ШВЕЙЦАРИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД ИГНАЦИО КАССИС ХӨДӨӨД ХЭРЭГЖСЭН ТӨСЛИЙН ҮР ДҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА ГЭЛЭЭ

Энэ сарын 5-6-нд Монгол улсад айлчилсан Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис энэ сарын 6-ны өдөр  Төв аймгийн Сүмбэр сумын малчин Л.Намгарынд зочлон очиж, ШХА-ын "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийн хүрээнд Монгол орны бэлчээрийг хамгаалах, малын эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хийж буй ажлын үр дүнтэй танилцлаа. Энэ үеэр сайд Игнацио Кассис хэлсэн үгэндээ “Аймгийн ИТХ-ын дарга, сум орон нутгийн удирдлагууд, найз нөхөд та  бүхэндээ биднийг халуун дотно угтан авч байгаад баярлаж байгаагаа илэрхийлье. Монголын гайхамшигт оронд аялаж байгаадаа маш их баяртай байна. Энэ өргөн уудам нутагт аж төрж буй амьдралын сонин содон зүйлийг хараад надад маш их сонирхолтой байна. Швейцарийн Засгийн газрын төлөөлөгчийн хувьд манай ард түмний татварын мөнгө, төслийн санхүүжилтийг Монголын ард түмэн, Монголын Засгийн газар хэр үр дүнтэй хэрэглэж байна, ялангуяа энэ бүс нутагтаа хамгийн залуу ардчилсан орон болох Монгол улсын  хөгжилд хэр тусалж байгаа талаар мэдээлэл авахаар явж байна.  Монгол улсад ажилаж буй манай багийнхан та бүхэнтэй харилцан ярилцаад гол асуудлуудаа тодорхойлоод, түүнээс яг юун дээр нь туслах вэ, залуу ардчилсан орны хувьд цаашдын хөгжлийнх нь чиг хандлагыг зөв тогтоох, улс эх орныхоо ирээдүйн хөгжилд иргэн бүхэн оролцдог байх боломжийг олгох тал дээр нэлээд сайн ажиллаж байна гэдэг дүгнэлтэд хүрч байна. Швейцарын Засгийн газар, ард түмэн хол байдаг хэдий ч Монголын ард түмэнд үзүүлж буй дэмжлэг бол хөгжлийнх нь гарааг сайн тавьж өгөх, цаашдаа Монгол улс биеэ дааж тогтвортой хөгжих зам гүүрийг тавьж өгч байна гэж ойлгож байгаа. Энэ утгаараа Монгол орон Швейцарын Засгийн газарт их ойрхон, танил улс болжээ. Тэгээд мэдээж,  Монгол улсад ажиллаж буй манай багийнхны хийж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа бол Швейцарын Засгийн газраас үзүүлж буй тусламж Монголын ард түмэнд хүрч байгаа юм байна гэсэн баяр талархлыг би буцаад Засгийн газартаа болон ард түмэндээ дамжуулж өгөх үүрэгтэй. Зөвхөн нэг төсөл дээр гэхэд маш олон хүн хамрагдаж, өргөн цар хүрээг хамарч байгааг харахад баяртай байна” гэсэн юм.

Төв аймгийн хувьд  22 мянган малчин өрхтэй, 4.7 сая малтай,  нийт бүтээгдэхүүний 56 орчим хувийг хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй, газар тариалангийн салбар үйлдвэрлэдэг.  Анх 2007 онд Швейцарын хөгжлийн агентлагийн бэлчээрийн менежментийг сайжруулах зорилго бүхий “Ногоон алт” төслийг Өндөрширээт суманд хэрэгжүүлж эхэлсэн бол 2017-2020 он хүртэл  Сүмбэр, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Бүрэн зэрэг  “Ногоон алт, Малын эрүүл мэнд” нэгдсэн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ үеэр Сүмбэр сумын Засаг дарга Б.Мөнхтүвшин “Манай сум 35 мянган га талбайтайгаас 23 мянган га  бэлчээрийн талбай, 12 мянган га  газар тариалангийн талбай эзэлдэг газар тариалан, мал аж ахуй хосолсон сум юм. Бэлчээрийн даац 6.5 дахин хэтэрснээс үүдэн бэлчээр нь тулгамдаж буй асуудал болоод байгаа энэ үед “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжих болсонд бид маш их баяртай байгаа.. Хэрэгжиж эхлээд нэг жил болж байгаа ч бэлчээр хамгаалах сайжруулах, бэлчээрийн даацад тохирсон малтай байх зэрэг малчдад зориулсан сургалтууд маш их үр дүнгээ өгч байгаа. Тухайлбал, 2016 оны эцэст 41 мянган толгой мал тоолуулж байсан бол, 2017 оны тооллогоор 34 мянга болж буурснаас харвал, сургалтын үр дүнд малчид малын тоо биш чанарыг эрхэмлэж, даацдаа тохирсон малтай байхад анхаарч  эхэлсэн нь харагдаж байна” гэлээ.

Мөн энэ үеэр сарлагийн хөөвөр, торомны ноосыг бэлтгэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатны үйл ажиллагааны талаар МБАНХ-ны зөвлөх С.Жамбалдорж сайд Игнацио Кассисд танилцууллаа. Тэрээр “ Анх 10 жилийн өмнө зөвхөн нэг л суманд сарлагийн хөөвөр, торомны ноосыг бэлтгэдэг байсан бол 30 гаруй сумын малчдын хоршоогоор дамжуулан түүхий эдийг бэлтгэж, үндэсний тэргүүлэх “Баялаг өлзий” ХХК, “Монгол нэхмэл” ХХК, “Алтай кашемир” ХХК, “Уужин” зэрэг үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр ханган ажиллаж байна. Тэд орчин үеийн дэлхийн загвар, стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн Олон улсын зах зээлд гаргаж байна. Сарлагийн хөөвөр, торомны ноосыг хайчилж бэлддэг байх үед нэг кг нь 500 төгрөг байсан бол малчдад сарлагийн хөөврийг самнаж, торомны ноосыг сэрмэн хайчлах сургалтуудыг өгч, арга технологийг нь зааж өгснөөр одоо нэг кг нь 12000 төгрөгт хүрээд байгаа” гэлээ. Энэ үеэр үндэсний үйлдвэрлэгч “Баялаг өлзий”  ХХК  "Bodio s" брэндийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ сайд Иганцио Кассисд танилцууллаа. Тус компани нь "Ногоон алт, Малын эрүүл мэнд" төсөлтэй арав орчим жил хамтран ажиллаж байгаа бөгөөд малчдын хоршоогоор дамжуулан бэлтгэсэн сарлагийн хөөврөөр "Bodio s" брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн олон улсын зах зээлд гаргаж байгаа юм.

Швейцарийн Гадаад хэргийн сайд Игнацио Кассис болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчид "Ногоон алт, Малын эрүүл мэнд" төслийн үр дүнд малчдын ахуй амьдралд яг, ямар бодит үр дүн гарсан бэ, малчдын орлого хэрхэн нэмэгдэж байна, цаашдаа боломж юу байна зэрэг маш олон асуултын хүрээнд харилцан санал солилцлоо. Тухайлбал, малчин хүний орлого яаж нэмэгдсэн бэ гэсэн асуултад сайдын асуултад Төв аймгийн Өндөрширээт сумын СБАХ-ны тэргүүн Ц.Оюун "Хамтарч ажиллаад бэлчээрийн даацыг хамтдаа тохируулах, малын тоо биш чанарт анхаардаг болсноор нэг малаас авах ашиг шим нэлээдгүй нэмэгдэж байгаа. Нэг малаас авах ашиг шим юугаар нэмэгдэж байгаа вэ гэхээр малын түүхий эдийн гарц нэмэгддэг. Тухайлбал, ноос, ноолуур, сүүний гарц нэмэгдснээр тухайн өрхийн орлого нэмэгдэж байгаа. Мөн малчин бүр орон нутагтайгаа хариуцлагын тогтолцоог бий болгож, удирдлагуудтайгаа харилцан гэрээ хийж, журам боловсруулан ажилладаг. Тэр үүднээс бэлчээрийн даац, малын тоо толгойг хянах систем бүрдэж байгаа юм" гэлээ.

Төслийн хэрэгжилттэй танилцсан сайд Игнацио Кассис сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд "Монгол орныг өргөн уудам нутаг нутаг дэвсгэрт маш олон малтай цөөхөн хүнтэй, маш их үзэсгэлэнтэй байгалтай, баян орон гэж төсөөлж байсан. Тэр үнэн байжээ. Хоёрдугаарт, Монгол орон харьцангуй залуу ардчилсан орон. Швейцарын Засгийн газар, татвар төлөгчид, ард түмэн сүүлийн 10 гаруй жилийн турш Монгол орны залуу ардчилсан нийгмийн хөгжлийг дэмжиж, хөгжлийн зөв замдаа ороход нь дэмжлэг үзүүлж, тусалж байгаа юм. Гэхдээ, энд бид байнга байх боломжгүй. Хамгийн гол нь тогтвортой хөгжлийн замд ороход нь зөвхөн эхний шатанд л тусалж байгаа. Хөгжлийн зөв замаа тавьсны дараа улс эх орныхоо хувь заяаг Монголчууд өөрийнхөө гарт атгана. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд Монгол оронд хэрэгжсэн төслүүд, ялангуяа хөдөө орон нутагт хэрэгжсэн төслүүдэд маш их үр дүн гарсан харагдаж байна. Энэ үр дүнгүүдийн тогтвортой байдал, цаашдаа Монгол оронтой эдийн засаг болон бусад чиглэлээр хамтарч ажиллах шинэ шинэ хөтөлбөрүүдийн тал дээр харилцан ярилцах таатай нөхцлүүд бүрджээ гэж ойлгож байна" гэлээ.

              

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-07 13:09:03