ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АБАХ-НЫ ТЭРГҮҮН С.МААМАНХҮҮ "БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" ЦОЛ, ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА

Энэ сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Эмийн ургамал сонирхогчдын анхдугаар уулзалт"-ын үеэр Өмнөговь аймгийн АБАХ-ны тэргүүн С.Мааманхүү эгч маань Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр шагнагдлаа. С.Мааманхүү эгч маань сүүлийн жилүүдэд загасгал, эмт өвс, хунчир зэрэг нийт есөн төрлийн эмийн ургамлаар чихрийн шижин, хавдар, хаван, зүрх, дотор, бөөр, уушгины өвчинд нэн тустай есөн төрлийн цайг аймагтаа үйлдвэрлэж байгаа бөгөөд түүний бүтээгдэхүүнийг нутаг орныхноос нь эхлээд гадаад, дотоод жуулчид ихэд сонирхдог. Түүнчлэн Өмнөговь аймгийн брэндийн багц, таван хошуу малын сүүгээр хийсэн сүүн чихэр нь эрэлт ихтэй байгаа.

БОАЖЯ, ЭМЯ, ХААИС зэрэг салбарын төрийн болон судалгаа  шинжилгээний  байгууллага дэмжиж оролцсон энэхүү уулзалтын үеэр МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулсан юм. Байгалийн ургамал, тэр тусмаа нэн ховор, ховор ургамлууд бол Монгол орны маань чухал баялаг. Тэр дундаа манай орны ихэнх нутагт дэлхийд нэн ховордоод байгаа эмийн ургамал ургадаг. Тодруулбал, 130 гаруй овгийн 660 гаруй төрлийн 380 орчим нэн ховор ургамал зөвхөн Монголд л бий. Харамсалтай нь, Монгол Улс өнөөдрийг хүртэл ховор, өндөр үнэтэй ургамлын гаралтай эм, бэлдмэлийн түүхий эдийг хамгийн хямдаар ханган нийлүүлэгч байсаар л байна. Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулинд гэхэд нэн ховор ургамлыг нэг кг-ыг нь 300-1000, ховор ургамлыг 150-500, элбэг ургамлыг 50-300 төгрөгөөр үнэлсэн байдаг. Дээрх 380 орчим зүйлийн нэн ховор ургамлаас 195-ыг нь хамгаалах шаардлагатай байгааг тогтоосон байна. Мөн судлаачид зах зээлд өртөж хомсдож болзошгүй 102 ургамлын жагсаалт гаргаж, хэрэглээний чиглэлийг тодотгожээ. Тэдгээрээс чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин цэцэг, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамал гадаадын зах зээлд хулгайн бизнест өртөх магадлалтайг ч нотолжээ. Эмийн ургамлыг хамгаалах зайлшгүй шаардлагатай бөгөөд гол арга нь тарималжуулах гэдгийг "Эмийн ургамал сонирхогчдын анхдугаар уулзалт"-д оролцсон салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, сонирхогчид, хэрэглэгчид хэлж байна.

https://www.facebook.com/groups/1470136736548044/

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-01 05:22:35