МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ФОРУМ

“БЭЛЧЭЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ МЕНЕЖМЕНТ”

2018 оны 10 сарын 31-11 сарын 1,

 Туушин зочид буудал, Улаанбаатар хот

 

Монгол орны эдийн засгийн нэг гол тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдлын үндэсний шинэчилсэн тайлангийн үр дүнг Засгийн газар болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, чиг хандлагыг тодорхойлохыг Бэлчээрийн үндэсний хоёрдугаар форум зорьж байна.  

2014 оноос эхлэн Ус, цаг уурын улсын сүлжээний баг бүрт байрлах бэлчээрийн төлөв байдлын мониторингийн 1516 зогсоол цэг дээрээс Монгол орны бэлчээрийн төлөв байдлын хандлагыг тодорхойлох судалгаа хийж байгаа билээ. Бэлчээрийн төлөв байдлын суурь судалгааны тайланг 2014 оны байдлаар  гаргаж байсан ба хоёрдугаар форумын үеэр танилцуулах 2016 оны тайлан гурван жилийн хугацаанд бэлчээрийн төлөв байдлын хандлага хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах юм. Үндэсний хэмжээнд 2014 оны суурь мэдээлэлтэй харьцуулахад 2016 онд доройтсон бэлчээрийн хувь хэмжээ 65%-иас 57% болж буурсан ч хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн бэлчээр нутгийн хэмжээ нэмэгдсэн нь аюулын харангын дохио гэлтэй. Доройтсон бэлчээрийн нийт талбайн хэмжээ харьцангуй тогтмол, бага зэрэг буурсан нь нэг талаас Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадавхи өндөр байгаатай холбоотой, нөгөө талаас малчид сүүлийн жилүүдэд бэлчээр нутаг усаараа нэгдэн бэлчээрээ зүй зохистой ашиглахын төлөө ажиллаж буй хичээл зүтгэлийн үр дүн мөн. Төлөв байдлын хувьд  нийт бэлчээрийн 51 хувь харьцангуй тогтвортой хадгалагдаж, 15 хувь нь сэргэж сайжирсан байна.

Доройтлын зэрэглэлийн нарийвчилсан дүнгээс үзэхэд 2016 оны байдлаар нийт бэлчээрийн 57 % унаган төлөв байдлаас өөрчлөгдөж доройтсоноос 13.5% бага зэрэг, 21.1% дунд зэрэг, 12.8% хүчтэй, 10.3% бүрмөсөн цөлжих эрсдэлд орсон байна.            

 

2014 оны бэлчээрийн төлөв байдлын суурь мэдээлэлтэй харьцуулахад, эрүүл соргог бэлчээрийн эзлэх хувь хэмжээ 10%-иар буурч,  хүчтэй доройтож цөлжих эрсдэлтэй бэлчээрийн хувийн жин 5%-иар нэмэгдэж, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгууд нэлэнхийдээ, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын хойд хэсгээр бэлчээрийн доройтлын зэрэглэл нэмэгдсэн байна. Бэлчээрийн хүчтэй доройтлын зэрэглэлд хамаарах бэлчээрийн ихэнх хувь нь Сүхбаатар, Дорноговь аймгуудын нутагт байна.

Форумын үеэр 5 үндсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм байна. Үүнд:  1) Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өнөөгийн түвшин ба бэлчээрийн төлөв байдлын шинэчилсэн тайлангийн танилцуулга, 2) Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан, хариуцлагатай менежментийг төлөвшүүлэх ажлын явц, үр дүн, сургамжаас, 3) Бэлчээр ашиглалтын үр нөлөөг хянах замаар талуудыг хариуцлагажуулах нь 4) Бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах дэлхий дахины хүчин чармайлт ба стратеги, 5) “Хариуцлагатай малчин” – “Бэлчээр нутаг, байгаль орчин, мал сүрэгтээ ээлтэй нүүдлийн МАА-н үйлдвэрлэлийн стандарт ба олон улсын зах зээлийн хэрэгцээ, шаардлага”. Форумын үйл ажиллагаанд аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Аймаг, сумдын малчдын бэлчээр ашиглагчдын холбоодын тэргүүд, байгалийн бүс төлөөлсөн, бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэхэд тэргүүлж яваа 20 сумын ХАА-н тасгийн дарга, газрын даамал нар оролцоно.

Зохион байгуулагчид:

НИЙТЭЛСЭН: 2018-10-19 10:32:29