Монголын анхны эмэгтэйчүүдийн хоршоо Баянхонгор аймагт байгуулагдлаа.

Энэ оны 8 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Богд суманд “Малчин эмэгтэйчүүдийн хоршоог байгуулан бизнесийг нь дэмжих замаар малчин өрхийн амьжиргааг дэмжих нь” сэдэвт чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулга уулзалтад Баянхонгор аймгийн 10 сумын 100 малчин эмэгтэй хамрагдав.

Чуулга уулзалтыг нээж Богд сумын засаг дарга Эрдэнэмөнх үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монголын эмэгтэйчүүдийн анхдагч хоршоог Баянхонгор аймагт үүсгэн байгуулах чуулга уулзалтыг Богд суманд зохион байгуулж буй ШХА-ийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийнхөнд талархал илэрхийлээд, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хоршоог байгуулах нь оновчтой хэмээн цохон тэмдэглэв.
 
Чуулга уулзалтын зочин илтгэгчээр Заг сумын засаг дарга Мөнхнасан, Жаргалант сумын “Нутгийн цагаан шим” хоршооны дарга Дашмаа, Жинст сумын өрхийн үйлдвэрлэгч Ширмэнтогоо нар оролцож, “Өөрөө өөртөө эзэн нь байх нь”, “Хоршоо эмэгтэй даргатай байхын давуу тал”, “Өрхийн үйлдвэрлэгч болж хөгжихийн давуу тал” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавив.
 
Уг чуулга уулзалтанд зориулж, УИХ-ын гишүүн Занданшатар мэндчилгээ ирүүлснийг Баянхонгор АБАХ-ны тэргүүн Батчулуун чуулганд оролцогчдод уншиж танилцуулав. Гишүүн Занданшатар уг мэндчилгээндээ чуулганыг зохион байгуулагчдад талархал илэрхийлж, санаачилгыг нь дэмжихээ илэрхийлээд:
 
“...Малчид хөгжиж дэвшихийн үндэс нь хоршиж хамтрах явдал гэдэгт би гүн итгэдэг. Хувийн аж ахуйтай малчид маань бизнес болон өргөжиж, зах зээлд амжилттай өрсөлдөж хөгжиж дэвшихийн үндэс нь итгэл, сэтгэл, зүтгэл, мэдлэг, туршлага, өмч хөрөнгөөрөө хоршиж хамтарч байж 21-р зуунтай хөл нийлүүлж алхах нь дамжиггүй... Орчин үеийн хөгжлийн алхаатай хөл нийлүүлэн Монгол орны эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон хөдөө аж ахуйн салбараа дэмжсэн, малчин өрхийнхөө амьжиргааг сайжруулах талаар арга хэмжээ зохион байгуулж байгаа нь маш зөв шийдэл юм...” 
хэмээжээ.
Чуулганы үндсэн чиглэлийн хүрээнд НАМЭМ төслийн маркетингийн мэргэжилтэн С.Онон “Эмэгтэйчүүдийн хоршоо байгуулах санаачилга, үндэслэл”, “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмэр”, “Өөрийгөө болон бусдыг манлайлах нь”, “Бүтээгдэхүүнээ зах зээлд худалдаалахад юуг анхаарах нь зүйтэй вэ?” сэдвээр илтгэл тавив.
 
Харин МБАНХ-ны хоршоо хариуцсан зөвлөх Н.Баасанхүү “Яагаад хоршоо гэж? Хоршиж бизнес эрхлэхийн ашиг тус” сэдвээр илтгэл тавьж, хоршооны дүрэм, журмыг танилцуулав.
 
Илтгэлийн төгсгөлд оролцогчдыг сум сумаар бүлэг болгон ажиллуулсан ба түүнд сум бүрт гурван бизнес санаа гарган бусдадаа танилцуулах даалгавар өгөв. Сонирхолтой нь сум бүр өөрийн онцлогт тохирсон, хамгийн сайн хийж чадах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг илэрхийлсэн ба түүнд суран эдлэл, арьсан эдлэл, сарлагийн хөөвөр, хонины ноосон гар урлалын бүтээгдэхүүн, цайны ургамал, ханд, цагаан идээ, үрлэн борц зэрэг бүтээгдэхүүнийг дурдав.
 
Түүнчлэн энэхүү эмэгтэйчүүдийн хоршоо нь бий болсны дараа эмэгтэйчүүд хоршооноос ямар гурван үйлчилгээ авахыг хүсэж буйг нь асууж, багаар ажиллуулав. Оролцогчид сургалт, технологийн үйлчилгээ авахаас гадна хамтарч өнчин хүүхэд, ядуу буурай амьжиргаа бүхий иргэдийг энэрэх үйлчилгээ явуулах хүсэлтэйгээ илэрхийлэв. Түүнчлэн гоо сайхны зөвлөгөө авах, жилдээ нэг удаа эмчийн үзлэгт хамрагдах, зөв амьдрах ухааны сургалт зэрэг үйлчилгээ авах хүсэлтээ илэрхийлсэн нь тэмдэглүүштэй байлаа.
 
Чуулганы үеэр илтгэгчдээс бүрдсэн панел хэлэлцүүлэг явуулсан нь орон нутгийн хэмжээнд шинэлэг, сонирхолтой байж чадсан ба оролцогчдын зүгээс асуулт идэвхтэй асуух нөхцөлийг бүрдүүлсэн.
 
Ийнхүү чуулганы үр дүнд Монгол Улсын хувьд анхны эмэгтэйчүүдийн хоршоо Баянхонгор аймагт 60 гишүүн, 11 тэргүүлэгч, 5 хяналтын зөвлөлийн гишүүнтэй байгуулагдаж, хоршооны даргаар Баацагаан сумын малчин Эрдэнэцэцэг, хяналтын зөвлөлийн даргаар Гурванбулаг сумын “Халзан хангайн хишиг” хоршооны дарга Гантөмөр сонгогдов.
 
НИЙТЭЛСЭН: 2017-08-21 13:59:37