Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургууль хоёр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих уг гэрээг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар нар үзэглэлээ.

 

Хамтран ажиллах гэрээ байгуулснаар бэлчээрийн менежментийн чиглэлийн үйл ажиллагааны хамтын ажиллагааг дэмжих аж. Тухайлбал, МБАНХ-ны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд ХААИС-ын бэлчээрийн менежментийн чиглэлээр суралцаж буй боловсон хүчнийг дэмжих, бэлчээрийн чиглэлийн уралдаан тэмцээн зохион байгуулж оролцуулах, Монгол Улсад дадлагаар ажиллагч гадаад оюутнуудыг Бэлчээрийн газрын судалгааны лабораторид дадлагажуулах юм байна.

ХААИС-ын зүгээс МБАНХ болон орон нутгийн байгууллагыг шилдэг залуу, боловсон хүчнээр хангах зэргээр хамтран ажиллах  бол МБАНХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол орны бэлчээрийн үндэсний форумд ХААИС-ийн оюутан залуучуудыг урьж оролцуулах ажээ. Мөн ХААИС-иас зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурлыг дэмжих, МБАНХ-ны гадаад хамтын ажиллагааны хүрээнд баг оюутнуудыг сургалт судалгааны ажилд оролцоход нь дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллах ажээ.

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-23 18:18:31