Булган аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэнд сургалт явууллаа
Булган аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэнд сургалт явууллаа

Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос аймаг сумдын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг чадавхижуулах зорилготой сургалтууд зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн чадавхижуулах сургалтыг Булган аймгийн Булган суманд зохиолоо.  Тодруулбал, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөл Булган аймгийн Дашинчилэн, Могод, Орхон, Хангал, Хишиг-Өндөр сумдад хэрэгжиж байгаа юм. Сургалтад МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, МБАНХ-ны Зөвлөх Л.Ганцогт, Булган аймгийн ЗД-ын орлогч О.Гантулга, ХХААГ-ын дарга Ч.Амгалан, ХХААГ-ын МАА-н Албаны дарга М.Жавзандолгор болон аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, хэсгийн ахлагч нар оролцлоо.

Сургалтыг МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нээж үг хэлэхдээ “МБАНХ бол Монгол Улсын малчдын дээвэр байгууллага. Бид ШХА-ийн НАМЭМ төслийн хүрээнд 18 аймагт ажилласанаар аймгуудад Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох аймаг сумдын төрийн байгууллагатай хамтран “Малчдын зөвөлгөөн”- тогтмол зохион байгуулдаг болсон байна. Мөн жил бүр “Бэлчээрийн үндэсний форум” зохион байгуулж, аймаг сумдын тэргүүн туршлага, олон улсын хэмжээний мэдээлэл авдаг болсон. Судлаачид эрдэмтэд энэхүү форумын үеэр нэгдсэн судалгаатай, цэгцтэй, шинэ мэдээллийг түгээснээр бодлого боловсруулагч нар, УИХ, салбарын яам, ерөнхийлөгч гээд цөм нэг л тоогоор буюу нийт газар нутгийн 57 хувь нь доройтож байгаа талаар хэлдэг боллоо. УИХ-д Бэлчээрийн асуудлыг ярьж, дэмждэг гишүүд бий боллоо.

Орон нутагт бэлчээрийн мониторингийн судалгааг амжилттай хийгээд явж байна. Хэдхэн жилийн өмнө нийт бэлчээрийн дийлэнх хувь нь доройтсон гэж барагцаалж ярьдаг байсан. Харин одоо бэлчээрийн мониторингийн судалгааг хийж, төлөв байдлын өөрчлөлтийг танин мэдэх боломж бүрдэн бэлчээрийн өөрчлөлтийг хянадаг тогтолцоо бий боллоо. Сум орон нутагт нийтдээ 4700 орчим цэгт жил бүр давтамжтайгаар судалгаа хийж, яг хаана нь бэлчээр доройтож байгааг тогтооддог болсон. Ингэснээр малчин хүн яг хаана малаа бэлчээж, хаана нь бэлчээрээ өнжөөвөл зохих нь тодорхой болсон.

Хамгийн гол нь малчдын уламжлалт эрхийг баталгаажуулж, бэлчээрийн мэдээллыг  ЛАНД менежер системд бүртгүүлснээр тухайн малчдыг хамгаалдаг тогтолцоо бий болж, албажуулах ажил хийгдэж байна. ШХА –ийн НАМЭМ төсөл бол хөгжлийн төсөл. Аймаг сумдын тэргүүн туршлагыг танилцуулж, уулзалт зөвөлгөөн сургалт явуулдаг. Булган аймгийн 5 суманд хэрэгжиж байгаа төслийн хүрээнд малчдад тулгарч байгаа бэрхшээлийг сонссон. Аймаг сум бүрт ижил асуудал байна. Тухайлбал, дундын бэлчээртэй малчид хамтын шийдвэр гаргахад нэгдмэл бус байгаа. Гэхдээ танай аймагт энэ асуудал харьцангуй бага байгаа гэдэгт итгэлтэй байна.

Бэлчээр нь бүх нийтийн маргаантай асуудал болоод байгаа. Бидний үзэж буйгаар бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх хамгийн эхний ажил бол Дундын бэлчээртэй малчид нэгдэх юм. Монголчуудын олон зуун жилийн уламжлал болсон энэ тогтолцоо өмнө нь ч байсан. Энэ уламжлалт зохион байгуулалтын ажлыг шинэчлэн сайжруулснаар бэлчээрийн доройтолтой тэмцэнэ гэж бид үзсэн.

Ингэж ажиллахад тодорхой алхам дараалалтай. Эхлээд нэг нутаг усны малчид зөвлөлдөж хэсэг бүлгээ байгуулан, хэдэн бэлчээртэй байх вэ, хэзээ нүүх вэ зэргээр эрхэм зорилгоо  баталж, сумынхаа Засаг даргаараа батлуулдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Бэлчээр ашиглагчдын гэрээтэй 1500 орчим малчдын хэсэг бүлэг байгаа. Үүнээс 800 нь сумын Засаг даргатайгаа гэрээ байгуулж, 300 гаруй нь улсын хэмжээний ЛАНД менежерт бүртгэгдээд байна.

Бэлчээр ашиглах журам нь малчдын уламжлалт эрхийг хамгаалдаг. Малчид өвөлжөө хаваржааны доорх газраа эзэмших эрхтэй ч бусад нь бүртгэлгзүй болохоор малчдын эрх ашиг зөрчигдөх тохиолдол цөөнгүй гарч байна. Бэлчээр ашиглах журам буюу эрхийн хамт  зөв зохистой ашиглах үүрэг хүлээдэг. Сумын Засаг дарга Бэлчээр ашиглах гэрээнд эрх үүрэг хүлээнэ. Малчдын 4 улирлын туршид ашиглах бэлчээрт тохирсон малын тоотой байна уу, бэлчээрийн төлөв байдал нь соргог түвшинд байна уу зэрэгт хяналт тавина. ЭНэ журам нь малчдын хэсэг бүлэгт хамрагдаж байгаа насанд хүрсэн бүх хүний гарын зүсэг зурагдсанаар хэрэгжиж, ажил хэрэг болно.

Бэлчээр ашиглах журамд тухайн сумын фото мониторингийн зураг хавсралтаар оруулдаг. Учир нь тухайн журам батлагдах үед бэлчээр нь ямар байсан, хэзээ хаашаа нүүдэл суудал хийхийг  тодорхой оруулсан байдаг. Бэлчээрийн доройтлын 2015 оны судалгааны дүнгээр нийт бэлчээрийн 65 хувь доройтож, нэг малчин өрхийн жилийн орлого буурч, 368 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байгаа нь тогтоогдсон. Энэ бол бэлчээрийг зохицуулалтгүй ашигласаны тод илэрхийлэл. 2016 оны судалгаагаар баруун бүсийн зарим аймгуудад бэлчээр сэргэх төлөв ажиглагдаж,  доройтлын хэмжээ 65 хувиас 57 хувь болж буурсан байна. Энэ нь бэлчээрээ зөв зохистой ашиглаж, нүүдэл суудал зөв хийсний үр дүн. Мөн сум орон нутагт малчдын байгууллага хөгжиж, нэгдсэн зохион байгуулалтад орж, төр хувийн хэвшлийн тэнцвэртэй харилцаа бий болж байна.

Улсын хэмжээнд 1500 орчим Бэлчээр ашиглагчдын хэсэгт 78600 гаруй малчин өрх хамрагдсан. Үүнээс 830 гаруй нь Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, 45150 мянган малчтн өрхийн эрхийг баталгаажуулаад байна. Улсын хэмжээнд нийт 18 аймагт Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо байгуулж, 165 суманд Сумын бэлчээр ашиглагчдын холбоог байгуулан төр, хувийн хэвшлийг холбосон гүүр болон ажиллаж ирлээ. Бидний ажлын үр дүнд баруун аймгуудад малчдын байгууллагын дуу хоолой их хүрдэг болж, аймгийн хурал зөвөлгөөнд төлөөлөл болон оролцдог болсон. Салбарын яам болон Төрийн байгулулагуудтай хамтран форумыг зохион байгуулж, малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцоог агуулсан түүхүүдийг бий болгож байна.

Ингэснээр аль аймгийн аль суманд хэн гэдэг малчны хотноос ирсэн ямар малын мах, сүү ноос ноолуур арьс шир үйлдвэрлэгч болон хэрэглэгчдэд хүрч байгааг энэ түүхээс мэддэг болох юм. Дэлхий нийтэд эрүүл аюулгүй нөхцөлд бэлтгэгдсэн хүнсийг чухалчилдаг болсон. Ялангуяа түүхий эдийн бэлтгэл дээр тухайн малын тавлаг байдал, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хийсэн эсэх, ноос ноолуурыг нь авахдаа амьтны эрхийг зөрчөөгүй байвал “эрүүл эко” гэж дэлхийд хүлээн зөвшөөрдөг болжээ. Бид энэ бүхэнд анхаарч чадвал Монгол Улсын малын гаралтай түүхий эд үнэд хүрнэ. Ирээдүйд гарал үүсэл нь баталгаажсан, бар кодтой, экологийн цэвэр мах гэгдсэн шинэ тогтолцоог аль болох хурдан нэвтрүүлвэл сум орон нутаг орлоготой болж, аймгууд хөгжинө.

Мөн манай төслийн хүрээнд ХАС банктай хамтарч 1 хувийн хүүтэй зээл олгож байна. Ховд аймагт хэрэгжсэн энэ төслийн хүрээнд одоогоор 500 малчин 90 гаруй сая төгрөгийн зээл авсан. Гол шаардлага нь малчид Бэлчээрийн хэсэгт бүртгэгдэж, Сумын удирдлагуудтай гэрээ хийж, зөв цагтаа нүүдэл суудал хийж, байгальд ээлтэй мал аж ахуйгаа эрхэлдэг байх юм” гэв.

Сургалт зөвөлгөөний үеэр оролцогчдын сэтгэгдлийг авсан юм.

МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ“Өнөөдөр бид НАМЭМ төсөл хэрэгжиж байгаа Булган аймагт ажиллаж байна. Таван сумын малчид, малчдын байгууллагын төлөөлөл, сумын удирдлагууд, Бэлчээрийн  менежментийн ажлын хэсэгтэй хамтран төлөвлөлтийн болон чадавхижуулах уулзалт зөвөлгөөн, сургалтыг зохион байгуулж байна. 2019 онд Булган  аймгийн хэмжээнд төрийн байгууллага нь юу хийх вэ, малчдын байгууллага нь юу хийх вэ гэдгийг төлөвлөж, талууд ажлаа илүү сайжруулах талаар ярилцахаар цуглаад байна.

Сүүлийн жилүүдэд  бидний орон нутагт хэрэгжүүлж байгаа төслийн нэг гол үр дүн нь бэлчээрийн чиглэлээр харилцан ярилцаж, зөвлөлддөг баг бүрдсэн байна. Аймаг сумын бэлчээрийн менежмэнтийн  ажлын хэсэг байгуулагдаж, бэлчээрийнхээ талаар бодлого шийдвэр журам гаргах талаар харилцан санал солилцон ярилцдаг боллоо. Мөн сумдад сумын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны бэлчээрийг хянаж үнэлдэг мониторингийн  тогтолцоо бий болсон байна. Тухайлбал, сумын Ус цаг уурын ажилтнууд баг бүрт судалгаа гаргаж, бэлчээрийн олон жилийн өөрчлөлт болон төлөв байдлын өөрчлөлтийг хянадаг болсон.

Нөгөө талаар газрын даамал маань малчин өрхийн ашиглалтаас үүдсэн өөрчлөлтийг  судалж тогтоодог болсноор Дундын бэлчээрээ хамтран ашигладаг малчид нэг зохион байгуулалтад орж, бэлчээр ашиглагчдын хэсгүүд байгуулагдсан. Улмаар Сумын бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдаж, Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооныхон төрийн байгууллагатайгаа хамтран ажиллаад явж байна. Сүүлийн үед хариуцлагатай малчдад хөнгөлөлттэй зээл, тусламж олгох  хандлага бий болсон талаар өмнө хэлсэн. Үүнийг тодруулбал, НАМЭМ төслөөс ХАС банктай хамтраад урт хугацааны бага хүүтэй зээл олгож байгаа. Хариуцлагатай малчид гэж ямар  малчинг хэлэх вэ. Бэлчээр ашиглах хэсэг бүлгийн зохион байгуулалтад орчихсон, бэлчээртээ хяналт үнэлгээ хийлгэдэг, бэлчээр ашиглах төлөвлөгөөгөө хамтдаа гаргадаг, сумын Засаг даргатайгаа гэрээ байгуулж, нүүдэл суудлыг зөв цагт нь хийдэг, бэлчээрийнхээ даац ачааллыг зөв зохистой барьдаг  малчныг хариуцлагатай малчин гэж үзэх зэргээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна” гэлээ.

Булган аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга М.Жавзандолгор хэлэхдээ “НАМЭМ төсөл Булган аймагт 2017 оноос хэрэгжиж байна. Энэ төсөл хөтөлбөрт манай аймгийн бэлчээрийн доройтолд нилээдгүй өртсөн Хишиг-Өндөр, Дашинчилэн, Хангал, Орхон, Могод сумд хамрагдаж байгаа.

Төслийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран бэлчээрийн  нөхөн сэргээлтийн чиглэлээр ажиллаж ирлээ.  Өнөөдрийн НАМЭМ төслийн ээлжит хуралд төсөлд хамрагдсан сумдын Бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсгийнхэн оролцож байна. Мөн Бэлчээр ашиглалтын хэсгийн ажиллах зарчимыг  танилцуулж, малчдад энэ тухай зөв ойлголтыг өгөх зорилгоор малчдын төлөөллийг оролцуулж байна” гэв.

Булган аймгийн Дашинчилэн сумын малчин II дугаар багийн малчин О.Мөнхбат хэлэхдээ “Манай Дашинчилэн сумын хувьд нилээн хүндэвтэр нөхцөл байдалтай байгаа. Талхлагдсан бэлчээр ихтэй. Мал отроор их орж ирдэг онцлогтой. НАМЭМ төсөлтэй  хамтран ажиллаж, Бэлчээр ашиглах малчдын хэсэг бүлгийн зохион байгуулалтад орсноор бэлчээрийн нөхөн сэргэх чиглэлд анхаарч, бэлчээрийн менежмэнтийн сургалтад  сууж, маш олон үр дүнтэй ажлууд хийгдэж байна.

Малчид маань бэлчээр нутгаа хайрлан хамгаалья гэдэг сэтгэлтэй болж, нэгдсэнээр отор нүүдлийг зөв зохистой цагт нь хийж, хадлан  тэжээлээ хамтдаа нэгдэж бэлтгэдэг боллоо. Мэдээж бэлчээрийн доройтолд цаг  уурын өөрчлөлт, малын тоо толгой нэмэгдсэн нь нөлөөлж байгаа. Тиймээс отор нүүдлийг зөв зохицуулж, бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, “Миний” гэсэн сэтгэлээр бэлчээрээ хайрлахгүй бол болохгүй байна. Бүгд “Минийх” гэсэн сэтгэлээр амиа бодоод явах юм бол бэлчээр маань талхлагдаж дуусах нь. Нэгдэж чадахгүй тарж бутраад байвал  бэлчээр маань улам л доройтох шинжиндээ орчихоод байна” гэв.

Сургалт зөвөлгөөний төгсгөлд Дашинчилэн, Могод, Орхон, Хангал, Хишиг-Өндөр сумдын Сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн нарт компьютер, принтер хүлээлгэн өгч, ажлын амжилт хүссэн юм.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *