Нэрт эрдэмтэн, чацаргана судлаач Б. Лааганы тухай “Дарь үнэрлэж чацаргана нүүлгэсэн жилүүд” дуртатгалын номноос авав.

Нэрт эрдэмтэн, чацаргана судлаач Б. Лааганы тухай “Дарь үнэрлэж чацаргана нүүлгэсэн жилүүд” дуртатгалын номноос авав.

“Хилийн доторхи дархан хил”

Аав, хүү хоёр хонио голдуу цугтаа бэлчээнэ. Цастай талаар зурайсан замаар хонь бэлчээр рүүгээ цувна. Өвлийн улиралд хонио бөөн маягаар тууж бэлчээрт нь тууж хүргэдэг, орой болоход мөн л дээрх замаараа тууж харихаа хоньчин хүү ч, хонин сүрэг нь ч андахгүй. Замаас нэг л хонь гарсан байвал хүү буруудна. Аав ч зэмлэнэ. Хэрэв зээ олон хонь замаас гаргаж шинэ бэлчээр тахачсан байвал бүүр хэрэг мандана. Хонь мал яваагүй онгон бэлчээрээ “Бүтэн” гэж баядууд нэрлэнэ. Өвлийн улиралд айлууд бэлчээрийн “хил”-ээ тогтоож элсэн овоо босгоно. Хүйтний хэдэн сард айл болгон “хил” дотроо малаа бэлчээнэ. Өглөө аав нь хонио бэлчээрт цуг явж хүргээд тэр өдрийн хонио идээшлүүлэх газрыг мориор давхин зам гаргаж зааж өгнө. Томчуудын зааж өгсөн тэрхүү “хил”-ийн дотор л сүргээ өнжөөх ёстой. Элбэг өвстэй газарт бол зааж өгсөн газрыг бас дахин хувааж, үдээс өмнө, үдээс хойш гэх маягаар бэлчээрлүүлнэ. Нэгэт мал бэлчсэн газрыг “цараа”, малын хөл хүрээгүй хэсгийг дээр өгүүлсэнчлэн”Бүтэн” гэх аж. Айлууд бие биеийн тэрхүү “Дархан хилийг” хэзээ ч зөрчихгүйг хичээнэ. Зөрчиж гэмээн даруй уулзаж үг хэлээ ололцоно. Удаа дараа зөрчвөл малаар торгох, торгуулахдаа хүрнэ. Бэлчээрийн хуваарь зөрчих нь тун их ичгүүртэй хэрэгт тооцогддог байлаа. Нэг газрын “цараа” нүнжигээ барахаас нааш солих ёсгүй. Түүнийг зөвхөн хотны ахлагч, ганц гэр айлын хувьд өрхийн тэргүүн л мэднэ. Тийнхүү хил дотор нь хонио ээрэн хариулахад олон сайн юм бий. Хонь бөөн, бие биенийхээ илчинд даарахгүй, дэмий гүйж хүчээ барахгүй, бэлчээрийн өвс сэглэж хаяхгүй.

 

Бэлчээрээс хонио тууж ирээд хашаанд заавал оруулна. Энэ нь нөгөө л бэлчээрээ гамнахтай холбоотой. Бэлчээр холын, ойрын гэсэн ялгаатай. Гэрийн гадуурхи бэлчээр ойрын бэлчээрт орно. Өдрийн бэлчээр холынход багтана. Ойр хаяаныхаа бэлчээрийг барчихвал хавар төллөсөн хонь, эцэж турсан төлөг, борлон юу идэх вэ? Нялх хурга ишиг юу идэж өвсөнд орох вэ? Хавар олон хоногоор тэнгэр муухайрч, цас шуурвал хэрхэх вэ? Ийм үед ойрхи бэлчээрээ барчихсан айл яах ч аргагүй. “Бүтэн” гэдэг бол тухайн айлын гол нөөц, хамгийн үнэт хөрөнгө байжээ. Хот айлын хүмүүсээс нэг нь заавал морио аргамжиж хононо. Өглөө болгон “Бүтэн”-гээ эргэнэ. Айлын мал орж уу, “хил зөрчин” ирж хонож уу, зээр гөрөөс ирээд өвсийг нь идчихээгүй биз гэж өглөө эрт шалгана. “Бүтэн”-гээ эргэсэн хүн ирэхэд айлын эзэгтэй нар дөнгөж цайгаа чанаж байдаг байжээ. Малын хөлөөр тахчиж гүйцсэн царигийн цас хамгийн түрүүнд хайлж дороос нь өвс гарч ирнэ. Тэр өвсийг бас үхэр хониндоо хэд хоног идүүлнэ. Баяд түмний малдаа оны тарга хүч авахуулах арга ийнхүү өвөрмөц байж.

“Таван янзын нутгаас

Тариа аваад жаргаарай” гэж энэ нутагынхан ерөөдөг байсан нь учиртай ажээ. Таван янзын нутаг гэж юуг хэлдэг вэ гэвэл:

Нэгд, бөөргийн (толгод, ухаа) өвөлжөөний дэргэдүүр гарсан ногоо, тал, говийн өвс ногоог бууцнаасаа идүүлэх,

Хоёрт, өвөлжөөнөөсөө гарсны дараа голын хөндий дагуу ургасан ширэг өвсөөр малаа цатгах,

Гуравт, хангай руугаа гарч шилийн цоо шинэ ногоо идүүлэх. Гэхдээ Хангайд хужиргүй тул хэд хэдэн тэмээ хужир аваачиж бэлчээрт асгаж өгнө.

Дөрөвт, хангайд хоёр сар орчим болсны дараа говь руугаа эргэж ирнэ. Хоёр сарын дотор говийн өвс сайхан сэргэчихсэн, шим шүүс бүрдчихсэн байна.

Тавд, “таар” идүүлэх гэдэг сүүлчийн шат бий. Таар идсэн мал өвөл турдаггүй , өвчин хууч тусдаггүй, ядрахыг мэдэхгүй болдог. Энэ нь зөвхөн манай нутагт ургадаг олон наст бутлаг ургамал.

Зүүнговийн баядууд цасаар битүү хашаа барьдаг, жигтэйхэн дулаахан тул мал зутрах гэж үгүй, мод чулуу олох гэж зардал түвэг болохгүй. Хавар хайлаад хойтон нь нэг л өдөр бариад өвөлжчих таатай эд байлаа.

Манай аав хуц ухна тавих өдрөө хэнээс ч бус аргаль, янгирын ороо орох үеийг ажиглаж байгаад товлодог байлаа. Уулын онгон сүргийн эзэд ирэх хаврынхаа цаг агаарыг хүнээс илүү мэддэг байсан учраас тэр.

Ийнхүү малын захад өнгөрөөсөн бага нас, аав ээжийн минь амьдралын дууриал надад байгалийн тухай олон ухаарлыг өгсөн юм даа…

НИЙТЭЛСЭН: 2017-11-06 03:59:46