НҮҮДЭЛЧ МАЛЧДЫН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛНЭ

Нүүдэлч малчдын санал, эрэлт хэрэгцээг төрийн бодлого шийдвэрт тусгах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор малчдын оролцоонд түшиглэсэн мэдээлэл цуглуулах, сан бүрдүүлэх, бодлого боловсруулагчдыг баримт нотолгоо бүхий мэдээллээр хангах түүнчлэн иргэний нийгмийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий "Нүүдэлч малчдын мэдээллийн сан бүрдүүлэх, чадавхийг бэхжүүлэх" төслийн нээлт өнгөрөгч хоёрдугаар сарын 26-нд боллоо. Энэхүү төслийг НҮБ-ын ХХААБ-аас санхүүжүүлэн ХХААХҮЯ, МБАНХ хамтран нэг жилийн хугацаанд бүх аймаг, сумдыг хамруулан хэрэгжүүлэх юм.
Төслийн нээлтэнд НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Г.Нямжаргал, ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж, ГЗБГЗЗГ-ийн Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга н.Батсайхан, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг болон ХААИС, УЦУОШГ, ШХА-ийн "Ногоон алт, Малын эрүүл мэнд" төслийн удирдлага, төлөөллүүд болон 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүнүүд оролцож байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийд ойролцоогоор 200-600 сая нүүдэлчин малчид амьдарч байна гэсэн тооцоо байгаа бөгөөд шинжлэх ухааны судалгаагаар нүүдлийн аж ахуйг хуурай, уулархаг, хүйтэн сэрүүн цаг уурын нөхцөлд эрхлэхэд тохиромжтой хэмээн үздэг байна. Эдгээр нүүдэлчид маань Дэлхийн нийт газар нутгийн гуравны нэгийг эзэлж буй бэлчээрийн газар нутагт аж ахуйгаа эрхлэн байна. Хүн амын өсөлт, мөн түүнчлэн малын тоон өсөлт, цаг уурын өөрчлөлт зэргээс хамааран бэлчээрээ хэрхэн ашиглах, цаг уурын эрсдлийг багасгах түүнд хэрхэн дасан зохицохоос нүүдэлч малчдын аж амьдрал ихээхэн хамаарах болоод байна. Нөгөө талаар нүүдэлч малчдыг байгаль орчноо хамгаалан оршин буй газар нутгийнхаа мал, амьтан ургамлын генетик нөөцийг хадгалан хамгаалахад гол үүрэг хүлээж байгаа хүмүүс гэж үзэх нь нэмэгдэж байна.
МАА нь цаг уурын өөрчлөлт, зөрчилдөөн, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, санхүү, хүнсний баталгаат байдал, жендер ба залуучууд, эрүүл мэндийн үйлчилгээ, уугуул иргэд гэх зэргээр нэрлэж болох маш өргөн хүрээний асуудлуудыг хөндөж эдгээртэй хамаатай олон зүйлийг шийдвэрлэх шаардлагатай болдог салбар юм. 
Нүүдлийн аж ахуйн үйлдвэрлэл нь экосистемийн олон эх үүсвэрээс төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох онцлог боломжтой, чадамжтай салбар юм. 
Нөгөө талаар Нүүдэлчин малчдын өвөрмөц аж байдал, тэдний амьдралын онцлог шинж чанарыг бүрдүүлж буй ус, бэлчээр даган малаа маллан нүүдэллэн явахад байгаль, цаг уураас шалтгаалсан олон бэрхшээлүүд тулгарч байна.
НҮБ-ын ХХААБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч Г.Нямжаргал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, "НҮБ-ын ХХААБ-аас нүүдэлчдэд тулгараад шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тэр дундаа энэ талаархи бодлогыг олон улсын түвшинд хэлэлцэх, зөвшилцөлд хүрэх зайлшгүй шаардалга гарч байгаад анхаарал хандуулж хэд хэдэн санаачилга гарган ажиллаж байна. Үүний нэг нь нүүдэлч малчдын мэдээллийн төв байгуулан цуглуулсан мэдлэг, мэдээлэл, техникийн аргачлал, үнэлгээ, судалгааны үр дүнг системчлэн нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад дэм өгөх зорилготой ажиллаж байна.Ингэснээр мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжихэд тэр дундаа малчидтай хамтран ажилладаг төрийн бус байгууллагын чадавхийг хөгжүүлэхэд өөрийн тавьсан зорилгын хүрээнд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.Энэ төслийг хэрэгжүүлэхэд гурван тивийн гурван улс сонгосны нэг нь Монгол улс бөгөөд Аргентин, Чад улсууд бусад хэрэгжүүлэгч улсууд юм" гэлээ.

ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж "Энэхүү төсөл нь мэдээллийн сан бүрдүүлэх, улмаар бодлого боловсруулагчдыг үнэн зөв мэдээллээр хангах, малчдын санал бодол, эрэлт хэрэгцээг төрийн бодлого шийдвэрт тусгахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Иймд төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд холбогдох төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийг ашиглахаас гадна салбарын чиглэлээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ХХААГ болон Статистикийн газар, сумдын ЗДТГ, Мал эмнэлэг, үржлийн тасгийн үйл ажиллагааг чиглүүлэн хамтран ажиллах боломжтой гэж байна" гэлээ.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь судлаачид, зөвлөхүүдээ чадавхижуулах зорилгоор ХААИС болон бусад эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай мөн Олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажилладаг билээ. Тухайлбал, АНУ-ын Хорнадо эрдэм шинжилгээний байгууллагын санхүүжилттэй “Хот орчмын бэлчээрийн сэргэх чадавхийн судалгаа”, “Баян-Айраг”, “Бороо Гоулд” компаниудтай хамтран “Нутгийн иргэдэд түшиглэсэн уул уурхайн дүйцүүлэн хамгаалах” төсөл, “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Бэлчээр эрдэнэ” төслийг тус тус хэрэгжүүлж байна.

     

http://www.read.mn/a/748

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-13 08:47:36