С.Жамбалдорж: Ганцхан эзэн баяжиж, том жийп унаж, олон сая төгрөгний хөөрөг бариад давхилдаад байдаг нь хөгжлийн зөв зам биш
С.Жамбалдорж: Ганцхан эзэн баяжиж, том жийп унаж, олон сая төгрөгний хөөрөг бариад давхилдаад байдаг нь хөгжлийн зөв зам биш

С.Жамбалдорж: Ганцхан эзэн баяжиж, том жийп унаж, олон сая төгрөгний хөөрөг бариад давхилдаад байдаг нь хөгжлийн зөв зам биш

Монголчууд бид энэ сайхан нутагтаа сэтгэл хангалуун, хэнээс ч гуйхгүй, ая тухтай тааваараа амьдран, нүүдэлчин соёлоо авч үлдэхийн тулд хөдөө нутагт ажиллаж хөдөлмөрлөж яваа малчдынхаа амьдралын чанар, орлогыг нэмэгдүүлэх нь их чухал асуудал.

Дэлхийн аль ч улс орны хүн манай улсад ирэхэд Монголчууд эх нутагтаа жаргалтай, амар амгалан сайхан  амьдралыг бий болгож чадаж байна гэдгийг харуулахын төлөө бидний өнөөдрийн хийж байгаа ажил чиглэж байна хэмээн Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны дэргэдэх “Малчдын Ногоон Алт” Малчдын дундын хоршооны дарга С.Жамбалдорж өгүүлж байна.

– Юуны өмнө “Ногоон алт төсөл”-тэй анх танилцсан түүхээсээ хуваалцвал?

– Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөл 2003 онд анх Монгол орны хэмжээнд бэлчээрийн судалгаа эхлүүлж, Архангай аймгийн Их тамир суманд туршилтын төсөл хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Бэлчээрийн менежментийг сайжруулахын зэрэгцээ, малчдын орлогыг тогтвортой нэмэгдүүлэх шинэ арга замуудыг эрэлхийлсэн олон сонирхолтой төслүүдийг хэрэгжүүлсний нэг нь ямааны ноолуурын хажуугаар бэлчээрт ээлтэй амьтан гэдэг утгаар нь сарлагийн хөөврийн үнэлэмжийн зах зээлд өргөх, худалдан авагч олох төсөл байв.

Мөн ямаа ургамлыг цавчиж, үндэс, иш, навч, цэцгийг бүгдийг нь гэмтээж идсэнээр бэлчээрийг доройтуулж байна гэж эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Тиймээс ямааны ноолууртай дүйцэх тансаг зэрэглэлийн түүхий эдийг бусад  малаасаа орлуулж авахын тулд Монгол сарлагийн хөөврийн чанарыг сайжруулах туршилт хийж үзсэн байна.

Сарлагийн хөөвөр янз бүрийн чанартай, эцсийн бүтээгдэхүүн нь ноолуурын хэмжээнд хүрэхээр үнэ цэнэтэй байгаагүй. Ихэвчлэн сарлагийн хөөврийг хяргаад бор эсгийнд л хийдэг байсан. Говь ХК, Гоёо ХХК зэрэг цөөн хэдэн компаниуд хяргасан сарлагийн хөөврийг боловсруулаад 17-18 хувийг л бүтээгдэхүүн болгодог байсан. Үлдсэн 80 гаруй хувь нь цэвэр үйлдвэрийн хаягдал болдог байсан. Үүнээс үүдэн үйлдвэрлэлийн зардал өндөр болчихоор тухайн бүтээгдэхүүний үнэ өсдөг байсан учраас үйлдвэрүүд тэр бүр сарлагийн хөөврийг ашигладаггүй байсан. Төслийн хүрээнд сарлагийн хөөврийн ашиглалтын талаар судалгаа шинжилгээний ажлыг анх 2005 онд хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Би 2005-2009 оны үед Архангай аймгийн Тариат суманд хоршооны даргаар ажиллаж, 90 гаруй малчин өрхийг хариуцан хонины ноос, нэхий ширийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэхийг зорьж явсан юм. 4 жилийн хугацаанд бага багаар буюу 5, 10 кг-аар туршиж үзэх байдлаар үйлдвэрүүдэд нийлүүлэлт хийж явсаар 2009 онд “Ногоон алт” төсөлтэй хамтарч ажиллахаар болсон. Хамтран ажилласан тэр жилдээ бид Монголд хамгийн анх удаа “Сарлагийн хөөврийн дуудлага худалдаа”-г Архангай аймгийн Их тамир суманд  зохион байгуулсан. Говь компани, Алтай кашмер, Сор кашмер хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Архангай аймгийн Тариат сумын малчид 1 тонн 600 кг сарлагийн хөөвөр бэлтгэж дуудлага худалдаанд оролцсон юм.

Тус дуудлага худалдаанаас өмнө Ногоон алт төслөөс “Самнасан сарлагийн хөөврөөр ноолуурын нарийнтай дөхөх хэмжээний бүтээгдхүүн үйлдвэрлэх” талаар шат дараатай олон судалгаа, сургалтууд явуулсны үр дүнд 90 малчин өрхөөс тэр хэмжээний хөөвөр цуглуулсан юм.  Дуудлага худалдааны үеэр 90 малчин өрхийн бэлтгэсэн сарлагийн хөөвөр “Хамгийн их хөөвөр цуглуулж оролцсон сум, хоршоо” шагналын эзэн болгосон. Дуудлага худалдаа болж, үйлдвэрүүд нэг кг нь 500 төгрөгийн үнэтэй хөөврийг 4,500 төгрөг болтол үнэ өсгөж худалдан авсан. 4,500 төгрөг болсон гол шалтаан нь самнаж бэлтгэсний үр дүн байлаа. Нэг кг сарлагийн хөөврөө 4,500 төгрөгөөр өгчихсөн бид чинь тухайн үедээ “Нөхцөлгүй  баян” болно шүү дээ. /инээв/  Тухайн үедээ маш их мөнгө буюу 13.8 сая төгрөгийг Тариат сумынхаа бүх малчиддаа хэсгийн ахлагч нараар нь дамжуулан бэлнээр тарааж өгч байлаа.

Хоршоондоо янз бүрийн ашиг авч хоцроогүй. Хэдийгээр хоршоог би өөрөө ахалдаг байсан ч хэсгийн ахлагч, бэлтгэн нийлүүлэгч нараа дагаж явдаг байлаа. Тэр шагналаас 9 хэсгийн ахлагч гар бие оролцсон хүн тус бүрт 100 мянган төгрөг ногдож байсан. Түүхий эдийн үний зөрүүг малчиддаа шударга хувиарлаж өгсөн нь нутаг орноор нэг яригдаж, хурал зөвөлгөөнөөр манай хоршооны тухай талаар эерэг мэдээлэл тарсан. Тухайн үед Тариат сумын гурван хоршооны дунд маш олон ченж байсан ч малчид манай хоршоонд гишүүнээр элсэн орох болсон. Нийт 1,091 малчин өрх манай хоршоонд гишүүнээр элсэн орсноор бид бэлтгэсэн түүхий эдээ үйлдвэрүүдэд нийлүүлдэг болсон юм. Хоршооны гишүүдийн хонины ноосыг Эрдэнэтийн хивсний үйлдвэрт өгснөөр олсон ашгаасаа хэсгийн ахлагч нарт хувь өгч байлаа. Ер нь бидний хоршооны гол ажил гэвэл малчин, үйлдвэрлэгч нарыг холбож өгөх, зуучлах, арилжааг зохион байгуулах ажлыг л хийдэг байсан. Тэндээс ашиг олдог, луйвар хийдэг, баяждаг эзний хоршоо байгаагүй ард түмний хоршоо болгож чадсан.

– Бусад аймаг сумдын хоршоодтой хэрхэн хамтарч ажиллаж байв?

– Архангай аймгийн Дундын хоршоон дээрээ хойд чиглэлийн хэдэн сумдынхаа сарлагийн хөөврийг хүлээн авахаас гадна Баянхонгор, Өвөрхангай,  Хөвсгөл, Завхан, Ховд, Увс аймгаас авч нийлүүлээд үндэсний үйлдвэрүүддээ өгдөг байсан. Тэгж явсаар 2016 онд Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны дэргэд “Малчдын ногоон алт” дундын хоршоог байгуулсан. Энэ хоршоо маань улсын хэмжээнд буюу аймаг сумдын малчдаас ирүүлсэн малын гаралтай түүхий эдийг нэгтгэн, зуучлан борлуулах ажлыг хийх болсон. Манай “Малчдын ногоон алт” дундын хоршоо нь ашиг орлогын төлөө биш. Сум аймгийн анхан шатны болон дундын хоршоодын түүхий эдийг зуучлан борлуулах зорилготой ажиллаж байна.

Одоо бид хоршоодын гишүүн малчдад хөөврийг бэлтгэх сургалтыг үе шаттай явуулж, дотоодын болон гадаадын зах зээлд түүхий эд нийлүүлээд явж байна. Сэрмэн хайчилж самнасан торомны ноосны бэлтгэлийн хэмжээ жилээс жилд  нэмэгдэж байна.

Улсын хэмжээнд 2018 онд гэхэд 140 тонн сарлагийн хөөвөр бэлтгэн нийлүүлсэн байна.Үүнээс манай хоршоогоор  90 гаруй  тонн нь бэлтгэгдэн дотоод гадаадын захиалагчдад хүрсэн бол бусад үйлдвэрүүд 50 орчим тонн сарлагийн хөөвөр, торомны ноосоор бүтээгдэхүүн хийсэн байна. Зөвхөн сарлагийн хөөврийг тооцоход, нэг кг нь 27 мянга гэж бодоход 30-аад тэрбум төгрөг улсын төсөв болон малчдын гар дээр хөрөнгө оруулалт болж очсон байна. Ингээд 10 жилийн дараа эргэн харахад бидэнд, малчдад маш том хөрөнгө оруулалт хийж, энэ сайхан  боломжийн эх үүсвэрийг Ногоон алт төсөл маань тавьж өгсөн байна.

– Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний чанарыг дэлхийн зах зээлд таниулах, дотоодын хэрэглэгчдийн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд хийсэн ажлуудаас онцолж дурьдвал?

– Бид сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулахын тулд Сарлаг фестифалийг анх Архангай аймгийн төвд 2014 онд хийсэн. Тэр үед Английн Тэнгэрийн компани болон аймгийн ЗДТГ-тай хамтран анхны сарлаг наадмыг аймаг орон нутгийнхандаа таниулах зорилгоор хийж байсан. Тариат суманд 2015  онд  хийсэн. Энэ үед нилээн хэдэн аймаг сумыг хамруулж, сарлагийн хөөврөөр хийсэн  бүтээгдэхүүнийг сурталчилах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьсон. Ингэхдээ сарлаг гэдэг амьтан  юугаараа илүү, сүү нь, мах нь ямар ашигтай юм бэ гэдгийг таниулахыг зорьсон.

Хөөвөр нь ноолуураас юу нь адил төстэй болон илүү юм гэдгийг таниулахын тулд бүх чиглэлийн байгууллагуудыг татан оролцуулсан. Үндэсний үйлдвэрлэгч 4-5 байгууллага очиж, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээр хийсэн хувцасны шоуг зохион байгуулж байлаа. Тэнд аймгуудын Засаг дарга нар оролцож байлаа. Бид нэгд, Монгол орны уулархаг өндөрлөг газар буюу далайн түвшнээс дээш 2,000 метрт амьдардаг сарлаг гэдэг амьтныг алдаршуулья гэсэн зорилготой байсан. Хоёрт, сарлаг фестивальд оролцогч аймгууд Архангайчууд шиг  сарлагийн цагаан идээгээр бүтээгдэхүүн хийж сургахыг хүссэн.

Аймаг сумд брэнд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж, хоорондоо туршлага солилцдог болгохыг зорьсон. Хөвсгөлчүүд олон сайхан брэндүүд гаргаж байсан. Тэдний хувьд аялал жуулчлал хөгжсөн нутаг гэдэг утгаараа өөрийн гэсэн брэндүүд гаргаж байсан. Харин өнөөдөр Монголын бүх аймгууд өөрийн онцлогийг харуулсан брэндийг бий болгосон. Энэ бүхэнд Сарлаг фестивалийн нөлөө тодорхой хэмжээнд байгаа гэж бодож байна. Сарлаг фестивалийг 2017 онд Архангай  аймгийн Их тамир суманд зохион байгуулсан. Энд 16 аймаг, 6-7 үйлдвэрийн төлөөлөл оролцож загварын шоу зохион байгуулсан.

Аймгуудын төлөөлөл сарлагийн хөөврөөр хийсэн өөрсдийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, дуудлага худалдаа явуулсан нь Монголын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний шавхагдашгүй нөөц бололцоог олон нийтэд таниулж, малчдад бие биенээсээ суралцах боломж олгосон. 15-16 аймгийн төлөөлөл нэг дор цуглаад мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг сурталчилж байсан тохиолдол өмнө нь үнэхээр байгаагүй. Миний бодлоор бид Монголд анхдагч болсон гэж боддог. Бид энэ бүхнээ цаашид уламжлал болгон хийсээр байгаа. Өнгөрөгч 2018 оны Сарлаг фестивалийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулсан. Энэ арга хэмжээг НАМЭМ төсөл, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос хамтран зохион байгуулж, 18 аймгийн төлөөллийг оролцуулсан. Энэ үеэр шинэ шийдлүүд гарч ирж байсан.

Энэ жил Ховд аймагт зохиогдоно. Улам л туршлагажиж, илүү сайн зохион байгуулалттай фестиваль байлгахаар зорьж байна. Үр дүнд нь бид гадаад зах зээлд сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг борлуулах гарц жилээс жилд нэмэгдэж байна. Аялал жуулчлалын компаниудаар дамжуулан зөвхөн сарлаг унаж үзье, сааж үзье гэсэн жуулчид ирэх нь олширч байна. Энэ бол гадаадад танигдаж байгаагийн маш том илрэл. Тиймээс Монголынхоо сарлаг, торомтой хэдэн  аймгуудын түүхий эдийг гайгүй үнэ хүргэж, сарлагийн хөөврөн болон торомны ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд алдаршуулахын төлөө л зорьж явна.

Бодит үр дүнгийн өөрчлөлт нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн чанар сайжрах, хэмжээ өсөх. Тухайлбал, үйлдвэрийн хэмжээнд хяргасан сарлагийн хөөвөр 16-17 хувийн цэвэр гарцтай байсан. Харин одоо  сэрмэн хайчилж, самнасан хөөвөр 30 хувийн гарцтай болсон. Энэ бол Ногоон алт Малын эрүүл мэнд төсөл хэрэгжсэний маш том үр дүн. Үүнтэй ямар ч үйлдвэр, эрдэмтэн доктор маргахгүй. Дараагийн үр дүн бол сэрмэн хайчилж самнасан 14.5 микронтой торомны ноосоор хамгийн нарийн хийцтэй, тансаг  бүтээгдэхүүнийг гаргасан.

“Хаан ширхэгт” гэж өнөөдөр яриад байгаа даа. Манайхан аль хэдийнэ гаргачихсан. Энэ бол “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн түүхэнд үлдээж байгаа хамгийн том үр дүн. Энэ бодит түүхийг хэн ч давтаж чадахгүй. Үйлдвэрлэгчид сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж байгаа нь малчдын маань идэвхи чармайлт, оролцооны үр дүнд энэ бүхэн бий болсон.

– Ер нь түүхий эдийг шууд гаргах, бүтээгдэхүүн болгон гаргах хоёрын аль нь илүү үр дүнтэй ажил байх бол?

– Миний хувийн бодол гэвэл гадаад зах зээлд түүхий ноолуур, мах гаргахыг хүлээн зөвшөөрдөггүй. Бид Монголдоо анхан шатны боловсруулалтаа хийж, эцсийн бүтээгдэхүүн болгоод гадаадад экспортлох замаар өөрийн гэсэн брэндээ үүсгэх ёстой гэж боддог. Гадаад руу ноос ноолуурыг түүхийгээр нь, анхан шатны боловсруулалт хийснээр гаргаад байх нь маш их ажиллах хүчийг гадагш гаргаад байгаатай адил юм. Бид мал аж ахуйн гаралтай түүхий эдээрээ үйлдвэрүүдийн оролцоотой бүтээгдэхүүн хийж, түүнийгээ гадаад руу гаргана. Гадаадаас захиалга аваад тэрүүгээрээ малчдын түүхий эдийн үнэ цэнийг өсгөж, эргээд бэлчээрт ээлтэй худаг ус гаргах, бэлчээрийн менежментийг сайжруулах хөрөнгө оруулах боломжтой болно.

– Түүхий эдийн худалдан авалтын хэмжээ хэр нэмэгдэж байна?

– Мэдээж нэмэгдэж байгаа. Өмнө нь 5 тонн сарлагийн хөөвөр авдаг байсан үйлдвэр 20  тонн авч байна. 20 тонн авдаг байсан үйлдвэр 40 тонн авч байна. Тэд нар Монголд зарахгүй нь ойлгомжтой, гадаад зах зээлд борлуулалт хийж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж, Монголдоо хөрөнгө оруулалт хийж байна. Тэдгээр үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн чадвар чадамж нэмэгдэж, тэдний ар гэрийн амьдралыг  дээшлүүлэх маш том боломжийг бий болгосон. Би ярих биш бодитой ажил хийхийг илүүд үздэг. Ер нь үр дүн гаргадаг хүн л нийгэмд хэрэгтэй.

– Үр дүн нь малчдын орлогоор хэмжигдэж, тэр хэрээр бэлчээр нутгаа хайрлаж хамгаалах “Ногоон алт” төслийн зорилго биелнэ, тийм үү?

– Тэгэлгүй яахав. Бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх нь бидний чин хүсэл. Монголын энэ сайхан нүүдэлчин соёл, талаар нэг тархсан мал сүрэг бидэнд байна. Тавиу сайхан нутаг нь байна. Тиймээс бид энэ сайхан нутагтаа сэтгэл хангалуун, хэнээс ч гуйхгүй, ая тухтай тааваараа амьдран, нүүдэлчин соёлоо авч үлдэх нь чухал. Ингэхийн тулд хөдөө нутагт амьдарч байгаа малчдынхаа орлогыг нэмэгдүүлж, аль ч улс орны хүн манай улсад ирэхэд Монголчууд жаргалтай сайхан  амьдралыг бий болгож чадаж байгааг харуулна гэдэг их чухал ажил шүү дээ.

Тэрнээс биш Малчдын дундын хоршоог ченжийн сэтгэлгээгээр харж, хэдэн малчдынхаа бэлтгэж өгсөн түүхий эдээс ашиг хараад нэг эзний байгууллага болгож болохгүй. Ганцхан эзэн баяжиж, том жип унаж, олон сая төгрөгний хөөрөг бариад давхидаад явах нь чухал биш. Хамгийн гол нь малчдаас авсан түүхий эдийн орлого гар дээр нь бэлнээр очиж байх ёстой. Гадаад зах  зээл, дотоод зах зээл гэж ялгахгүй түүхий эд борлогдсон л бол  орлого нь шууд очих юм. Тэгж байж малчдын хүүхдүүд хүссэн сургуульдаа сурна. Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ авна. Малчдын орлого Монголын  зах зээлд хөшүүрэг болж чадна.

– МАА-н салбар улс орны эдийн засгийн нэг том хөшүүрэг гэдгийг баталж чадна, гэж үү?

– Тэгэлгүй яахав. Тиймээс бид заавал манай МБАНХ-ны “Малчдын ногоон алт” дундын хоршооноос түүхий эд нийлүүлэх ёстой гэж туйлшрахгүй. Харин ч бусад хоршоодтой хамтарч байж, дэлхийд танигдсан Сарлагын хөөврөн бүтээгдэхүүний брэндийг бий болгоно. Тэрнээс биш манайх, минийх гэж өмчирхөөд, Ногоон Алт төслөөс гарсан хоршоотой хамтарч ажиллана гэх нь хэт явцуу болно. Үйлдвэрүүд бидэнтэй хамтарч ажиллаж байгаад маш их баярладаг. Сор кашмер, Баялаг-Өлзий, Алтай кашмер, Өүжин, Жинст Мөрөн зэрэг олон сайхан үйлдвэрүүд бий. Тэд Сарлаг фестиваль болоход хийсэн хувцаснуудаа аваад ажилчидтайгаа, загвар өмсөгчидтэйгээ хаана ч байсан яваад л очдог.

Түүхий эдийн худалдан авалт хийхдээ ч бидэнд урьдчилгаа өгч хэдэн хоршоодыг маань  дэмжиж ажилладагт нь үнэхээр их баярладаг. Үйлдвэрүүдийн ач гавъяа үнэхээр их бий. Хоршоодууд ч сайн ажилладаг. Малчид ч бидний үйл ажиллагаанд итгэж, дэмжиж хамтын ажиллагаа маань өргөжиж байна. Бие биенээ дэмжиж тусласан ажлын үр дүн гарч гадаад зах зээлд торомны ноос танигдаж чадсан.

– Сумын төвд л ажиллаж байсан бол өнөөдөр та Монгол Улсын хэмжээний ажил хийдэг хүн болжээ. Маш цаг хугацаа шаардсан ажил гэж харагддаг. МБАНХ-ны гишүүн 18 аймгийн түүхий эд бэлтгэдэг хоршоодыг хариуцаж байгаа гэдэг утгаараа хөдөө их явж байгаа шүү дээ. Нууц биш бол гэр бүлдээ зав гаргаж чадаж байна уу?

– Амжуулж л явна. Амжуулахгүй гээд яахав. Гэхдээ л гэр бүлтэйгээ байх нь их ховор. Ямар сайндаа 2016 онд ажил ид өрнөж, аймгуудын хоршоодыг бэхжүүлэх ажлыг хийх үеэр манай эхнэр ханын календарь дээр гэртээ ирж хоносон өдрийг маань бүтэн бөөрөнхий, шөнө  ирсэнийг нь хагас бөөрөнхийлээд байсан юм. Сүүлд нь тоолоход тэр жил 14-хөн өдөр гэртээ хоносон байж билээ. Тэр үе бол  хамгийн их гадуур явсан үе. Тэгж байж л  түүхий эдээ хэрхэн бэлтгэх сургалтыг тэр олон аймаг, сумдын малчдад зааж сургана шүү дээ.

– Таны эхнэр чинь тэгвэл ар талаа найдвартай даасан сайн бүсгүй бололтой?

– Тэгэлгүй яахав, манай гэр бүлийн хүн ар гэрийн бүх ажил, амьдралыг дааж авч яваа. Багш л даа. Хүүхдүүд маань их эвтэй. Ээж шигээ багш болох юм байлгүй. Бие биедээ багш болж, ээлжилж нэг нэгнээсээ шалгалт авсан хүмүүс л байдаг юм. /инээв/ Хоёр хүүхэд маань өнгөрсөн онд математикийн улсын олимпиадын алтан медаль авч, улсын тэргүүний сурагчид болсон байна. Энэ бүхэн эхнэрийн маань ач. Хань маань гурван хүүхдээ зөв сайхан хүн болгон хүмүүжүүлж, намайг ажиллах боломж бололцоогоор хангадагт баярлаж явдаг.

Малчид ямаа самнадаг шиг  сарлагийн хөөврөө самнаж байна.

Улсын хэмжээнд сарлагтай 60 гаруй сум байдаг тэрний бүгдэд нь сургалт явуулсан байдаг. Тэгж сургалт хийснээр үйлдвэрүүд сайн түүхий эд хүлээн авдаг болсон. Энэ систем маань алга эргүүлэх шиг хурдан бий болоогүй. 10 гаруй жилийн өмнө үйлдвэрлэгчид 500 кг хөөвөр л ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр 140 орчим тонныг захиалж байна.  Малчид ямаа самнадаг шиг  сарлагийн хөөврөө самнаж байна. Малчдын орлого  нэмэгдэж байна. Энэ бол бодит үр дүн. Швейцарийн Хөгжлийн Агентлагын Ногоон алт төслийн үр дүн. Цаашид бидний ажил улам сайхан болж, ямар нэгэн шат дамжлагагүйгээр үйлдвэрлэгчид хүрдэг, шууд гадаад зах зээлд үйлдвэрүүдээр дамжуулан гаргадаг системийг бий болгоход “Малчдын ногоон алт” дундын хоршоо байгууллага маань  чухал үүрэгтэй ажиллах болно.

– Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлст өндөр амжилтыг хүсье.

П.Нарандэлгэр

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *