Нидерландийн экспертүүд МБАНХ-ны үйл ажиллагаанд үнэлгээ хийж байна
Нидерландийн экспертүүд МБАНХ-ны үйл ажиллагаанд үнэлгээ хийж байна

Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэгч МБАНХ-нд байгууллагын чадавхийн үнэлгээ хийх зорилгоор Недерланд Улсын MDF байгууллагын экспертүүд манай улсад айлчилж байна. MDF байгууллага нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр хүний хөгжлийн менежментийн үнэлгээг хийдэг бөгөөд ШХА-ийн саналын дагуу МБАНХ-ны үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, чадавхийг тодорхойлж, зөвөлгөө өгөх юм.

MDF байгууллагыг төлөөлөн сургагч зөвлөх Паулине ван Норел, сургагч зөвлөх Жан Купер нар хүрэлцэн ирсэн бөгөөд тэд энэ сарын 2- 13 ний өдрүүдэд ажиллах юм. Паулине ван Норел, Жан Купер нар өнөөдөр ШХА-ийн НАМЭМ төсөлтэй танилцаж, төслийг хэрэгжүүлэгч МБАНХ-ны байранд ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтын эхэнд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг  ШХА-ийн НАМЭМ төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй төсөл болон МБАНХ-ны үйл ажиллагааны зорилго чиглэл, хийж хэрэгжүүлсэн ололт амжилт үр дүнгийн талаар танилцуулга хийлээ. Мөн МБАНХ-ны бусад хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар товч мэдээллээ.

Мэдээллийн дараа экспертүүд байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, хөгжлийг тодорхойлдог үндсэн 11 бүрэлдэхүүн хэсгийн талаар мэдээлэл өгч, тэдгээрийн дагуу МБАНХ-ны давуу тал, ололт амжилт, юун дээр илүү анхаарч ажиллавал зохистой гэдэг сэдвийн дор баг болгон ажиллуулав. Баг тус бүр өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх ажлын ололт, давуу талыг танилцуулж, юуг анхаарч ажиллавал илүү амжилттай байгууллага болох вэ гэдэгт мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр экспертүүд шаардлагтай мэдээллүүдээ тэмдэглэж  авсан бөгөөд  МБАНХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Бодлогын зөвлөлтэй уулзсаны дараа нэгтгэж, МБАНХ-ны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээг тайлагнана. Энэхүү хяналт үнэлгээ хийгдсэнээр МБАНХ цаашид гадаад дотоодын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чадавхи нь хэр байгаа, юуг анхаарч хөгжүүлэх шаардлагатай зэргийг мэдэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах юм.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *