ын Худалдааны хуульдаа өөрчлөлт оруулсан нь бидэнд маш том боломжийг олгосон.  Тухайлбал, ямааны ноолуурыг бэлтгэхдээ бэлчээрийн мониторинг хийгдсэн, эрүүл мэндийн үйлчилгээг тогтмол хамрагдсан гэдгийг цахим бүртгэлд оруулж, байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйг эрхэлдэг хариуцлагатай малчны бэлтгэсэн гэдэг гарал үүсэл нь тодорхой экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж нэрлээд зах зээлд гаргах юм. Бид НАМЭМ төсөл хэрэгжиж байгаа аймаг сумын та бүхэнтэй хамтран ажилласанаар ингэж нүүр бардам хэлж чадах “Мөшгих тогтолцоо” бий болж байна. Энэ бол ойрын ирээдүйд бүрэн хэрэгжих боломж юм.

Энэ боломжийг зөв мэдэрсэн туршлагууд байна. Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд бэлчээрийн даацаас хэтэрсэн хонин толгой тутамд хураамж төлж, тэрбум гаруй төгрөгийн хуримтлал үүссэн байна. Уг мөнгөнөөс бэлчээр нутгаа сайжруулах ажлыг хийснээр ажилгүй залуус ажилтай болж байна. Завхан аймгийн бүх сумдад “Мөшгих тогтолцоо”-г нэвтрүүлж, таваарын мал бэлтгэх чиглэлд анхаарлаа хандуулах боллоо.

Өөр нэг боломж нь “Хариуцлагатай малчдад” банкууд хөнгөлөлттэй зээл өгч эхэллээ. Тодруулбал, НАМЭМ төсөл ХАС банктай хамтран Ховд аймгийн Чандмань сумын малчдад 1 хувийн хүүтэй, урт хугацаатай зээл олгож байна. “Хариуцлагатай малчин” мөн гэсэн тодорхойлолтыг Сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж байна. Мөн малчдын дундын сан нэмэгдэж, улмаар Хадгаламж зээлийн хоршоо болон өргөжсөөр  байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум гэхэд 4 сая гаруй төгрөгийн Дундын сантай болжээ. ХЗХ байгуулсан туршлагатай баруун аймгууд анх ийм хэмжээний л мөнгөтэй байсан. Зөв менежмент явуулсанаар одоо тэрбумаар тоологдох актив хөрөнгө төвлөрүүлсэн сумдууд бий болж, банктай өрсөлдөхүйц хэмжээнд хүрээд байна. Банкийг муу хэлсэнгүй. Гэхдээ банкны ашиг хувьцаа эзэмжигчдэд очдог бол малчдын ХЗХ-ны хувьд гишүүдэд нь  ашиг болон очдог. Ийм олон тэргүүн туршлагууд байгаа учраас та бүхэн илүү хичээж ажиллаарай.  Сум орон  нутгийн удирдлагуудын тогтоол шийдвэр зөв  гарч, сумын удирдлагууд СБАХ-ны тэгш оролцоотой үйл ажиллагаа хөгжилд хүргэнэ” гэлээ.

“Малчид дундын сандаа 23 сая төгрөгийн хуримтлал үүсгэж

түүнээсээ зээл авч, эргэн төлөөд явж байна” 

Сэлэнгэ аймаг дахь “Нэгэн зүтгэл Сэлэнгэ АБАХ” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Амарсайхан хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн Сант сумын хувьд 2019 онд БАХ-ын ахлагч нартай илүү хамтарч ажиллана. Бүх бэлчээр ашиглагчдын хэсэг сумын Засаг даргатайгаа Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах нь энэ оны гол ажил. Тиймээс төслийн хүрээнд чадавхижуулах ажлыг илүү анхаарч, сумын СБАХ, БАХ-ын тэргүүнүүдийг чадавхижуулах ажлыг хийж байна.

Малчид дундын сангаасаа нийтдээ 23 сая төгрөгийн зээл авч, эргэн төлөөд явж байна. Бид зөвхөн төсөлд хамрагдсан сумын малчдад мэдээлэл өгөөд яваагүй.  Өөр бусад сумдад ч боломжоороо хүрч ажиллаж  байна. Аймгийн хэмжээнд сургалт  явуулж, туршлагаасаа хуваалцан илүү сайн үр дүнтэй ажиллахыг хүсэж байна.

Манай аймаг газар тариалангийн бүс нутаг гэдэг утгаараа бэлчээр нутаг хязгаарлагдмал гэж болно. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд анхаардаг. Энэ чиглэлд анхаарах гол зүйл бол хадлан тэжээл. Цаашдаа сайн чанарын тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн ажил хийх хэрэгтэй байна.

Төслийн сумдад Бэлчээр ашиглагчдын хэсгийн бүлгийн зохион байгуулалтад нийт малчдын 50 хувь хамрагдсан. Үүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Ингэж чадвал сумын хэмжээнд төрийн бодлого шийдвэр нэгдмэл, зөв байж чадна. Зарим сум манайд энэ төсөл хэрэгжих боломжгүй гэдэг. Үнэндээ мал нь байна, бэлчээр нь байхгүй. Энэ бол ойлголтын зөрүүтэй холбоотой юм.

Сумын бэлчээр Ашиглалтын үлгэрчилсэн журмыг сумдад өгсөн байгаа. Уг журмыг албан ёсны болгох хэрэгтэй байна. Манай аймагт эрчимжсэн мал аж ахуй, суурин маллагаа зохино гэж яригдаж байгаа. Тиймээс үүнтэй холбоотой нарийвчилсан төлбөр мөнгөтэй  холбоотой журмаасаа түрүүлж, БАХ-ын журмаа батлах хэрэгтэй шүү. Цагаан нуур суманд ингэж ажилласан байгаа. Сант сум нь төслийн дундаас буюу 2018 оноос эхлэн хамрагдсан. Жил хүрэхгүй хугацаанд  идэвхитэй сайн ажиллаж, БАХ–ын 5 хурал хийхэд, тавуулаа дэмжигдэж, дундын сан нь хамгийн өндөр дүнтэйгээр мөнгөн хуримтлал үүссэн байна. Энэ бол орон нутгийн дэмжлэг, сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэний ажлын үр дүн юм” гэлээ.

 

“Бэлчээрийн доройтол талхлалтыг бууруулахад малчдын хамтын зохион байгуулалт маш чухал үүрэгтэй”

МБАНХ-ны Зөвлөх Л.Ганцогт хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн төсөл хэрэгжиж байгаа сумдын мониторингийн судалгааны дүнг харахад хяналтын цэгийг нэмэх хэрэгтэй нь ажиглагдсан. Тиймээс сумын газрын даамал газрын даамлууд үүн дээр анхаарах шаардлагатай. Мониторинг нь Бэлчээр ашиглах гэрээний суурь мэдээлэл болж байгаа. Бэлчээрийн доройтол талхлалтыг бууруулахад малчдын хамтын зохион байгуулалт маш чухал үүрэгтэй.

Зарим  суманд малчдын 50 хувь нь хамрагдсан гэлээ. Сумын хэмжээнд нэгдсэн үйл ажиллагаа явуулах, нүүдэл суудал хийж, уламжлалаа хадгалахын тулд бүгд бэлчээр ашиглах хэсэг бүлэгт орох нь чухал. Учир нь доройтсон бэлчээрийг өнжөөж амраах төлөвлөгөө бүхий сумын Засаг даргын шийдвэр гаргахад малчдын хамтын санал хэрэгтэй. Ингэснээр хариуцлагын тогтолцоо бий болно. Сумдын Бэлчээрийн менежемэнтийн ажлын хэсэг үүнийг хариуцаж, төслийн зүгээс мэргэжил арга зүйн зөвлөгө өгч ажиллаж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаад дэмжлэг өгөөд явна.

Өнөөдөр цаг уурын мэргэжилтэн ажиглалт судалгааг хийхдээ бэлчээр маань урт хугацаанд сайжирч байгаа эсэхэд хяналт тавиад явах бүрэн боломжтой. Тодорхой үр дүн гарахгүй  байгаа бол төлөвлөлтөд нь хяналт тавих боломжтой. Үүнийг зөв ойлгож, төлөвлөөд явбал малчид жилийн 4 улирлын туршид ашиглаж байгаа бэалчээрээ зөв зохистой ашиглах юм.

Түүхий эдийн хоршоодыг байгуулж, хөгжүүлэх шаардлагтай байна. Өнөөдөр ихэвчлэн эзний хоршоо сумдад их байна. Тиймээс Сумын бэлчээр ашиглагчдын холбоог түшиглэн хоршоод байгуулж, малын гаралтай түүхий эдээс олох ашгийг нэмэгдүүлэх боломжтой. Малчдын дундын мөнгөн санг түшиглэн ХЗХ болон өргөжих бүрэн боломжтой. Дундговь аймагт 1200 малчин өрх жил бүр нэг айлаас 100 мянган төгрөгийг Дундын мөнгөн сан оруулахад хэдхэн жилийн дотор тэрбум давсан активтай ХЗХ болох тооцоо гаргаад хэрэгжүүлж яваа. Маш богино хугацаанд ХЗХ болох боломжтой. Үүнийгээ дагаад санхүүгийн хувьд тогтвортой болно.

Зун намрын бэлчээр доройтсон бол хэдэн сарын хугаццатай чөлөөлөх, тэжээлийн тариалалтаа хаана хийх вэ гэдгийг тухайн жилийн газар зохион байгууллалтын төлөвлөгөөндөө тусгаж, Багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээд эрх үүргээ тодорхой болгох юм. Үүний дараа сумын хэмжээнд төлөвлөгөөг боловсруулна.

Тиймээс сумандаа бэлчээрийн хариуцлагыг нэмэгдүүлсэн Бэлчээр ашиглах журам боловсруулах нь чухал. Сум, аймгийн БАХ нэгдээд сум тус бүрийн хэмжээнд Хууль зүйн яамаар батлуулах ажлыг Завхан, Баянхонгор аймагт хэрэгжүүлээд явж байна. Завхан аймагт газрын төлбөр, малын хөлийн татварыг Тусгай сангийн журмаар зохицуулахаар оруулсан. Ингэхдээ хавсралт таван мэлээлэл агуулж байж бүрэн хүчин төгөлдөр болно.

Хамгийн гол нь “Бэлчээрт ямар менежемент, арга ашиглавал сэргэх вэ” гэдэг зөвлөмжийг гаргах боломж бүрдэж, газар зохион байгуулалтын суурь зөвлөмжийг гаргах бололцоо нээгдсэн. Бид бэлчээрийн мониторингийн судалгааг Мал эмнэлгийн цахим бүртгэлд ашиглаж байна. Өмнө Мал эмнэлгийн бичиг л ганц байсан бол одоо тухайн мал цаг тухайд нь тарилга туулга хийлгэсэн эсэх нь батлагдаж, баталгаажсан хэн гэдэг малчны хотоос  бэлтгэгдсэн гэдгийг гаргаж байна.

Мал эмнэлгийн мэдээллийг  бүртгэлжүүлснээр улсын хэмжээнд томоохон хэмжээний мэдээлийн сантай болж байгаа юм. Мөн тухайн жилийн газар зохион байгууллалтын улсын бүртэл мэдээллийг санд орно. Энэ бүх ажлын үр дүн үндэслэн “ Хариуцлагатай нүүдэлчин” мэдээллийн санг бий болгож байна. Сэлэнгэ аймгийн хувьд төсөл хэрэгжиж байгаа таван сум энэ боломжийг түрүүлж хүртэх юм” гэв.

Сант сумын Засаг дарга Б.Буянхүү энэхүү уулзалт сургалтын үеэр хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн хувьд бэлчээр гэдэг анхаарал татсан асуудлуудын нэг гэж болно. Сант сумын удирдлагын хувьд бид бэлчээрийг хамгаалах асуудлыг малчдад ойлгуулахад илүү анхаарч ажиллаж байна. Малчдад ойлгуулах нь их чухал байна. Бэлчээрийн зүй зохистой ашиглаж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хийж байгаа сум орон нутгийн  БАХ –ын ахлагч нарыг урамшуулалтай болгох хэрэгтэй юм байна гэж ойлголоо.

Зардал мөнгө гаргаж, газар дээр нь ажиллаж, малчдад ойлгуулах ажил хийж байгаа ч ачааллаасаа болоод залхах вий. Мөн фото мониторингийн газрыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Бэлчээрийн доройтлын судалгааг илүү нарийн нийснээр Сант сумын бэлчээрийн төлөв байдал илүү тодорхой болох юм байна. Хаана ямар газарт бэлчээр нь соргог, хаана нь доройтож байгааг сайтар тодруулж, малчдад зөв мэдээлэл өгч ойлгуулснаар та бидний ажил илүү үр дүнтэй урагшлах юм байна” гэлээ.

Сант сумын ИТХ-ын дарга Г.Ганзориг хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Сэлэнгэ аймаг Монгол Улсын газар тариалангийн бүс нутаг гэдэг утгаараа бэлчээр тулгамдсан уудлын нэг болоод байна. Бид та бүхний хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж, Бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг байгуулахад хамтран ажиллах болно. Энэ онд хоёроос гурван БАХ шинээр нэмэгдэх болов уу. Энэ асуудлаар Багийн Иргэдийн нийтийн хурлаар дэмжигдсэн байгаа. Цаашид ч дэмжиж ажиллана. Манай сумыг төслийн таван сумын нэгээр сонгосон баярлалаа” гэв.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *